МАХН-ын ХААЛТТАЙ ХААЛГА нээгдэж байна
2017/12/10
Ахмад гишүүд: МАХН-ын ХААЛТТАЙ ХААЛГА нээгдэж байна
Өчигдөр шөнө МАХН-ын II дугаар их хурал болж намын дүрэм, журмаа өөрчлөн шинэчилж, гишүүд санал хураалт явуулж олонхийн саналаар намын даргаараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүг сонгосон юм. Харамсалтай нь МАХН-ын 800 гаруй гишүүний эл үйлдэл Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүст таалагдсангүй. Хурал болох гэж буй сургаар элдэв янзын хавчлага дарамт явуулж, хуралдаанд оролцох гэж буй хүмүүсийн биед халдаж, үг хэлээр доромжилж байсныг гэрчлэх олон баримт үлджээ. Өөрөөр хэлбэл, намын жирийн гишүүдийг талцуулж хэвлэл мэдээллийн зарим сувгаар элдэв янзын мэдээлэл тарааж багагүй үймээн үүсгээд авав. Төрийн хамгаалалт өндөржиж, цагдаагийн байгууллагынхан ордны эргэн тойрныг бүсэлж жирийн гишүүд хамгаалсан байдалтай 24 цаг өнгөрөв.
Гэвч намын намынхаа цаашдын хөгжлийн төлөө гэсэн хүсэл эрмэлзэлтэй жирийн гишүүд нь Н.Энхбаяр даргынхаа “явуулга”-ыг үл тоож хуралдаанаа амжилттай зохион байгуулав. Ямарваа намын хурал зөвлөгөөн болохоор ширүүн маргаантай, хоорондоо санал зөрөлцсөн байдалтай болдог бол энэхүү хуралдаан эв түнжинтэй нэгэн зорилго дор нэгдэж чадсанаараа онцлог боллоо.
Намын бодлого, дүрэм, журмаа шинэчилж, илүү зорилт зорилготой болж, хаалттай хаалганы үүд өнөөдрөөс нээгдэж байна гэдгийг энэ үеэр Их хурлын ахмад гишүүд онцолж байв.
Залуусын төлөөлөл: Хууль бус хурал юм болж ШОУ хийлгүй, хуулийн байгууллагадаа ханд
МАХН-ыг эмээ, өвөө нарын нам гэж ёжлох нь бий. Энэ үг үнэний ортой. Залуу, чадварлаг боловсон хүчнүүд МАХН-ыг сонгох нь тун ховор. Учир нь намын бодлого, мөрийн хөтөлбөр, дүрэм журам, үзэл бодолтой санал нийлдэггүйтэй холбоотой. Харин энэ удаагийн намын шинэчлэлд намын залуу үеийн төлөөлөл баяртай байна. Тэд намынхаа бүх бугшсан, дарагдсан зүйлийг ил болгож “Шилэн” нам байгуулах хүсэлтэй байна хэмээж байлаа. Мөн хуульч гишүүн хууль бус хурал хийнэ гэж юу байхав. Үнэхээр хууль бус гэж байгаа бол хэвлэл мэдээлэл ашиглаж шоудалгүй хуулийн байгууллагад нь шалгуулах хэрэгтэй. Шинэчлэл ярьж байгаа ганц хүнрүү дайрч боорлодог эл үйлдлээ одоо эцэслэх хэрэгтэй гэж МАХН-ын залуу гишүүд хэлж байлаа.
О.Баасанхүүд зохиомол жүжиг тоглох шаардлага бий юу?
Зохиомол жүжиг хэн хамгийн сайн тавьж чадах вэ гэдгийг Монголын ард түмэн дүлий, сохор бас тэнэг биш болохоороо харж, сонсч, мэдэж байгаа. Гэтэл энэ үгийг МАХН-ын дэд дарга С.Ганбаатар УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандан хэлэв. Хэрэв зохиомол жүжиг тавьж байгаа бол зохиомол жүжигт оролцохоор ирж байгаа намын зуу, зуун гишүүн юу болж хувирах вэ. Хэтэрхий дохуурхаж, доромжилж байгаа бус уу. Мэдээж түүний энэ үйлдэлд намын жирийн гишүүд бухимдаж, дургүйцлээ илэрхийлэв. Тэд С.Ганбаатараас зөрүүлээд ам асууж байлаа. Харамсалтай нь С.Ганбаатар “Хүний олон хүнээ барьж иддэггүй шүү” гэсээр Төрийн ордныг орхин гарав. Энэ бол үдийн 13.00 цагийн үед болсон явдал. Үүнээс хойш Их хуралдаан шөнийн 00.00 цаг хүртэл үргэлжилж хэлэлцэх ёстой асуудлуудаа шийдвэрлэлээ.
МАХН-ын ХААЛТТАЙ ХААЛГА нээгдэж байна