Н.Цэрэнбат: Монгол нутгийн минь тэнгэр нь цэлмэг, хөрс нь ариун, ус нь цэнгэг, хүн ард нь тэнүүн жаргалтай байх болтугай
2017/12/16
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойн баярын хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Эрхэм Шадар сайд аа,
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсад Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны нэгдсэн тогтолцоо бүрэлдэж, Байгаль орчны яам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан эх байгалиа хамгаалах ариун үйлсэд хамтдаа хүчин зүтгэж ирсэн үе үеийн ажилтан, албан хаагч байгаль хамгаалагчид болон өнөөдрийн хүндэтгэлийн хуралд уригдан оролцож байгаа хүндэт зочид Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье!
Манай баярын хуралд чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлье.
Монголчууд бид байгалиа түшиж үр өгөөжийг нь хүртэн амьдрал ахуйгаа тэтгэж ирсэн, байгалиа хамгаалах, зохистой ашиглах арвин өв уламжлалтай ард түмэн билээ. Иймд өнөөдрийн энэ түүхт ойн өдөр нь салбарын төдийгүй эх болсон байгаль дэлхий, газар нутгаа хамгаалахын төлөө зүрх сэтгэлээ зориулж, гар бие оролцож ирсэн хүн бүхэнд хамаатай тэмдэглэлт өдөр юм.
Монгол Улс байгалийн унаган төрхөө харьцангүй хэвээр хадгалж үлдсэн дэлхийн цөөн орны нэг боловч байгаль, цаг агаарын хувьсал өөрчлөлтөөс гадна сүүлийн нэгэн жаранд өрнөсөн бүтээн байгуулалт, үйлдвэржилт, хотжилтын нөлөөгөөр байгаль орчин доройтох, бохирдох, улмаар экосистемийн тэнцвэрт байдал алдагдах сорилт 1970-аад оноос хойш эрчимтэйгээр гарч эхэлсэн.
Монгол Улсын төр засгаас байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийн хомсдол, орчны бохирдлоос сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага байгуулах шаардлага бий болсныг дүгнэн үзэж, БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 169 дүгээр зарлигаар “Байгаль орчныг хамгаалах яам”-ыг байгуулсан нь дотоодын нөхцөл байдал болон дэлхий нийтийн хөгжлийн хандлагатай уялдуулан гаргасан, ирээдүйгээ зөв харсан чухал шийдвэр болсон.