Утга зохиол судлаач, Төвдөч эрдэмтэн "Лхамсүрэнгийн Хүрэлбаатар" номын нээлт утга төгөлдөр сайхан боллоо. Номын нээлтэд МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоо, доктор профессор С.Байгальсайхан, Л.Хүрэлбаатар агсантай олон жил мөр зэрэгцэн эрдэм шинжилгээний ажил дээр хамтран зүтгэсэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Шинжлэх ухааны академийн Хил зохиолын хүрээлэнгийнхэн болоод журмын анд нөхөр, гэр бүлийнхэн, шавь нар нь хүрэлцэн ирсэн юм.
Мөн номыг эмхэтгэн редакторласан доктор профессор, яруу найрагч Х.Сүглэгмаагийн уран бүтээлийн анд нөхөд болох төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, уран зохиол судлаач, сэтгүүлч яруу найрагч Ц.Хулан зэрэг олон сайхан хүмүүс ирж Л.Хүрэлбаатар гуайн тухай, түүний уран бүтээлийн талаар хэзээ ч хуучрашгүй түүх дурсамжаасаа хуваалцлаа.
Түүнчлэн Л.Хүрэлбаатар агсантай МУИС-ын Монгол хэл, уран зохиолын ангид хамт суралцаж байсан ангийнх нь нөхөр н.Дамдиндорж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, уран зохиол судлаач, сэтгүүлч До.Цэнджав, н.Баттөр, н.Мөнх-Оргил, Ганболд, Нарантуяа, н.Дэнсмаа зэрэг докторууд болоод утга зохиол судлаач н.Батжавхлан, номын редактороор ажилласан МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цэдэв зэрэг олон гайхалтай зочид шинэхэн номоо өлгийдөн авах ховорхон агшныг бүтээлцлээ.
Улаанбаатар Их сургуулийн ректор, ШУ-ны доктор профессор Д.Байгальсайхан: Монголын утга зохиол судлалд үнэнтэй хувь нэмэр оруулах ном гарч байна
Хүрэлбаатар багш маань амьд ахуйдаа олон ном хэвлэсэн. Мөн хэвлүүлэхээр бэлтгэсэн хэд, хэдэн ном бий. Тиймээс энэ хэдэн номыг хэвлүүлэх талаар бид сүүлийн хэдэн жил ярилцаад энэ жил эхний ботийг нь гаргаж байна. Манай ихэнх судлаачид, ялангуай сурвалж бичиг, эртний утга зохиол, хэл бичиг судлаачид “XX-р зууны уран зохиол гэж дэмий юм байх шиг байна” гэж ярьдаг. Харин Хүрэлбаатар гуай бол “XX-р зууны уран зохиол бол дэмий юм биш. Зууны бүхэл бүтэн ард түмний түүх соёл мөн юм аа” гээд “XX-р зууны уран зохиол”-д зориулсан олон арван шилдэг сайн өгүүлэл, шүүмж бичсэн байдаг. Төвд хэл, Дундад зууны уран зохиол, сурвалж бичиг судалдаг улсуудаас анх удаа ингэж дуугарч, бичиж үлдээсэн хүн. Энэ талаар нь ч номонд дурьдагдсанаараа онцлог юм. Харин номын бүтэц, агуулгыг мань эр өөрөө Да багшийн ойгоор “Цэндийн Дамдинсүрэн” гэж гаргасан номтойгоо агуулга, хэлбрээрээ яг адилханаар гаргах гээд бэлтгэчихсэн байж байгаад амжаагүй явчихсан. Үүнээс хойш яг тэр хэвээр нь зарим зүйлийг нь хянаж үзсэний эцэст ийнхүү гаргаж байна. Энэ ном бол Төвд хэл, эртний утга зохиол төдийгүй Монголын XX-р зууны уран зохиол, шинэ үеийн зохиолчдын яруу найргийн сэтгэлгээний онцлог, уламжлал шинэчлэлийн харилцааг судалгаа шинжилгээний үүднээс нилээн тод томруун харуулж өгсөн. Тэгэхээр Монголын эрт, эдүгээгийн аль алинд нь утга зохиол судлалын үнэтэй хувь нэмэр оруулах ийм ном гарч байна гэж хэлэхэд таатай байна.
МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цэдэв: “Лхамсүрэнгийн Хүрэлбаатар” ном нь түүний бидэнд үлдээсэн том ӨВ
Өнөөдөр Монголын нэртэй эрдэмтэн Л.Хүрэлбаатарын шинэ номын нээлтэд хүрэлцэн ирээд байна. Миний бие Хүрэлбаатартай олон жил хамт ажиллаж, “Сонгодог уламжлал монгол яруу найраг” 1969, “Сайн үгсийн сан” 2006, “Дорно цаст” 2009 зэрэг гурван номонд шүүгчээр ажиллаж, тэр зохиолуудаа яаж сонгож оруулахав, юуг нь оруулж, үлдээх вэ гэж үнэн сэтгэлээсээ харилцан зөвлөлдөж хийсэн байдаг. Тийм учраас эдгээр номыг би маш нарийн уншиж Хүрэлбаатар доктор бусад эрдэмтдээс юугаараа ялгарах хүн бэ гэдэг асуултыг өөртөө хэдэн удаа тавьж байлаа. Хүрэлбаатар бол Монголын утга зохиолыг Энэтхэг, Төвд, Дорно дахины уламжлалт утга зохиолтой харилцаа холбоон дунд нь судлаж үзсэнээрээ их онцлог юм. Хүрэлбаатарын судалгааг үзэхэд, урьд өмнө судалгааны хүрээнд оруулаагүй маш олон эх бичгийг эрдэмтдийн өмнө гарган тавьсаны зэрэгцээгээр хуучин аль нэгэн орны эрдэмтэн судалсан боловч түүнд шинэ үнэлэлт дүгнэлтийг өгч, түүгээрээ бусад эрдэмтдийн судалгаанаас ялгарах онцлог нь тодорч байсан. Энэ удаа Хүрэлбаатарын олон бүлгээс бүтсэн номонд Хүрэлбаатарын урьд өмнө хэвлэгдээгүй бүтээл, эрдэмтдийн үнэлгээ, шавь нарынх нь дурсамж дурьдатгал зэргийг багтаасанаараа мөн онцлог юм. Энэхүү номноос Хүрэлбаатар эрдэмтэн гадаад дотоодын эрдэмтэн судлаачдад яаж үнэлэгдэж байв, Төвд хэл монгол судлад ямар хувь нэмэр оруулсан бэ гэдгийг тод харуулах юм. Үүнээс гадна “Лхамсүрэнгийн Хүрэлбаатар” ном нь түүний бидэнд үлдээсэн том өв юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хүрэлбаатар доктор бол Заназбазар судлаачид дотроо тэргүүн эгнээнд байдаг хүн
1980-иад оны сүүл, 90-иэд оны эхэн үед Хүрэлбаатар доктортой танилцах завшаан надад тохиосон. Үүнээс хойш Хүрэлбаатар докторын амт шимттэй яриаг нь сонсож, заримдаа гэрийн зүг зам нийлдэг байв. Манайх нэгдүгээр хорооллын 32-р байранд, Хүрлээ докторынх 14-р байранд байсан учраас Офицеруудын ордноос троллейбуст суугаад замдаа яриа дуусахгүй явдаг сайхан дурсамж үлджээ. Манайд орж ирэхээрээ өвөг дээдсийн өвлүүлсэн утаа суусан судар номыг маань тоосолж өгдөг хүн байсан. Хүрэлбаатар доктор судар болгоныг маань тоосолж өгөөд, утга учрыг нь тайлбарладаг байж билээ.
Хүрлээ доктор бол Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний түүхт 360 жилийн ойг ёслон тэмдэглэх ажилд эрдэм номны, үзэл санааны удирдагчаар оролцож байсан гавьяатай хүн байгаа юм. Өндөр гэгээн Занабазарыг зөвхөн урлаг талаас нь яриад байсан бол Хүрэлбаатар доктор шашны түүхэнд болон Монгол Улсын түүхэнд үүсгэсэн үүрэг талаас нь маш тод томруун авч үзсэн. Тиймээс би түүнийг хамгийн хүндэт буюу Заназбазар судлаачид дотроо тэргүүн эгнээнд байдаг хүн гэж боддог. 1996 онд “Огторгуйн цагаан гарьд-I” номоо хэвлэлтнээс дөнгөж авмагцаа Төрийн ордны гадаа намайг дуудаж гаргаад өргөн барьсан. Гартаа хоёрыг барьчихаад би яг хэвлэлтнээс аваад явж байна гэж хэлж байсан. Би үүнд нь маш их баярлаж, дээдэлж, энэ цагаас хойш “Огторгуйн цагаан гарьд” ном миний хувьд судар номтой адилхан ном болж үлдсэн.
Хүрэлбаатар докторын бичиж үлдээсэн энэхүү өвийг манай залуу үеийн судлаач, уран зохиол сонирхогчид, түүх судлаачид эх оронч үзлээр иргэдээ хүмүүжүүлэхэд маш ач холбогдолтой, нэн арвин алт шижирийн эрдэнэс юм.
Сэтгэгдэл байхгүй байна