• 1,3 сая тун шүлхийн вакцин ОХУ-аас хүлээн авч вакцинжуулна

    1,3 сая тун шүлхийн вакцин ОХУ-аас хүлээн авч вакцинжуулна

    Мал, амьтны гоц халдварт өвчин нь дан ганц Монгол Улсын асуудал биш дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд малын гоц халдварт өвчин голомтлон гарч, эдийн засгийн үлэмж хохирол учруулсаар байна. Жил бүр гоц халдварт өвчний тохиолдол нэмэгдэж, шинээр өвчин бүртгэгдэж байгаа нь уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох, гоц халдварт өвчин оношлогдсны дараа биш өмнө зохион байгуулалттайгаар сэргийлдэг, эрсдлийг бууруулдаг байх шаардлага бидний өмнө тулгарч байна. Энэ нь олон улсын худалдаанд хориг саад болж, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг хааж, улс орон, аймаг сумын эдийн засагт төдийгүй малчдын орлого, амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2017 оны 06 дугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон олон улсын эдийн засгийн 21 дүгээр чуулганд оролцох үеэр “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсад 4 сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Ийнхүү хэлэлцээрт гарын үэсэг зурснаар Оросын Холбооны улсын “Холбооны Малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх О, А хэвшлийн тосон хүчлүүртэй вакцин нийт 4 119,20 мянган тунг нийлүүлэх юм. Үүний эхний хэсэг болох 1,300,700 (нэг сая хоёр зуун наян мянга долоон зуу) тун вакциныг өнөөдөр /2017.07.31 / хүлээн авч байна.

    Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн захирал Б.Ганзориг, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын зөвлөх А.И.Николаевич, ОХУ-ын Бүх Оросын мал амьтан хамгаалах холбооны төвийн шүлхийн вакцин үйлдвэрлэх төвийн дарга Д.В.Михайлншин нарын төлөөлөл оролцов.

    Эхний ээлжинд нийлүүлэгдсэн вакцинаар төвийн, зүүн бүсийн голомт, сэжигтэй, хамгаалалтын бүсийн мэдрэмтгий малыг вакцинжуулахаар төлөвлөөд байна. Цаашид үлдсэн вакциныг тодорхой үе шаттайгаар Монгол улсад нийлүүлэх ажлыг ОХУ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран зохион байгуулах болно.
  • Орчуулгын уралдааны шилдгүүд шагналаа гардлаа

    Орчуулгын уралдааны шилдгүүд шагналаа гардлаа

    Жил бүр шинэ үеийн залуу орчуулагч нарын дунд зохион байгуулдаг ”Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан” энэ жил амжилттай болж өндөрлөлөө. Монголын орчуулагчдын эвлэлийн уламжлалт ажил юм.

    Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү уралдаанд 30 гаруй залуус орчуулсан бүтээлээ ирүүлснээс шилдэг 22 залуу орчуулагчдын 29 өгүүллэгийг ”Сонгодог өгүүллэгийн дээжис-4” номонд эмхэтгэн оруулсан юм. Монголын томоохон шатахуун импортлогч ”М-Ойл” групп ивээн тэтгэж хэвлүүлсэн энэхүү номын нээлт ”Азхур” номын их дэлгүүрт боллоо.

    Нээлтийн үеэр уралдааны дүнг танилцуулж, байр эзэлсэн шилдэг орчуулагчдад шагнал гардуулав. Энэ жилийн ”Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан”-д оролцогчдоос Тэргүүн, Дэд, Гутгаар байраас гадна гурван Тусгай байрыг шалгаруулсан билээ.

    Ийнхүү Тусгай байрын шагналыг Г.Сүрэн, Г.Сугиррагчаа, Д.Золбоо нар хүртсэн байна.

    Харин гуравдугаар байрыг Ц.Эрдэнэцэцэг, хоёрдугаар байрыг Д.Ариунболд, тэргүүн байрыг Мө.Батбаяр нар эзэлж, шагналаа гардан авлаа.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх, бүс нутгийн IV их хурлын бэлтгэл ажил эхэллээ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх, бүс нутгийн IV их хурлын бэлтгэл ажил эхэллээ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх асуудлаар Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр их хурал манай улсад болно. 2019 онд зохион байгуулах их хурлын бэлтгэлийг өнөөдрөөс эхлүүлж, анхны уулзалтыг хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн, ЖАЙКА болон бусад олон улсын байгууллагууд, ТББ-ын төлөөллүүд уулзалтад оролцож байна.

    Ази, Номхон далайн бүс нутагт 57 орон багтдаг ба ойролцоогоор 650 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэх баримт бий. Дээрх орнуудаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх сүлжээнд 37 орон гишүүнээр элссэн байдаг тухай уг сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани хэлж байна. Уулзалтыг нээж ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын зүгээс баримталж буй бодлого, УИХ-аас батлан хэрэгжүүлж буй хууль, баримт бичгүүдийн талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. 2009 онд манай улс “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид нэгдэж орсон. Улмаар 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа билээ.



    Манай улс 4 дүгээр их хурлыг “Бизнест хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах” уриатай зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд, бүс нутгийн орнуудаас 200 гаруй төлөөлөгч ирэх бөгөөд Монгол Улсын 21 аймаг, дүүргээс ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон улсын байгууллага, ТББ-ын төлөөллийг тэгш хамруулахыг зорьж байгаа юм. Ирэх хоёр жилийн хугацаанд зохион байгуулалтыг Засгийн газрын түвшинд анхаарч ажиллана гэдгийг уулзалтын үеэр тодотгож байв.

    Их хурал нь анх 2008 онд Тайландын Бангкок хотод болж 53 орны 600 гаруй иргэн оролцжээ. Дараагийн их хурал 2011 онд Филлипиний Манила хотод “Хүн бүрийг хамт олонтой болгоно” сэдвийн дор нэгдсэн бол гуравдугаар их хурал 2015 онд Японы Токиод “Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд” сэдвийн дор зохион байгуулагдсан. Тэгвэл 2019 оны гол сэдэв нь “Бизнест хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах” тухай. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүндэтгэж, ижил тэгш хэмжээнд авч үзэх, улмаар ажлын байранд хамруулж, ядуурлыг бууруулахад чиглэж байна.



    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжих, хамт олонд хамруулан хөгжүүлэх хандлага ч олон улсад хэдийнээ түгэн дэлгэрсэн. Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Аки Ниномия “Disability Inclusive Business” буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулсан бизнесийн талаар ярьж байлаа. Тайланд, Вьетнам, Япон зэрэг оронд амжилттай хэрэгжиж буй DIB олон бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүнсний үйлдвэрт, модны үйлдвэрт маш олноороо ажиллаж харилцан бие биенийхээ бизнесийг өргөжүүлэхэд тусалдаг. Үүнээс гадна тухайн орны төр, Засгийн газар, үндэстэн дамнасан томоохон корпорациуд нь DIB-ийн бараа, бүтээгдэхүүнийг түлхүү захиалан хэрэглэж, дэмждэг тухай бодит жишээ хэлж байв. Энэ ч утгаараа Монгол Улс дөрөвдүгээр их хурлыг зохион байгуулагчийн хувьд амжилттай хэрэгжиж буй DIB төслүүдийн олон жишээ гаргаж, бүс нутагтаа сурталчлаасай гэж хүсч байлаа.

    Бэлтгэл ажлын уулзалт маргааш /7-р сарын 28-нд/ үргэлжилнэ.
  • Ургацын урьдчилсан баланс 8 дугаар сарын 18-ны дотор гарна

    Ургацын урьдчилсан баланс 8 дугаар сарын 18-ны дотор гарна

    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахтай холбогдуулан аймгуудын Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай өнөөдөр /2017.07.27 /цахим хурлыг хийж үүрэг даалгавар өглөө. Энэ удаагийн хурлаар аймгуудын зуншлага, Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолын дагуу авсан арга хэмжээний талаар, аймгийн аюулгүй нөөцөд бэлэн байгаа өвс, тэжээл, өөрийн аймагт хадлан бэлтгэх боломжгүй бол аюулгүйн нөөцийн өвс, тэжээл худалдан авахаар төлөвлөж байгаа аймаг сумын мэдээлэл, аймаг сумдын нутаг, улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газар, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт малын отор нүүдэл хийх, зах зээлд нийлүүлэх боломжтой малын тоо, 2017-2018 онд өвөлжих малын тоо, өвөлжилтийн байдал, малын өвчлөл, ургацын байдалтай холбогдуулан Засгийн газарт тавих саналыг зэргийг хөндсөн юм.

    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн тавдугаар сард олон жилийн дунджаас 2.2 хэмээр, зургадугаар сард 2.8 градусаар дулаан байсан нь 1960 оноос хойш ажиглагдаагүй их халуун болсон тухай мэдээлэл гаргасан. Мөн 7 дугаар сарын 20-ны байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар буюу нийт 50 гаруй суманд гандуу байна гэсэн гангийн үнэлгээ хийсэн. Яаманд аймгуудын ХХААГазруудаас ирүүлсэн мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна. Улсын хэмжээнд 2016 оны эцэст 61.5 сая толгой мал тоологдсон бөгөөд оны эхний хагас жилд 21.9 сая төл бойжиж байна. Энэ жил улсын хэмжээнд 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоог гаргаад байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол гаргуулж биелэлтийг хангуулахаар Аймаг, нийслэлийн ХХААГ-д албан даалгавар хүргүүлж биелэлтийг гаргаж ажиллаж байна” гэв.




    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П. Сэргэлэн орон нутгийн удирдлага, Хөдөө аж ахуй газрын дарга нарт дараах үүрэг даалгаварыг өгсөн юм.

    1.Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу Хөдөө аж ахуйн салбарын 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах, байгаль цаг уурын болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баталж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,

    2.Хадлангийн нөөцгүй гантай байгаа аймгууд хадлангийн нөөцтэй аймаг, сумын удирдлагуудтай харилцан тохиролцож хадлан бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, /энэ жил байгалийн хадлан өвс, тэжээл экспортлохыг хориглосон тул зүүн аймгуудын ААН-үүдыг дотоодын зах зээлд нийлүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах/

    3.Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газруудад отроор өвөлжих малчин өрх, малын тоог тодорхой гаргаж холбогдох газруудад хүсэлт гаргаж, гэрээ байгуулан малчдыг отроор өвөлжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх,

    4.Дотоодын зах зээл дээрх махны үнийг тогтворжуулах, дотоод хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа нөөцийг эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулан эрүүл бүсчлэл бий болгон мах бэлтгэн экспортод гаргадаг аж ахуйн нэгжүүдийг дэмжих,

    5. Мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж аймаг, сум дамжуулан отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхэд нь дэмжиж ажиллах

    6.Малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн аймгийн аж ахуйн нэгжүүдээс аймаг, сумынхаа нөөц бүрдүүлж малчиддаа хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авах,

    7.Улсын төсвийн 2017 оны тодотголын хөрөнгө оруулалтаар батлагдсан инженерийн хийцтэй худаг барьж байгуулах ажлыг ХХААХҮСайдын А/74 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу 10 дугаар сард багтааж хүлээн авах,

    8.Малын гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, удирдлага зохион байгуулалт, арга зүй, заавар зөвлөмж, туслах хүн, хүчээр хангаж, гүйцэтгэлийн хяналт, үр дүнг дээшлүүлж ажиллах;

    9.Мал сүргийг зун, намрын угаалгад бүрэн хамруулж, өвчтэй мал байсан болон хил залгаа нутгийн нийт хот бууц, хашаа хороог ариутган халдваргүйжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд Засаг даргын шийдвэр гарган 10 сард компанит ажил болгон зохион байгуулах;

    10.Харъяа нутаг дэвсгэртээ байгаа мал сүргийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулан малын гоц халдварт өвчний тандалт, шинжилгээ, дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, гоц халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх ухуулга, сургалт, сурталчилгааны ажлыг тогтмолжуулах, орон нутгийн болон хил залгаа нутагт дахь ард иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх;

    11.Ургацын урьдчилсан балансыг 8 дугаар сарын 18-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах, хураах арга технологийг боловсруулах,

    12.Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, намхан тачир, алаг цоог болцтой тариаг хаягдалгүй хураахад зориулсан техник тоног төхөөрөмжийг тоноглож бэлэн байдлыг хангаж ажиллах,

    13.Ургац хураалтад ажиллах хүн хүчний тооцоог гаргаж захиалгаа өгөх, техник, тоног төхөөрөмж, зоорь, агуулах, үтрэмийн засвар үйлчилгээг шуурхайлж бэлэн байдлыг хангах,

    14.Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн бүр дотоодын ургацаасаа боловсруулж бэлтгэсэн уриншиндаа хүрэлцэхүйц хэмжээний үрийн буудайн нөөц бүрдүүлэх
  • Хүр эрвээхэйн идэвхижил ихэсчээ

    Хүр эрвээхэйн идэвхижил ихэсчээ

    Хүр эрвээхэйн идэвхижил ихэсчээ
    Өнөөдөр 10 цаг 14 минут
    Өрөөсгөл хүр эрвээхэйн эмэгчин нь биеэр том, цагаан шаргалдуу өнгөтэй, дээд далавчин дээрээ хар, шар бараан өнгүүд хосолсон долгиотсон хөндлөн зураастай. Эрэгчин эрвээхэй жижигхэн, шаргалдуу бор шаргал өнгөтэй, урд далавчин дээрэй олон өнгөөс бүрэлдсэн бараан хөндлөн судлуудтай. 8-р сарын дунд үеэс үй олноороо нисэн эвцэлдээнд орж 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр өндөгөө хад асга, байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахан тэндээ өвөлжинө.

    Онцлох шинж:

    Өндөг, хүрэнцэр, хүүхэлдэй, эрвээхэй гэсэн үе шатуудыг дамждаг, бүрэн хувиралтай, амьдралын нэг жилийн мөчлөгтэй шавж юм.
    Гэрэлд дуртай
    Шөнийн идэвхтэй /22:00-02:00/
    Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг
    Бие гүйцсэн өрөөсгөл хүр эрвээхий 14 орчим хоног нисээд үр төлөө үлдээх таатай газрыг олж өндөглөөд үхдэг.
    Ихэнх тохиолдолд уулын энгэрт дулаан нарлаг газар хаданд өндөглөдөг. Зарим жил элбэгшсэн үедээ байшингийн хана, гэрийн туурганд өндөглөх нь байдаг.
    Нүүдэллэх нь хугацаа нь 7-10 хоног хүртэл үргэлжилдэг.

    Хор хөнөөл:

    Хүрэнцэрийн үе шатандаа 300 гаруй төрлийн мод, бут сөөгөөр хооллон хөнөөл учруулдаг навч шилмүүсний гол хөнөөлт шавжийн нэг юм.
    Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх магадлалтай тул болгоомжлох

    Урьдчилан сэргийлэлт:

    Идэвхитэй цагуудад нь тагт,цонхоо хаах
    Цонх, тагтандаа хамгаалалтын тор хийх
    Өндөг шахах боломжтой газруудыг сайтар шалгаж байх
    Өндөглөсөн гаүруудыг яаралтай устгах
    Нүцгэн гараараа биенд нь хүрэхгүй байх
    Шөнийн цагаар хурц гэрэл асаахгүй байх
    Бие гүйцсэн өрөөсгөл эрвээхэйг устгах

    Модны навч, шимлүүсээр хооллох үе шатанд нь агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар, бие гүйцсэн эрвээхэй үе шатанд нь феромонт болон гэрлэн урхи ашиглан тоо толгойн нягтшилтыг бууруулдаг.

    Бие гүйцсэн эрвээхэйг устгах:

    Ажлын бээлий өмсөх
    Амны хаалт хэрэглэх
    Нүдний шил зүүх
    Эрвээхэй хийх сав
    Хүрз
    Ажлын хувцас өмсөх
    Ихээр цугласан эрвээхэйг хүрзээр шуудайнд хийх
    Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булах
    Булах нүхний хэмжээ нь устгах эрвээхэйн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд газрын гадаргаас 20-30см доор булсан байна.

    Авгалдайг устгах арга

    Гэрийн туурга, байшингийн хананы завсар өндөгөө шахсан бол бие гүйцэхээс нь өмнө устгаххэрэгтэй.
    Бээлийтэй гар эсвэл төмөр, модоор авгалдайг хусч аваад шатаах хэрэгтэй.
    Угаалгын нунтагтай усаар угаах

    Хүрэнцэр бор саарал өнгөтэй бүх бие нь үсээр гучигдсан бөгөөд цээжин биеийн эхний 6 цагираг дээр хөх, бусад дээр нь тод улаан товгорууд байна. Өвөлжсөн өндөгнөөс хавар 5-р сард эхний хүрэнцэрүүд гарч ирэн аль залуу модны навч, нахиагаар хооллох бөгөөд олширсон жилдээ модонд нэгч навч, шилмүүс үлдээлгүй иддэг. Хүрэнцэр 40-50 хоногийн туршид амьдрах хугацаандаа эр хүрэнцэр 5 удаа, эм нь 6 удаа гуужин өснө.
  • Ойрын өдрүүдэд өдөртөө хална

    Ойрын өдрүүдэд өдөртөө хална

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
    Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүсч, өдөртөө ихэнх нутгаар хална.

    2017 оны 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    29-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 8 дугаар сарын 1-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр ширүүснэ. Өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 35-40 градус, Орхон-Сэлэнгийн сав, говь болон зүүн аймгуудын нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.
  • М.Анхцэцэг Азийн хошой аварга боллоо

    М.Анхцэцэг Азийн хошой аварга боллоо

    Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал улсад болж байна.

    Энэхүү тэмцээнд Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг 75 кг-ийн жинд гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болжээ. Мөн ОУХМ Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль хүртэж анх удаагаа Азийн аварга боллоо.

    Харин 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бөгөөд ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт орсон байна. Монголын баг тамирчдыг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулан оролцож байгаа юм.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025