• ОХУ-ын иргэн Баяннуурт осолджээ

    ОХУ-ын иргэн Баяннуурт осолджээ

    Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд ОХУ-н иргэн Черняев Вадим Анатольевич /46 настай, эрэгтэй/ живж, осолдсон тухай дуудлага 2017.08.06-ны 10:58 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

    Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч 2 автомашин 2 завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас 4 алба хаагч, 1 автомашинтай, сум орон нутгаас 3 иргэн 1 автомашинтай, Цагдаагийн газраас 8 алба хаагч нийт 28 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр нууранд эрэн хайх ажиллагаа явуулсан.

    Уг эрлийн ажиллагааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар удирдан тав хоногийн хугацаанд явуулж, цогцсыг 2017.08.11-ний 09:15 цагт нуурын эргээс 1,5км зайтай, 12м гүнд хөвж явсаныг олж гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Улсын дугаарын оронд утасны дугаараа байрлуулсан жолоочийг торгожээ

    Улсын дугаарын оронд утасны дугаараа байрлуулсан жолоочийг торгожээ

    Замын цагдаагийн албаны цахим хуудсанд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Altansukh Dovdon-оос ирүүлсэн ”Тээврийн хэрэгслийн улсын дугаарын арын хэсэгт улсын дугаар бус утасны дугаар байрлуулсан байна” гэх мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

    Дээрх тээврийн хэрэгслийг илрүүлж зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дах хэсэгт ”Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчлийг газар дээр нь арилгуулж, 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийн 2 оноо хасаж хариуцлага тооцлоо.

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллаж байгаа иргэддээ баярлалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
  • Б.Нармандах өсвөрийн ДАШТ-ий хошой медальтан боллоо

    Б.Нармандах өсвөрийн ДАШТ-ий хошой медальтан боллоо

    ”Сантьяго-2017” жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -60кг-д Б.Нармандах хүрэл медаль хүртжээ. Тэрбээр 2015 оны өсвөрийн ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил өсвөрийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртсэн бол дэлхийн аваргад ийнхүү Монголын анхны медалийг авчирч буй юм.

    Эхний тойрогтоо хийлж Узбекстаны Зафарбек Урманалиевийг хоёр вазари авч илүүрхэн ялж улмаар Канадын Де Жесус Донтаег вазаригаар ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Луигиг хоёр вазаригаар хожиж яваад барилдааны төгсгөлд нь иппон буулгасан.

    Хагас шигшээд Казахстаны Салимбайев Нурзатад цэвэр ялагдаад хүрэл медалийн төлөө Украйны Черновыг вазари үнэлгээгээр ялжээ.
  • Зайсан, X хороолол орчмоор цахилгаан хязгаарлана

    Зайсан, X хороолол орчмоор цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний баасан гарагт дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

    Баянзүрх дүүрэг

    09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд,

    10:00-16:00 цагт: 1-р хороо 22, 23, 24, 25, 30-р байр Хайрхан СӨХ, Билэгтвай, Тэлмүүнлхам констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

    Баянгол дүүрэг

    09:30-17:00 цагт: 6-р хороо 10-р хороолол 12А, Б, 13, 15, И31-р байр болон эдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул дүүрэг

    09:30-17:00 цагт: 11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор,

    Сонгинохайрхан дүүрэг

    10:00-11:00 цагт: 21-р хороо иргэн Нацагдорж, Ганболд, Уянга, Сүүн сувилал, Ногоон толгой, Шархад болон Нарийн хороо, Мобикомын антенн

    11:00-11:30 цагт: 21-р хороо Хаан банк, ШТС, Эмгэнтийн ферм болон эдгээрийн ойр орчмоор

    11:30-12:00 цагт: 21-р хороо иргэн Даваасүрэн, Эрдэнэсүрэн, Ганбат, Батжаргал, Гантөмөр, Ариунбилэг, Пүрэвдорж, Алтангэрэл, Хараатын дөрөөлж, Шижир, Алтан тариа, Эн Си Ай ХХК-ууд, МҮ-ний Аудитын газар, Ар гүнт хороо

    12:30-13:00 цагт: 21-р хороо Аюуш хороо, Бүст нуур ХХК

    13:00-14:00 цагт: 21-р хороо Партизан тосгон
  • Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр

    Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр

    2017.8.11, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19
    ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
    ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.8.11, Баасан гараг
    Наран ургах шингэх: 05.41-20.12
    Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Нэр өнгө

    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Махны экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов

    Махны экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов

    Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан өнөөдөр /2017.08.08/ Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Кыонг нар даргалж оролцов.

    Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

    Хуралдааны эхэнд Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын дарга, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлж, ЗГХК-ын 15 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав. Тэрээр Эдийн засгийн бодит өсөлт 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.3 хувьд хүрсэн байна. Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн нэн тэргүүнд улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаад буй хүндрэлийг даван туулахаар тал бүрийн арга хэмжээ авч ажиллаж байна. Бид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталсан. Эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр давж биелсэн гэв.

    2016 оны байдлаар Монгол-Вьетнамын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 43.0 сая ам.доллар /2010 онд 10 сая ам.доллар/, үүнээс экспорт 2,9 сая ам.доллар, импорт 40,1 сая ам.доллар байгааг дурдав. Экспорт 2,9 сая ам.доллар /гянт болдын хүдэр үхэр, адууны шир, шевро, гэх мэт/, Импорт 40,1 сая ам.доллар /цагаан будаа, угаалгын бодис, кофе, ургамлын тос, лаазалсан ногоо, жимс, самар, чихэр, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл эм, химийн бүтээгдэхүүн /будаг, угаалгын бодис, угаалгын нунтаг/, телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппаратууд гэх мэт/ байна.

    Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг 2017-2019 онд Худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын худалдааны эргэлтийг 2020 онд 70 сая ам.долларт хүргэх, Монгол Улсаас ямааны гүн хөлдөөсөн мах, дулааны аргаар боловсруулсан мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн Вьетнамд, Вьетнамаас гүн хөлдөөсөн далайн бүтээгдэхүүн, бэлэн хувцас, өргөн хэрэглээний бараа худалдан авах боломжтой. Эдгээр ажлыг бодит ажил хэрэг болгоход хоёр улсын яам онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.

    Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Вьетнам Улсад хийсэн айлчлалаар мах, махан бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлоход чухал ач холбогдолтой баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанаар Хүнсний эрүүл ахуйн Гэрчилгээг тохиролцсоноор хоёр улсын хооронд хүнсний бараа, бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байна. Тиймээс 2017-2018 онд эхний ээлжинд туршилтын журмаар Монголоос 200 тонн гүн хөлдөөсөн ямааны мах, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, Вьетнамаас гүн хөлдөөсөн далайн болон хүнсний бусад бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх боломжийг дэмжиж хэрэгжүүлэх саналыг энэ удаагийн хурлын үеэр хөндөв.

    Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын дарга, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыонг-тэй ЗГХК-ын 16 дугаар хуралдааныг хамтран зохион байгуулсанд баяртай байгааг илэрхийлж, энэхүү яриа хэлэлцээ нь Монгол, Вьетнам найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан салбар хуралдаанаар үргэлжилж байна.
  • ТНБД Д.Даваасүрэн АРФ-ын сайд нарын уулзалтад оролцож байна

    ТНБД Д.Даваасүрэн АРФ-ын сайд нарын уулзалтад оролцож байна

    Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод 2017 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд болж буй АСЕАН-ы Бүсийн чуулганы (АРФ) Сайд нарын 24 дүгээр уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

    АРФ-ын үйл ажиллагаа нь гамшгаас авран хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, эх далайн аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудалд төвлөрдөг. АРФ-ын даргын үүргийг АСЕАН-ы тухайн жилийн дарга орон гүйцэтгэдэг бөгөөд 2017 онд Филиппиний ээлж тохиож байгаа юм. Энэ удаагийн уулзалтын үеэр АСЕАН үүсч байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэж байгаа болно.

    Солонгосын хойгийн хурцадмал байдал, Умард Солонгосын цөмийн туршилт, Хятадын өмнөд тэнгисийн зөрчилдөөн, терроризм, кибер аюулгүй байдлын асуудал АРФ-ын Сайд нарын 24 дүгээр уулзалтын анхаарлын төвд байна.

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн дээрх уулзалтад оролцох үеэрээ бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэв. Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны чухал бүтцүүд болох Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох манай улсын хүсэл эрмэлзлийг нотлов.

    Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Ен Хо, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын дэд ерөнхийлөгч Федерика Могерини нартай хоёр талын уулзалт хийв. Түүнчлэн ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Филиппин зэрэг улсын Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025