Монголын рок, поп урлагийн ертөнцөд гэрэлтсэн од, цалгисан их эрч хүч, урин тачаангуйн илэрхийлэл домогт Т.Ариунааг "Скандал" булан онцоллоо. Энэ жил түүний тайзнаа гарсны 35 жилийн ой тохиож байгаа билээ. Хэн нэгний түрийвчинд наалдсан хачиг, тэлээнээс зүүгдсэн чимэг бололгүй өөрийнхөөрөө омог бардам эрхэмсэг оршсон түүний түүх тун сонирхол татам. Эрос, эрос л гээд байх болохоос угтаа бид түүнийг хэдэн эртэй халуухан учрал өрнүүлснийг мэдэх билээ? Тэр амьдрал дээр зөөлөн булбарай хайр татам эхнэр, халамжит хань, сайн ээж. Харин тайзнаа тэр үргэлж гал шиг асдаг. Тэр одоо ч дүрэлзсээр ... Ингээд Т.Ариунаагийн түүх таны өмнө дэлгэгдлээ. Түүний амьдралын чухал мөчлөгүүдийг түүвэрлэлээ.
ХАЙР ГЭДЭГ ТЭНГЭРЛЭГ МЭДРЭМЖ, ТҮҮНИЙГ ЭРОС ЧИМДЭГ ЮМ!
Анхны хайр, анхны учрал
Багаасаа тодорсон авьяаслаг охины анхны уран бүтээлийг бид барин тавин нэрлэдэг. Бараг цээжилжээ. Харин түүнд хайр хэмээх шаналант зүйл 19 настайд нь ирсэн гэдэг. Циркчин залууд анхны үнсэлтээ өгч, чин халуун сэтгэлээ нээж байв. Удалгүй Т.Ариунаа гадаадад сурахаар одов. Хайртаасаа захиа хүлээх мөч хамгийн сэтгэл догдлом авч захиа цөөрсөөр, нэг мэдэхэд ирэхээ ч больж. Яг энэ үед Т.Ариунаа бусдаас онцгой зөн совинтой гэдгээ мэдрэв. Залуугаа урт үстэй, намхан бор хүүхэнтэй болчихож гэж зүүдлэх болж. Удалгүй захиан дотор би ийм хүүхэнтэй сууж байгаа гээд зураг явуулсан нь түүний зүүдэлсэн бүсгүй мөн байж. Хэдий хайр дурлал нь бүтээгүй ч тэр энэ мөчөөс зөн совиндоо итгэдэг болсон гэдэг. Улмаар даруй 10 жилийн дараа сэтгэлийг нь урж орхисон тэр залуутай дахин учрав. “Чи яг урьдынх шигээ, үнэр чинь, инээж байгаа чинь хүртэл хэвээрээ байна” гэсэн гэдэг. Гэвч тэдний хайр дахин цэцэглээгүй.
Түүний ивээн тэтгэгч хэн байв?
Яг үнэндээ Т.Ариунаа задгай, урин тачаангуй стильтэй тайзнаа гарсан ч нэг ч удаа тайзан дээр нүцгэлж байгаагүй. Одоо бол олонд танигдах гэсэн хүн бүр хувцасаа тайчдаг ч амжилт олох нь цөөн. Т.Ариунаа ёстой “цайны” ганц нүцгэн зурагтай нь энэ. Залуухан халуухан бүсгүй гэнэт гарч ирэхэд, илэн далангуй хурц ярилцлага өгөхөд шохоорхох эрчүүд цөөнгүй байсан биз. Сонирхолтой нь түүний анхны тоглолтын ивээн тэтгэгч хэн нэгэн баян эрхэм, банкны захирал, нөлөө бүхий хүн биш аав нь байжээ.
Харин цомгийг нь гаргахад “Монро импекс”-ийн У.Уламбаяр агсан тусалсан гэдэг. Аавынх нь ажиллаж байсан компани хувьчлалд ороод удаагүй байсан үе, өөртөө байсан сүүлийн мөнгөө охиндоо зориулжээ. Харин түүний зах зээлд орж ирээд хамгийн анх дуулсан дуу нь “Талын цэцэг”. Энэ дуугаараа “Саятан” гэдэг уралдаанд орж 1 сая төгрөгний шагнал авч байж. Тухайн үед ч тоймгүй их мөнгө шүү. Т.Ариунаад урлаг өгөөж буянаа харамгүй хайрлаж, цэвэр өөрийн хөдөлмөрөөр гарч иржээ.
Тэр монголын Мадонна мөн үү? Юугаараа адил бас төсгүй вэ?
Надад адил тал бий, бас байхгүй. Ямар орчинд өссөнөөсөө шалтгаална. Би өнөөдөр Монголд амьдарч байна шүү дээ. Америк гэдэг утгаараа Мадонна бүх талаараа арай илүү эрх чөлөөтэй юм уу даа. Адилхан юм гэвэл мэдэхгүй. Зан ааш, имиж, стилиэрээ, чөлөөт байдлаараа төстэй байж магадгүй. /1998 он/
Түүний хамгийн анхны дуулсан дуу “Амласан хайр”. “Үнэхээр янзтай дуу. Тухайн үед намайг мэргэжлийн дуучны хувьд бас нээж өгсөн дуу шүү дээ. Маш хүнд дуу. Одоо би тэр дуугаа яг тэрэн шигээ дуулж чадах болов уу, яах бол. Их дээгүүр дуулагддаг, их өргөн цар хүрээтэй дуу шүү дээ” /2013 он/
Д.Буяндорж & Т.Ариунаа
Яг үнэндээ нэг нууц задлахад Эрос хатагтай маань Болгараас эх орондоо ирээд анхны хайртаасаа өөр залуутай учраагүй байжээ. Түүний харагдах байдал, хаа ч хамаагүй, 00-ийн өрөөнд ч секс хийнэ гэсэн гал цогтой яриа олон залуусын зүрхийг булиглуулсан ч хэн нь ч ойртож зүрхлээгүй гэсэн үг. Магадгүй завгүй амьдралын хэмнэл нь түүний галзууртлаа хайрлаж дурлах боломжийг хааж байсан байж мэдэх юм.
Харин энэ насны хань, түшиг тулгуур Д.Буяндоржтойгоо анх 1996 онд учирав. Түүний цорын ганц эр хүн, хайрын эзэн Д.Буяндорж тухайн үед “СЭБ” ХХК-ийг байгуулаад удаагүй байсан үе. Т.Ариунаа “Эрос №1” төрсөн өдрийн тоглолтоо тавьж, тоглолтыг Д.Буяндорж Сэлэнгэ аймагт иж бүрнээр нь тоглуулахаар урьсан гэдэг. Д.Буяндорж өөрийн биеэр Улаанбаатарт ирж дуучин бүсгүйг зургаа, долоон машин залуусын дунд одын төвшинд асар хүндэтгэлтэй авч явжээ. Ийнхүү эрос бүсгүй маань насны хайр, ханиа олсон.
Т.Ариунаа:
“Би хайртай хүнтэйгээ суусан. Энэ бол учрал байсан. Энэ бол хувь тавилан байсан. Хайрласан, дурласан. Ямар ч эргэлзээ байгаагүй”
Хамгийн сайн “хойт эх”!
Тэр энэ нэршилд тун дургүй, өөрийгөө хангалттай сайн ээж гэж боддог учраас, олон нийт ч харсан учраас түүн дээр барагтай бол энэ тодотголыг хэрэглэдэггүй. Авьяаслаг, алдар нэртэй дуучин бүсгүй амьдрал зохион хайрын үр жимс, хүүгээ өлгийдөн авав. Хүү нь хоёр нас хүрэн дэгэж дэрвэж байх үед нөхрийнх нь өмнөх эхнэрийн хүү ирсэн гэдэг.
Т.Ариунаа:
“Сэтгэлзүйн хувьд би огт бэлтгэлгүй байсан. Дөнгөж эх хүн болж ядаж байтал хүүдээ өгсөн хайраа хуваах шаардлага надад ирсэн. Үнэндээ би юугаа ч мэдэхгүй байсан л даа. Одоо л би хоёр хүүтэйгээ яаж харьцах ёстой, ямар үед нь юу хэлэх ёстой, яаж тэднийгээ хоёргүй сэтгэлээр хайрлах ёстой, тэр бүх ухааныг олж байна. Тэгэхээр би тааруу ээж биш байх. Бид нэг гэр бүл болж чадсан. Би зүгээр л хоёр сайхан хүүтэй, тэднийгээ эрдэм номтой сайн сайхан хүн болгохын төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа монголын нэг сайхан ээж”.
Т.Ариунаа хэзээд хэвлэлийн баатар байсаар ирсэн. Түүнийг сайн муугаар олонтаа бичдэг. Гэвч тэр хэзээ ч сонин хэвлэлтэй шүүхдэж, зарга үүсгэж байсангүй. Товчхондоо тун нигүүлсэнгүй, “хор” нь гарсан хүн.
Түүний сонирхолтой үзүүлэлтүүд
Оросын зураач П.И. Бишаев, Г.С Новиков болон Польш улсын иргэн М.Гнатюк нарын гаргасан “Very Important Person”хэмээх номонд Монголын алдартай хүмүүсийн хөрөг зураг оржээ. Үүнд Т.Ариунаагийн зураг орсон байдаг. Тэр гоо сайхандаа сард 2 саяыг зарцуулдаг. Тэр хэзээ ч илүүдэл жинтэй байгаагүй. Тэр нууцаасаа хуваалцахдаа “Хольцгүй салат юмуу, таргалуулах нөлөөгүй хоолнуудаас сонголтоо хийдэг. Тиймээс таргалдаггүй” гэсэн байдаг. Түүнийг иж бүрэн мэс засалд орсон гэлцдэг ч тэр эрс үгүйсгэдэг. Өөрийнх нь хэлсэнчлэн тэр хамраа л засуулсан. Өнгөрсөн одоо цагийн зургийг нь харьцуулаад харахад ялгаа нь харагдаж байна уу?
Т.Ариунаа МАН-ын гишүүн. Гэвч улстөрд орох талаар яриа гарах болгонд үгүйсгэдэг. Уран бүтээлийн хувьд 2003 онд “Миний шинэ орон зай”, “You are my life”цомгоо гарган бүрэн хэмжээний тоглолт хийснээс хойш түр амсхийгээд буй. Гэвч түүнийг тоглолт хийхэд хэзээд бэлхэн цуглах үнэнч фэнүүд нь “асаалттай танк” шиг бат зогсож буй.
“Гэмт хэрэгтэн”-ий гэргийн өчил
Түүний нөхөр Д.Буяндорж хэрэгт холбогдон хэцүү нэртийн хаалга татахад бүсгүй цөхрөөгүйгээрээ цөхөрч, хамгийн сул дорой төрхөө ард түмэндээ харуулсан гэхэд болно.
Т.Ариунаа:
“Би 30 жил дуулсан дуучин хүн. Би нэр алдартай хүн. Надад энэ ард түмэн бас хайртай. Тэгэхээр миний туулж байгаа зовлонг хуваалцдаггүй юм гэхэд битгий нэрмээрэй. Битгий нэмээрэй. Би нэгхэн сарын дотор хоёр хүүгийнхээ харц доошоо унахыг харлаа. Миний үс бууралтлаа. Би нойтон дэртэй хонож байна. Энэ бол хүний амьдрал шүү. Алддаггүй, онодоггүй хүн гэж байхгүй. Бид цөөхүүлээ. Битгий нэг нэгийгээ харгисла. Битгий хэлмэгдүүл. Би энийг л хүсч байна. Шударга нь шударга бусыгаа дийлдэг. Шударга туяатай нийгэмд амьдрахыг хүсч байна” гэв.
Ямартай ч энэ бүх бэрхшээлийг даван туулж дуучин бүсгүй тайзнаа гарахаас хойш суухгүй байгаа. Хэзээд үзэсгэлэнтэй, ганган дэгжин төрхөө хадгалан тэмцээний шүүгчээ ч хийсээр буй. Түүний фэнүүд одоо ганц л зүйлийг хүлээж буй. Т.Ариунаагийн гэмтсэн хөл эдгэнгүүт дуучин маань 35 жилийн ойн баяраа хийн бут авахаар догдлон байна. Тэр баярт өдөр ойрхон буйзаа.
Бэлтгэсэн У.Цахирмаа
“Гранд” сэтгүүл №60
Сэтгэгдэл (35)