Скандал: Л.Гансүх+Н.Алтанхуяг
2015/09/11

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Лүймэдийн Гансүхтэй холбоотой шүүхийн асуудал сүүлийн үед олны анхаарал татаад байгаа. Тэр гэм буруугүй мэт харагддаг. Гэвч түүний өмгөөлөгч нар удаа дараа шүүх хуралдааны хойшлуулж буй нь олон нийтэд хардлага төрүүлээд буй. Улс төрийн угшил ярьвал тэрээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн толгойлдог “Алтангадас” фракцийн лидерүүдийн нэг. Түүнийг энэ удаагийн “Скандал” буландаа онцоллоо.


Сайхан хоолойтой хүү

Л.Гансүх 1963 оны02 сарын 3-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд өрсөн, халх ястан гэж намтарт нь бичсэн байдаг. Дундговийнхныг найранд дуутай, наадамд даваатай улс гэдэг. Үүнийг батлах гэсэн мэт Л.Гансүх арван жилийн сурагч байхдаа дуулж, хуурддаг, сахилгагүй шар хүү, уран зохиол, нийгмийн хичээлдээ илүү сонирхолтой байсан гэдэг. 1980 онд Ерөнхий боловсролын дунд сургууль, 1985 онд Политехникийн дээд сургуулийг барилгын инженерээр, 2000 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг  бизнесийн удирдлагын чиглэлээр дүүргэсэн. Орос, англи хэлтэй.


 

Тэр Н.Алтанхуягтай баз хүргэн

Л.Гансүх оюутан байхдаа толгой сайтай нэгэн байсан учир Политехникийн дээд сургуульдаа багшаар үлдэж ажиллажээ. Дараа нь Цэргийн нэгдсэн дээд сургуульд томилогдон оюутнуудад номын дуу сонсгодог байсан гэдэг.

Ардчилалын шуурганд бусдын адил нэрвэгдэн, ажилгүйчүүдийн эгнээнд орсон он жилүүд түүний намтарт бий. Харин сайн эцэг эх, ах дүү, хань ижлийнхээ буянаар хөл дээрээ дахин босов. Тэрбээр 1992-1997 онуудад “Өгөөж импэкс” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд мөнгөтэй болсон тухайгаа ярихдаа ч “Би чихэр боов зарж байж мөнгөтэй болсон” хэмээн онцолдог.

Г.Гансүхийн гэргийг Х.Хэрлэн гэдэг. Тэд гурван охинтой. Том охинГ.Цэрэнжагзаннь өдгөө аавынхаа хэрэгт сэжигтнээр татагдан шүүх цагдаад бас дуудагдаж байгаа. Энд нэг сонирхолтой баримт бий. Угаас Л.Гансүхийн холбогдсон хэрэг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай шууд хамааралтай. Тэгвэл Л.Гансүхийн гэргий Х.Хэрлэн Н.Алтанхуягийн залуу эхнэр Х.Сэлэнгийн төрсөн эгч аж. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг, Л.Гансүх нар нэг айлын баз хүргэнүүд гэсэн үг. Нарийн ярьвал энэ хэрэгт Н.Алтанхуяг ч хариуцлага хүлээх ёстой боловч ачааг зөвхөн Л.Гансүхийн нуруунд үүрүүлсэн. Энэ мэдээж улс төрийн холион бантантай холбоотой асуудал. Магад хамаатан садан, худ ургийн харилцаа байдаг учраас бүхнийг би үүрье гэж Л.Гансүх шийдсэн ч байж болох талтай л даа.

Энэ сарын 03-нд болсон Л.Гансүх нарт холбогдох шүүх хуралд Н.Алтанхуяг гэрчээр оролцохоор ирсэн. Мөн хэвлэлд ярилцлага өгөхдөө Л.Гансүхийг илт өмөөрч, Монголын шүүх засаглал, АТГ, хууль хяналтын байгууллагыг буруутгасан өнгө аястай мэдээллийг хийсэн юм.


Сайд ч байлаа, сайхан ч явлаа

Л.Гансүх анх 1998-2000 онд Монголын Социал-демократ намын Мэдээлэл, сурталчилгаа, судалгааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Энэ үеэс түүний улс төрийн цаг эхэлсэн гэж болно. Харин түүний дараа хэсэг хугацаанд  “Залуу лидер” клубийн Ерөнхийлөгч, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Ингэсний буянд 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр анхлан ажилласан юм. Энэ хугацаанд УИХ дахь АН-ын зөвлөлийн даргаар ажиллаж байв. Шинэ гишүүн болоод ч тэр үү, чуулганд барагтаа л үг дуугардаггүй, “хэлгүй” гишүүдийн нэг байв. Харин 2008онд Дархан-Уул аймгаас дахин УИХ-д сонгогдохдоо “хэл орж”, сөрөг хүчний байр суурийг хүчтэй илэрхийлэх болсон.

2008-2012 он бол түүний улс төрийн карьерын оргил үе гэж хэлж болно. Энэ үед “давхар дээл өмсөж” тухайн үеийн МАНАН-ын Засгийн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан юм. Сайдаар ажиллаж байх хугацаандаа гялгар уут, химийн найрлагатай бараа бүтээгдэхүүнийг ард түмэндээ хэрэглүүлэхгүй гэж их ярьдаг байсан. Сайны хажуугаар саар гэгчээр БОАЖ-ын сайдаар ажиллах хугацаандаа тусгай хамгаалалттай газар нутагт хайр гамгүй “хуруу” дүрж, Богд уулын тусгай хамгаалалттай бүс нутгийн дийлэнхийг суурьшлын бүс болгосон гэх “ял зэм” ч түүнд хамаатай. Цаашлаад түүний сая ам.долларын үнэтэй хаус төрийн тусгай хамгаалалттай бүсэд байдаг талаар бичсэн сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нарыг 2011 онд шүүхэд өгч байсан удаатай. Харин Л.Гансүх тухайн хаусаа “160 гаруй сая төгрөгийн үнэтэй. Ийм байхад нэр төрд ноцтой халдлаа” хэмээн улайрч, төрөөд сар ч болоогүй сэтгүүлч Г.Уянгыг цагдаагаар баривчлуулах лүндэн буулгаж байсан билээ.


Сая долларын хаусын хэрэг

Хамгийн гол нь тухайн хаусыг ямар хөрөнгөөр авсан бэ гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байсан юм. Дээрх сэтгүүлчид “Л.Гансүх “Оюутолгой”-н гэрээг байгуулж, Ухаахудаг, Гашуун сухайтын чиглэлд зам тавих эрх өгсний дараа “Энержи ресурс”-д хамаардаг “MCS” компанийн дэд захирлаас нь Байгаль орчны сайд байр авдаг нь ямар учиртай юм бэ” гэсэн агуулга бүхий нийтлэл бичиж байсан санагдана. Өөрөөр хэлбэл, сая ам.долларын үнэ бүхий хаусыг Л.Гансүх сайд байх үедээ бэлгэнд авсан асуудлыг хөндсөн юм. Гэтэл хуулийнхан эл хаусыг ямар хөрөнгөөр авсан гэдгээс илүү Л.Гансүхийн нэр төрд халдсан асуудлыг ярьсаар хэрэг замхарсан юмдаг.


Цаг цагаараа байдаггүй!

“Хүн уул өгсөж явахдаа тааралдсан хүн бүртэй мэндтэй устай, сайхан харьцаатай яв. Уруудаж явахад тэд таньтай ахиад тааралдана” гэдэг мэргэн үгийг хэзээ ч билээ уншижбайсан юм. Энэ үг өдгөө ноён Л.Гансүхийн “орой руу ороод” байгаа болов уу. Тэрбээр 2012 оны сонгуулиар Дархан-Уул аймагт өрсөлдөх хүсэлтэй байсан ч үл мэдэх шалтгааны улмаас тойроггүй хоцорсон. Яагаад төрсөн нутаг Дундговиосоо нэр дэвшээгүйг  гайхах улс одоо ч бий.

Сонгуулийн дараа Шинэчлэлийн Засгийн газар бий болж, Л.Гансүх Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг базынхаа ахлах зөвлөхөөр ажиллав.Хоёр жилийн хугацаанд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, гэр хорооллын айл өрхүүдийг “Утаагүй шинэ зуух” төсөлд хамруулав. Иргэд ч үүнд ам сайтай байсан юм.

Үнэн хэрэгтээ Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Л.Гансүх нар агаарын бохирдлыг бууруулна хэмээн баахан зар тарааж, нүүрсний талон олгож, нэг тонн нь 80-хан мянган төгрөгийн үнэтэй, чанартай сайхан нүүрсээр ард иргэдээ хангаж байна хэмээн өөрсдийгөө сурталчилж, Ардын намынхан муухай, ажил хийж чадаагүй, харин бид хийж байна гэж баахан манаргасан. Гэвч энэ сурталчилгааны цаана, ард иргэдээ гэсэн хуурамч сайхан инээмсэглэлийнх нь ард ах дүү хамаатан садангууд нь нийлж төрийг, тодруулбал иргэдийг “луйвардсан” том будлиан өрнөж байсныг тухайн үед хэн таах билээ.



Болсон явдыг сийрүүлье!

2014 оны Улсын баяр наадмын чимээ намжиж амжаагүй байхад  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ах дүүстэй холбоотой шинэ хэрэг дэгдэж, улс төр сонирхогчдын анхаарлыг татаж эхэлсэн юм. Л.Гансүхэд АТГ эрүүгийн хэрэг ч үүсгээд амжив. Энэ хэргээс зугатааж Л.Гансүх гадаад руу оргон зайлсан гэх мэдээлэл хэвлэлүүдийн нүүр хуудсыг чимж эхлэв. Гэвч тухайн үед Л.Гансүх энэ бүх мэдээллийг үгүйсгэж, “Надад хийсэн хэрэг байхгүй. Нэр төрөө сэргээлгэнэ. Би зугатаагүй. Хөлний хагалгаанд орсон” хэмээж байсан юм.

АТГ-аас түүнд 2014 оны 04 сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт 2014250001748 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдэж, цагдан хорилоо.

Мөрдөн байцаалтын шатанд Л.Гансүхийг өөрийн туслахаараа ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нартай хамтран хувийн аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж, ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279,000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг 1 тонныг нь 27,500 төгрөгөөр авч, ард иргэдэд 1 тонныг нь 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, Төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн дээрх албан тушаалтнуудын өөрсдийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүд нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ алдагдалтай ажилласан хэмээн Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор 854 сая төгрөг, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсвийн тусгай сангийн хөрөнгөнөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан жил гаруй хугацаанд шалгаж, өдгөө хэрэг нь шүүхэд шилжээд байгаа юм.

Мөрдөн байцаалтын явцад Л.Гансүхийг батлан даалтад гаргаагүй. Гэвч өнгөрсөн гуравдугаар сард түүний сахарын өвчин сэдэрч, хөлийн хуруугаа тайруулсан. Тэрбээрсүүлийн хэдэн жил байнга эмчийн хяналтанд байсан бөгөөд 9 болон 12 дугаар сард Солонгост очиж үзүүлэх ёстой байсан гэдэг. Гэвч  “Нүүрс” хөтөлбөрийн асуудлаар хоригдсон учир эмчийн хяналтанд явж чадалгүй байсаар хугацаа алдаж,батлан даалтад гарсныхаа дараа эмнэлгийн байгууллагад хандахад хөлнийх нь хурууг тайрахаас өөр аргагүй болсон байсан гэдэг.

Дашрамд дуулгахад, өмнө нь АТГ-аасЛ.Гансүх, одоогийн Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамба нарыг хамтад нь  хууль бус лицензийн хэрэгт татан шалгаж байжээ.

Шүүхээр даажигнасан өдрүүд

Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өчигдөртэй нийлээдтав дахь удаагаа хойшиллоо. Хойшлох хойшлохдоо зөвхөн нэг гэрч дутуу, өмгөөлөгч дутуу, өмгөөлөгчийн хүсэлтээр гээд л олон шалтаг тоочно. Сүүлдээ Л.Гансүх нарын таван өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүний шүүгчээс татгалзаж, шүүхээр “даажигнав”. Уг нь Монгол Улсын шүүхийн өмнө хүн бүхэн эрх тэгш. Энэ утгаараа шүүх хурлыг үл хүндэтгэх, түүнийг орхин гарах эрх хэнбугайд ч байхгүй. Ямар ч албан тушаал хашдаг, аль намынх зэргээс үл хамаарч шүүх хуралдааны дэг жаягийг баримтлах үүрэгтэй. Гэтэл ийнхүү удаа дараалан шүүхийг үл хүндэтгэж, баримт нотолгоогүйгээр дур зоргоороо аашилдаг үзэгдэл анх удаагаа гарлаа. Хэрэв буруугүй л юм бол ийм олон удаа шүүх хурлыг хойшлуулах хэрэг тэдэнд байхгүйсэн.

Бодвол, Л.Гансүх болон тэдний өмгөөлөгчид УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх “Өршөөлийн тухай хууль”-ийг батлах хүртэл, бүхий л арга чаргаа арай ядан хэрэглэж буй болов уу гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэж байгаа юм.


Бэлтгэсэн Б.Дэжид

www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (8)

  • Зочин
    tv eer garsan shuuh hural buh unen l baisan shuu dee. urid n ingej boddog l blaa. gehdee shuuh hural uzeed bodit baidliig oilgoson doo
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • zochin
    say dollariin haustai...uur ovoo um baigaa daa...
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • зочин
    сэтгэгдэл бичсэн лалруудын гэрийн хаалгыг нэг өдөр ногоон малгайтнууд тогших вий дээ.
    2015 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин
    LUIAR HULGAI TUI TUI TMEN BUZAR SHUGLESEN ADGIIN DONTONGUUD
    2015 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин
    YU CH MEDEHGYI MALNUUDAD HELHED TA NARIN OILGODOG ASUUDAL BISH BOLHOOR URDAH ZAMAA HARAAD YB TA NART MARGAASH YU TOHIOLDOHIG MEDEHGYI BOLHOOR DUUGAI HUTS GEJ HELIIDAA!!!!!!!!
    2015 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин
    боовыг нь толгойтой нь цуг тасдчихгүй дээ,муу хулгайчийг
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Ард түмний хөрөнгийг идэж уусан хүн яаж ч өөдлөхөв дөө. Угаасаа нүгэл нь нүдээрээ гарч байгаан байна даа
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • zochin
    sain bolj shuu setguulchid ni amjilt husie
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
Сонин хачин