Үзэгчдийн өмнө өнгө өнгийн дүрээр гарч, тэрчинээгээрээ олны танил болж өдийг хүрсэн жүжигчин бүсгүйчүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэлээ. “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр 13.00 цагт эхлэх байсан ч, 14.00 цагт эхэлсэн. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс хувь хүний эрүүл мэнд, нэр хүндийн асуудалтай холбоотой учир хаалттай явуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал хаалттай болсон юм.

Улмаар шүүгчид Ц.Алдармаад 7 жил 10 хоногийн хорих ял оноосон бол, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдууллаа. Ийм шийдвэр гарсны дараа Ц.Алдармаагийн өмгөөлөгч Н.Мандах давж заалдана гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Д.Оюунтуулын тухайд Ц.Алдармаагаас 30 сая төгрөг нэхэмжилсэн гэсэн албан бус мэдээлэл бий. Мөн түүнд 1 сая 344 мянган төгрөгийн мөнгөн торгууль оногдуулснаас үзэхэд тэр огт гэмгүй байсан биш болж таарч байна.

Ямартай ч долоон жилийн ял авсан жүжигчин Ц.Алдармаа 5 настай хүүтэйгээ амьдардаг бол Д.Оюунтуул нөхөр, хүүхэдгүй гэдгээ шүүхийн танхимд хэлжээ. Шүүгч гэр бүлийн байдал буюу хүүгийнх нь насыг асуухад уйлсан Ц.Алдармаа шүүх хуралдааныг дуустал уйлсан гэж дотор байсан эх сурвалж хэлж байсан. Тэр энэ жил 29 настай. Харин жүжигчин Д.Оюунтуул 35 настай. Хэн хэн нь залуу сайхан бүсгүйчүүд. Гэтэл хилэндээ хөтлөгдөн хийсэн болчимгүй үйлдлээсээ болон нэг нь шоронгийн хаалга татахад хүрч байгаа нь харамсалтай хэрэг юм.

Ц.Алдармаагийн тухайд гэр бүлийн хүнээсээ салсан гэдэг нь батлагдсан гэхэд болох биз. Түүний хүүгийн эцэг “Энхтайван” хамтлагийн гишүүн дуучин залуу байдаг аж. Харин хүүгийнх нь ээжийг шүүх хурал болж байхад тэр огт үзэгдэж харагдаагүй.
Цагдан хорих 461 дүгээр анги руу тусгай тоноглогдсон автомашинаар авч явах үед ар гэрийнхэн нь түүнд зузаан хувцасыг нь өгөх гэсэн боловч Тахарын албаныхан “Ажлын цаг тарсан учраас ямар ч боломжгүй, шүүхээс зөвшөөрөл аваад Цагдан хорих 461 ангид эргэлтээр очоорой” хэмээн хувцасыг нь аваагүй юм.
Шүүх хуралд "Шинэ үе" продакшныхан гэрчээр орох ёстой байсан ч хаалттай болно гэсэн үүднээс оруулаагүй байна.

Хэрэг явдал болох үед Д.Оюунтуул, Ц.Алдармаа хоёр согтуу байсан гэж хэлэх эх сурвалж бас байгаа юм. Ер нь бол орон нутгаар аялан тоглолт хийж яваа урлагийнхан урлаг соёлын үрийг хөдөөд тарихаасаа илүүтэй ууж наргихдаа сэтгэлээ чилээдэг гэх яриа нийтлэг байдаг. Тэгвэл жүжигчин бүсгүйчүүд ийм харамсалтай замналаар замнаж байгаагийн нэгээхэн шалтгаан нь хэтрүүлж наргиснаас үүдсэн байх магадлалтай юм.
Өнөөгийн нийгэмд бараан саарал өнгө давамгайлж, хүний хүнлэг чанар гэдэг юм булингартаж, ёс суртахууны хэм хэмжээ гэдэг юмны талаар цэг таслалын чинээний ч ойлголтгүй хүмүүс олширч, бие биедээ хэрцгий хандаж, үзэн ядахдаа огтоос ажрахгүй болсны жишээг урлагийн талбарын хүмүүс үйлдлээрээ үзүүлж байгаа нь харамсалтай...

























П.Урнаа
Сэтгэгдэл (333)