Итгэж байна уу? Хөгжимд хүртэл хүн чанар байдаг. Тэр хүн чанарыг эгшиглүүлж, мэдрүүлэх эрхэм үүргийг хөгжимчид биелүүлдэг. Хийл барьсан турьхан бүсгүй, төгөлдөр хуурын ард цэмцийн сууж хуруугаа бүжиглүүлэх бас нэгэн туяхан бүсгүй “MSM”-ийг нэгэн үдэш эзэгнэв. Хаалгаар оруут цэнхэр тэнгэрийг санагдуулам хадаг шиг цэнхэр хивс, цагаан бүтээлэгтэй ширээ, оргилуун дарс бүхий хундага эрийнэ. Хөгжимчид нэрийг нь дуудахад ёслол төгөлдөр цэнхэр хивсэн дээгүүр үзэгчдийн голоор алхлан хувцасаа хэдэнтээ сольж тайз руу гарах аж. Ихэвчлэн тайзны араас гарч ирээд буцаад дэгдээд орчихдог уламжлалт сэтгэлгээ энэ удаа эвдэгдэв.
“Тань руу нүүж явна”, “Мартагдсан дууль”, “Би чамд хайртай”, “Уран хас”, “Хэнтийн өндөр ууланд” ... Танил аялгууд тархи зүрх рүү зүсэн орлоо. Үе үеийн хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүд, дэлгэцнээ монгол ахуйг илтгэх фото зургууд солигдоно. Хорвоод хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нараас өөр хэн ч үгүй юм шиг, тэр хоёр уудам талд хөгжимдөж байгаа мэт ажин түжин мэдрэмжийг төрүүлж байв. Бодол хөвөрсөөр.
Тал шиг уудам сэтгэлтэй монгол зон олон хөгжмийн бүтээлдээ хүний агуу сэтгэлийг дүрсэлдэг ажгуу. Хүн чанар, хайр монгол хөгжмийн зохиолч бүрийн бүтээлээс мэдрэгдэнэ. Хөгжимчин хүн хэдий нэг ч үг хэлэхгүй, илүү хөдөлгөөн хийхгүй хөгжмөө л тоглох авч хүн болгоноос ондоо аялгуу гарна. Ижил нот, ижил зохиомж өгсөн ч өөр л байх болов уу. Сэтгэл нь тэр хөгжмийг дуугаргадаг учраас. Энэ хоёр бүсгүйн суу алдрыг бид бараг цээжээрээ мэдэх болсоор удсан. Миний мэдээгүй байсан зүйлс нь тэд нэг ангийнх, гар нийлдэг хоёр юм байна. Ангийн андуудаасаа “Гурван охин” хамтлагийн Солог урьж тэд хөгжимдөж Соло дуулав. Амьдрал хэмээх хөлгүй их далайд гараад хэдий нэг анги гэх авч мэндтэй зөрдөг нь хэд билээ. Нэг ангийн гурван өөр өнгө, гурван өөр уянга байлаа, тэд.
Яагаад бид хийл хөгжимд дурлах ёстой гэж? Яагаад заавал О.Байгаль, Б.Оюу нарыг сонсох ёстой гэж? Хүн чанар, хүн гэдгээ мэдрэх богинохоон энэ хормын төлөө үзэгчид яг цагтаа гозойх нь ч аргагүй юм. Амьдралд ийм нэгэн өнгө, аялгуу дутагдаад байлаа. Зөөлөн ялдам, дөлгөөхөн, ус урсах мэт, салхи салхилах мэт таатай мэдрэмж тэдний тоглох эгшиг бүрээс төрж байв. Хэдэн мянган тоглох аялгуу, сэтгэл хөвсөлзүүлэх бүтээл, урын сан бий. Тэдэн дундаас сонголт хийж, дэс дараагаа нарийн гаргасан нь ажиглагдсан. Тэд энэ үдэш хүн чанар эгшиглүүлэхийг зорьжээ. Тийм ч учраас би тэднийг хүн чанарын хөгжимчид хэмээн нэрийдмээр санагдав. Тийм ээ, хүн чанарын хөгжимчид.

Оройн хөнгөн зоог, уруул дурлам зөөлөн шарз, дарс энэ үдшийн шигтгээ. Их хотын залуусыг байлдан дагуулж буй VLVT club-т тоглолт үзсэн хүн бүрт орох эрх олгосон нь залуу хатагтай нарын чөлөөт сонголтын илэрхийлэл. Тоглолт үзчихээд сэтгэл тийм сайхан өндөр байхад шууд газрын хөрсөн дээр буух яг үнэндээ нэг л дутуу мэдрэмж төрүүлдэг байсныг нуух юун. Тэр хөөрсөн сэтгэгдлээ энэ удаад хадгалах боломжийг хатагтай нар олголоо. VLVT рүү марш!
Яагаад энэ клубыг онцолсон юм бол гэж бодогдсон, Учрыг ороод 10 хүрэхгүй минутын дотор тайлав. Гол нь хөгжмийн дуугаралт шүү дээ. Бааранд ороход тархи ангалзуулам доргио хөгжим явдаг бол эдний тохиргоо, дуугаралт үнэхээр гайхалтай. Аргагүй л өндөр мэдрэмжтэй сонгодог хатагтай нар нарийн тооцоолсон байна шүү.
“Glourios Mongolia” энэ хүрээд өндөрлөж байгаа биш, түр завсарласан болов уу. Тэднийг хэзээд хүлээх хөгжимд чин сэтгэлээсээ дуртай, урлаг ойлгодог үзэгчид цаашдаа бүр ч олон болох болно. Хүн чанарын хөгжимчиддөө баярлалаа.













Б.УЯН
Сэтгэгдэл байхгүй байна