Цэл залуухан 23 настайдаа МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаасан Г.Ариунбаатарыг монгол түмэн халуун алга ташилттай хүлээж авсан билээ. Шагнал нь томдлоо, эзэн нь жижигдлээ, эсвэл эзэн, шагнал аль аль нь нүдээ олсонгүй гэж үргэлж сүүдэр шиг дагадаг хэл ам түүний хувьд гараагүй. Арга ч үгүй юм, ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит дуурийн гоцлол дуучдын олон улсын XXIV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, тэргүүн байрын шагналыг хүртсэн хүн МУГЖ цол авахгүй бол хэн авах билээ. Угаас манай дуурийнхан эндээ төдийлөн гялалзаж амьдарч чаддаггүй ч дэлхийд бол ёстой л бор зүрхээрээ, төрмөл авьяас, суурь өгөгдлөөрөө нэрээ дуурсгадаг нь үнэн билээ.
БНСУ-д ажиллаж амьдардаг ээжээрээ сургалтын төлбөрөө төлүүлдэг СУИС-ийн оюутан байсан хүү ингэж нэг л өдөр ачийг нь хариулсан түүхтэй. Сонгодог урлагийнхан гэж салбар шигээ төлөвхөн эрхмүүд байх бөгөөд төдийлөн олны нүдэнд өртөж, хэл амны бай болоод байдаггүй. Уран нугараач Б.Норовсамбуу 18, балетчин Д.Алтанхуяг 19-тэйдээ МУГЖ авсан бол Г.Ариунбаатар түүхэнд гурваар бичигдэх ховорхон завшаантай.
Цагдаагийн “Сүлд” чуулгат харьяалагддаг, царай төрх, авьяас чадвар өв тэгш залуу гавьяатад харц шидлэх бүсгүйчүүд олон байсан. Удаа ч үгүй хуримын зар дуулган аз жаргалтай амьдралаа тунхагласан түүний юм бүхэн саяхныг хүртэл өнгөлөг байлаа.
Алдаж эндэх залуу нас, гэгэлгэн мэдрэмжтэй, тэр тусмаа сонгодог урлагийн “цэрэг” түүний амьдрал дардан замаар явсангүй. Хуримын нижгэр баярын хажуугаар хоёр дахь амьдрал нь болох талаар шуум дэгдэж байв. Цаг наргүй их урлагтаа зүтгэдэг залуу гавьяат хувийн амьдралынхаа талаар төдийлөн ам нээж байгаагүй.
Саяханаас түүний цахим ертөнцөд Д.Отгонжаргалтай чаатласан нөхөрсөг шог мессэж нийтэд тарав. Фэйсбүүкт хэдэн мянган найз, дагачтай байх нь хэвийн үзэгдэл болсон энэ үед нэг салбарын, нэг чиглэлээр ажилладаг хүмүүс хоорондоо хөгжилтэй яриа өрнүүлэх нь байх л зүйл гэж хүмүүс залуу гавьяатыг өмгөөлж байна. Хэнд ч гэсэн ийм тохиолдол байдаг тул хачирхах хүн ч цөөхөн байгаа болов уу.
Д.Отгонжаргалын хувьд мөн л авьяас чадвараараа үеийнхэн дундаа цойлж яваа ганц бие ээж. Түүнийг “Ану хатан” түүхэн кинонд дүр бүтээснээр нь үзэгчид илүүтэй мэдэх болсон билээ. Чадварлаг сайхан дууч бүсгүйд сэтгэл алдрах залуус олон байдаг ч тэрээр их урлагт амьдралаа зориулна, одоогоор гэрлэж бараалах төлөвлөгөөгүй хэмээн ил шулуухан ярьсан удаатай. Төдийлөн эрчүүдтэй нэр холбогдож, олны нүдэнд олзлогдоод байдаггүй нь түүний хэлсэндээ хүрдгийн илрэл гэлтэй.
Г.Ариунбаатар АНУ-д явах хойгуур фэйсбүүкийн password-оор нь эхнэр нь нэвтэрч энэхүү screenshot-ыг хийсэн байна. Хэдийгээр гэр бүлийн асуудал ч гэсэн урлагийн тогоонд чанагдаж, зовлон жаргалыг нь мэдэрч яваа авьяаслаг залуусын эсрэг “сум” тавьсан гэргийнх нь үйлдэл олныг гайхшруулав. Үнэхээр завхай зайдан явдалтай, нэр муутай нэгэн байсан бол ийм мессежэнд хэн ч шууд итгэж болох авч гол фокусласан хоёр хүн нь хоёулаа агуулга, хэлбэрийн зөрчил болж байгаа талаар хүмүүс жиг жуг хийх болж.
Мэдээж овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Г.Ариунбаатар дагавар хүүхэдтэй бүсгүйтэй амьдралаа холбосон байсан бөгөөд энэ талаар ам нээж байсан удаагүй. Хэдийгээр алдаж болохгүй залуу нас, амьдрал боловч гэргийгээсээ салаад багагүй хугацаа өнгөрч байгаа аж. Мөн л тэрээр энэ талаараа нийтэд мэдэгдэхийг хүсээгүй нь нэгэн цагт ханилж, хайрлаж явсан гэргий болон аав нь гэж тэвэрч байсан дагавар хүүхдээ бодсоных болов уу гэж түүнийг мэдэх хүмүүс санааширч сууна.
Урлагийн хүмүүсийн амьдрал алган дээр мэт ил харагддаг нийгэмд бид амьдарч байна. Урлагийн хүн гэхээрээ фэйсбүүкээр яриа өрнүүлж, хэн нэгэнтэй хөгжилтэй чаат үүсгэж болохгүй бүх ертөнцөөс тасарсан байх ёстой юм болов уу гэж Г.Ариунбаатарын авьяасыг хайрладаг үзэгчид халаглаж сууна. Нэгэнт алдагдсан фэйсбүүк чаат, нэгэнт өнгөрсөн амьдрал тул залуу гавьяатдаа цаашдаа урлагийн ертөнцөд, дэлхийд монголын нэрийг дуурсгах үйлст нь амжилт хүсье.
Авьяастныг хайрла, бусад нь учраа олчихдог гэсэн үг бий.
Бид авьяаслаг аавын хүү ээжийн охидуудаа хайрлалгүй өө сэв эрж, авьяасыг нь амьдралынх нь алдаанаас ялгаж салгахгүй гоочилсоор архинд живүүлж, дутуу гуцуу амьдрал руу түлхэн тайзнаас нь түлхэж унагасан түүх олоон. Авьяас бол авьяас хувийн амьдрал бол хувийн амьдрал юм. Г.Ариунбаатарын авьяасыг хайрладаг хүмүүс энэ мэт дэл сул хэл амнаас болж тайзнаа нүүр бардам гарч чадахгүй, Монголыг олон улсын тайзнаа тунхагласан тэр уянгалаг хоолойгоо гаргаж чадахгүй байх вий гэж ихэд зовниж байна.
Титэм зүүмээр байгаа бол хариуцлагыг нь үүрэх хэрэгтэй гэдэг. Дөнгөж 23-хан насандаа МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаасан Г.Ариунбаатар энэ шагналыг даах, үнэ цэнтэйгээр хадгалах гэж хэрдээ л түүртдэг болов уу. Гэсэн ч шагнал шийтгэлийг нь хамтад нь үүрэх гэж хичээж яваа түүний хичээл зүтгэл хаа холдох билээ.
Асуудлын эцсийн цэгийг цаг хугацаа хатгана. Залуу гавьяат маань алдаанаас суралцаж нэгийг бодож, хоёрыг тунгааж суугаа биз ээ.

У.ЦАХИРМАА
Сэтгэгдэл (29)