Н.Түвшинбаяр, Н.Төгсцогт, М.Ананд, Ц.Энгүүнтэй ЯНЗТАЙ ӨДӨР
2018/05/28

Ням гариг (2018.05.27) монгол залуусын амжилт, ялалт, бахархалаар дүүрэн өнгөрлөө.

Хөх хотод болсон олимпийн эрхийн оноо цуглуулах гранпри тэмцээний +100 кг жинд өрсөлдсөн Найдангийн Түвшинбаяр аварга жиндээ тэргүүлсэн бол мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд нацү башёд түрүүлж, тав дахиа эзэн хааны цом хүртэв. Мэдээж, мэргэжлийн бокст хүч үзэж буй Н.Төгсцогтын арав дахь ялалт үүн дээр нэмэгдэнэ.

Н.ТӨГСЦОГТ ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ ӨДӨР ОЙРТЛОО 

Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд тодорч байгаа шилдэг тамирчин болохоо харуулсаар яваа “King Tug” буюу Нямбаярын Төгсцогт АНУ-д мэргэжлийн рингэн дэх 10 дахь тулаанаа хийлээ. Өмнөх 9 тулаанд бүгдэд нь ялалт байгуулахдаа наймд нь КО буюу нокаутаар ялсан Н.Төгсцогт энэ удаад ч мөн өрсөлдөгч, Колумбын боксчин Оскар Эскандоныг нокаутаар яллаа. Тулаан 10 раунд үргэлжлэх ёстой байсан ч эхний раундаас Н.Төгсцогт илүүрхэж, гуравдугаар үед буулгаж авсан.

Н.Төгсцогтын өрсөлдөгч, 33 настай Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байсан. 2008 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт(17 KO) байгуулж, гурван удаа ялагдсан, WBO, WBC холбооны аваргын бүсийг зүүж байсан,  WBC-ийн чансаагаар жиндээ шилдэг наймд бичигдэж байгаа туршлагатай, хүчтэй өрсөлдөгч  байсан.

Ийнхүү мэргэжлийн рингэнд 10 дахь ялалтаа авсан Н.Төгсцогт маань дэлхийн аваргын төлөө тулаан руу улам ойртлоо. Энэ удаагийн тулаанд Н.Төгсцогт дасгалжуулагч Д.Банди агсны дурсгалыг хүндэтгэсэн хөрөг, бичигтэй өмсгөл өмссөн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байв.

Н.ТҮВШИНБАЯР ОЛИМПИЙН АВАРГА БОЛСОН ТҮҮХЭН ЖИЛДЭЭ БЭЛЭГ БАРИЛАА

Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээн Хөх хотод өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаанууд болсон. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр бүх өрсөлдөгчөө ялж, жиндээ аваргалснаар “Бээжин-2008” олимпиос алтан медаль хүртсэн 10 жилийн ой дээрээ Монголын ард түмэндээ дахин бэлэг барилаа. Аварга одоогоос яг 10 жилийн өмнө Бээжингийн зуны олимпийн наадмаас эх орондоо анхны алтан медалийг авчирч, Монголын ард түмнээ баярлуулж байсан юм.

Н.Түвшинбаяр аварга тэмцээний аваргын төлөөх барилдаанд ОУХМ залуучууд болон Армийн дэлхийн аварга Ө.Дүүрэнбаярыг цэвэр ялсан бөгөөд бусад бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулгаж авсан амжилтыг мөн үзүүлэв. Энэ өдөр  90 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана мөнгөн медаль хүртснээр Монголын жүдочид 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар 46 улсаас 3-р байр эзэлсэн баярт мэдээг дуулгав.

КАКУРЮҮ М.АНАНД АНХ УДАА ХОЁР БАШЁ ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн Нацу башёд мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатайгаар түрүүлж, тав дахь удаагаа Эзэн хааныг цомыг өргөлөө. Аварга анх удаа хоёр башё дараалан түрүүлсэн нь энэ ялалтын давхар баяр юм. Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Какүрюү М.Ананд аваргад унаснаар 12 даваа, 3 унаатай башёг өндөрлүүлсэн.

VOICE MONGOLIA: ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ Ц.ЭНГҮҮН 

“The Voice of Mongolia” шоуны финалын шалгаруулалт өчигдөр болж, монголчууд сэтгэл догдлолтой ням гаригийн үдшийг өнгөрүүллээ. Спортын дээрх бахархалт мэдээнээс гадна монгол залуусаараа бахархсан өдрийг Voice шоу үргэлжлүүлэв. Дөрвөн багийн шилдэг дөрвөн оролцогчоос шүүгч Д.Уламбаяр буюу Укагийн багийн оролцогч Ц.Энгүүн шоуны дүрмийн дагуу үзэгчдээс хоёр удаа хамгийн олон санал авч, үндэсний ялагч боллоо.

Ц.Энгүүн ялагч болсноор “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” компанитай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулж, Nissan Qashqai загварын автомашины эзэн болсон.

Б.ЭНХ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин