С.ТӨГС & Ч.ЦЭНГҮҮН
Олны танил байна гэдэг амаргүй даваа. Хайр хүндэтгэл, урмын үгс, эсрэгээрээ хорон харц, хов жив, атаа жөтөөг араасаа жим болгон татуулна. Тэр бүхнийг туулж яваа залуу хосууд бол С.Төгс &Ч.Цэнгүүн нар.
Ихэмсэг бардам төрхтэй, элдэв хачиргүй шулуухан яриатай Төгсөө өөрөөсөө дүүмэд амрагийнхаа талаар “Хэл амнаас, хэнээс ч айхгүй гээд гарыг минь атгасан” гэж байв. Олон нийтийн арга хэмжээ, үдэшлэг, үзвэр, зар сурталчилгаа, зураг авалтад үргэлж хамт яваа харагддаг хосууд зүрхнийхээ хэмнэлээр холбогдоод хэдийн он дамнажээ. Энэ бүсгүйг гомдоохгүй юм шүү гэсэн бодлоос хайр эхэлдэг гэдэг. “Авьяаслаг монголчууд”-ын тайзыг эзэгнэсэн хунтайж минь сүйт бүсгүйгээ хайрлаад байж дээ.
Б.ЯЛГУУН & СТЕФАНО
Загвар өмсөгч Б.Ялгуун итали залуутай хайрын түүх эхлүүлэв үү? Саяхнаас болзож эхэлсэн хосуудыг Итали орон, загварын тайз учруулжээ. Инстаграмд тэд хэдийнэ хамт авахуулсан зургаа нийтэлж, хосын харилцаагаа зарлаад байна.
Парис, Милан, Нью-Йоркийн тайзнаа Б.Ялгууны нэр дуудагдах мөч ойртсоор байгаа. Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог топ таван хотод үйл ажиллагаа явуулдаг IMG Models агентлагийн Хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан Б.Ялгуун жилийн өмнө Миланыг зорьж, IMG Models-той гэрээ байгуулах эхний алхмуудаа хийгээд ирсэн.
IMG Development бол хил хязгааргүй ертөнцөөс залуу моделиудыг нээн илрүүлж, мэргэжлийн хүрээнд бэлтгэдэг хөтөлбөр. Өөрсдийн хүсэлтээр зургаа ирүүлсэн охидоос сонголт хийж, хөтөлбөртөө хамруулдаг, шалгуур өндөртэй давааг давсан анхны монгол охин нь загвар өмсөгч Б.Ялгуун болсон юм.
Үүний өмнө тэр 2014 онд Сингапурын 3mmodels агентлагтай гэрээ байгуулж, Азийн зах зээлд өөрийгөө таниулж чадсан. Сингапураас гадна Япон, Тайланд, Хонгконг, Малайзын загварын тайзнаа алхаж байсан туршлагатай. Хонгконгийн “Jessica Fashion & Beaty” сэтгүүлийн нүүрэнд гарч, Elle, Harper’s Bazaar, Cosmopolitan, хамгийн сүүлд Vogue-ийн зураг авалтад оролцож, Италийн Marco de Vincenzo брэндийн Pre fall-2017 цуглуулгын зурагт багтсан гээд энэ бяцхан охинд ид шид их бий.
Б.Ялгуун өнгөрсөн жилээс IMG Models-ын Development хөтөлбөрийн цахим хуудсанд өөрийн гэсэн профайлтай болсон.
Анх эгч, дүүсийн хамтран байгуулсан Michel&Amazonka брэндийн нүүр царай болж, олонд танигдаж байсан Б.Ялгуун өнөөдөр ийм өндөрлөгт хүрчээ. Түүнийг өөр олон тайз хүлээж байгаа нь эргэлзээгүй.
Баярхүү ЯЛГУУН
СТЕФАНО ФУЧИНА
Ж.ЭНЭРЭЛ & С.МАНЖАА
“Торго”, “Монгол модель” агентлагаас загварын карьераа эхлүүлсэн,ирээдүйтэй загвар өмсөгч Ж.Энэрэл сагсчин залуутай болзож эхэлсэн гэнэ. Ж.Энэрэл өмнө нь дуучин Б.Чойжилсүрэн буюу “А-Sound”хамтлагийн гитарчин, дуучин Чойжоотой гэрлэж, хүүтэй болсон ч хосууд одоо тус тусын амьдралын шинэ замыг сонгожээ. Авьяаслаг, энэ цаг үеийн хамгийн супер модель охидын нэг Ж.Энэрэлийн шинэ найз залуу С.Манжаа сагсан бөмбөгийн Дээд лигийн “Танан гарьд” багийн тоглогч. Орос III сургууль төгссөн. 1996 онд төрсөн. Царайлаг, нуруулаг. Ер нь л өөлөх юм алга. Тэд бас хоорондоо адилхан ч юм шиг.х.
Х.НАМУУН
Жүжигчин Хүрэлхүүгийн хөөрхөн охин Намуун гадны бэр болох уу? Бараг л тийм бололтой. “Mixx” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иштэй үерхэж байсан түүний охин Х.Намуун орос найз залуутайгаа авахуулсан зургаа Инстаграмдаа дэлгэлээ. “Wolarsen” косметик брэнд үүсгэн байгуулж, гоо сайхны зах зээлд өрсөлдөх болсон Х.Намуун улам ч дур булаам болоо юу даа.
Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ
Сэтгэгдэл (2)