“Том” Бушийн гэргий Барбара 92 насандаа таалал төгслөө
2018/04/18

АНУ-ын Тэргүүн хатагтай агсан Барбара Буш 92 насандаа таалал төгслөө. Уушгины өвчнөөр олон жил шаналсан тэрээр Хьюстон дэх гэртээ өчигдөр /2018.04.17/амьсгал хураасан байна.

Барбара Буш 1925 онд зургадугаар сарын 8-нд Нью-Йорк хотод төржээ. Нью-Йоркийн захын дүүрэгт өсч торнисон залуу хатагтай 16 нас хүрэхээсээ өмнө гурван ч сургууль сольж амжсан байна. Тэрээр гэрээсээ хол сургуульд сурч байхдаа 1941 оны Зул сарын амралтаар Массачусеттсэд Буштай танилцжээ. Тэд 18 сар үерхээд, сүй тавьсан аж. Жорж Буш сөнөөгч онгоцны нисгэгчийн хувиар даалгавар авч, Дэлхийн II дайнд оролцоод эргэж ирсний дараа тэд гэрлэжээ.

Тэд зургаан хүүхдийн эцэг, эх болсон. Харамсалтай нь, хүү Робин нь гурван настайдаа эндсэн байна. Хөвгүүдийнх нь нэг АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч “Бага” Буш. Мөн өөр нэг хүү нь Флорида мужийн захирагчаар ажиллаж байсан Жеб Буш юм.

Жорж Буш 1988 онд АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдож, тэдний гэр бүл Цагаан ордонд төвхнөсөн. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч, дараагийн сонгуульд Буш Билл Клинтонд ялагдсаны дараа тэд 1993 онд нийслэл Вашингтоноос нүүж, Хьюстонд суурьшсан байна. Барбара хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлэхийн сацуу хөвгүүдийнхээ сонгуулийн кампанид тусалж байв.

Өдийг хүртэл 70 гаруй жилийг хамтдаа үдсэн Жорж, Барбара Буш нар дэлхийн түүхэнд бичигдэх ховор тавилантай хүмүүс. Барбара Буш таван хүүхэд, 17 ач, зээ, долоон гучтай өнөр өтгөн айлын эзэгтэй байлаа. Түүнийг Техас дахь Бушийн нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сангийн дурсгалын цогцолборт нутаглуулах ажээ.

 

Б.СЭЦЭН

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин