Улсын начин С.Эрхэмбаяр: Төрийн шагналтнуудын дараа орох том бэлэг авлаа
2018/02/15

Битүүний өдрийн хамгийн таатай мэдээллийг уншигч таньд хүргэх гэж байгаадаа баяртай байна. Тодруулбал, "Кёкүшюзан сан"-гаас Цагаан сарын битүүний өдрийн бөхийн барилдааны үеэр Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын начин, МУГЖ С.Эрхэмбаярт таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ. Энэхүү арга хэмжээ нь яг одоо Бөхийн өргөөний гадна талбайд болж буйгаараа онцлог юм. Кёкүшюзан Д.Батбаярын хувьд өнөөдөр өргөө цагаан гэр бэлэглээд зогсохгүй бөх сонирхогч хийгээд бөхчүүдтэйгээ монгол гэрт идээ ундаагаа засч битүүлж байна. 

Кёкүшюзан Д.Батбаяр: Бөхийн өргөөнийхөө хоймроос, монгол гэр дотроосоо та бүхэндээ мэндчилж байгаадаа баяртай байна 

-Олон жил барилдсан ахмад бөхчүүддээ монгол хүний билэгдэл  таван ханатай гэр гардуулдаг сайхан уламжлал тогтсон байна. Мөн бөхчүүдтэйгээ хамт битүүлж байгаа нь бахархмаар юм. Та сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Манай Кёкүшюзан сан 1999 оноос хойш Сар шинээр амжилттай сайн барилдаж байсан ахмад бөхчүүддээ таван ханатай гэр гардуулж байна.  Энэ удаа зүгээр гэр бэлэглээд өнгөрчихгүй монгол гэртээ идээ ундаагаа засч бөхчүүд болон бөх сонирхогчидтойгоо хамт битүүллээ. Олон сайхан бөхчүүддээ таван ханатай өргөө цагаан гэрээ гардуулж байлаа. Одоо хүртэл тэр гэртээ амьдарч байгаа хүмүүс ч бий.  Энэ жил МУ-ын начин, МУГЖ, бид бүхний хайртай дуучин С.Эрхэмбаяр ахдаа өргөө цагаан гэрээ гардуулахаар болсон. С.Эрхэмбаяр ахыг багаасаа хайрлаж, хүндэлж, шүтэж биширч явлаа.  Залуудаа Эрхэмбаяр ахын аманд Нэгийн даваанд гарч унаж байсан. Ийм сайхан дурсамж, дурьдтгалын эзэндээ өнөөдөр энэхүү гэрээ бэлэглэж байгаадаа маш их баяртай байна.

-Удахгүй Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэлнэ. Бөх хүний хувьд энэ жилийн барилдааны өнгийг яаж харж байна?

-Сайхан барилдаж байгаа залуучууд олон байна. Бидний үед хэн түрүүлэх нь тодорхой байдаг байсан бол одоо хэн түрүүлэх нь таавар болдог болжээ. Манай Мөнхбат аварга, Хангай, Пүрэвсайхан, Санжаадамба гээд сайхан бөхчүүд байна. Сайхан ч барилдаан үзүүлэх байх аа.  

-Манай сайтыг уншиж байгаа уншигчид, сошал медиагийн хэрэглэгчдээ хандаж мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Бөхийн өргөөнийхоо хоймроос, монгол гэр дотроосоо Монголын өнцөг булан бүрт амьдарч, аж төрж  байгаа Монголчууддаа хандаж мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.  Та бүхэндээ Сар шинэдээ сайхан шинэлж, элбэг дэлбэг, эрүүл энх байхыг  хүсэн ерөөе. 

Улсын начин С.Эрхэмбаяр: Төрийн шагналтнуудын дараа орох том бэлэг байлаа

Та бүхэндээ шинэ сарын Битүүний өдрийн мэнд  хүргье. Өнөөдөр  Алтан унжлагат хэмээх тахиа  жилийн хамгийн сүүлийн өдөр. Тайван хэмээх нохой жил гарч байна. Манай  Кёкүшюзан сан ахмад бөхчүүддээ битүүний орой таван ханатай  өргөө цагаан гэр бэлэглэдэг уламжлалтай. Энэ жил Кёкүшюзан Д.Батбаяр маань онцгой ач холбогдол өгч Бөхийн өргөөнийхөө гадна гэрээ барьж, идээ ундаагаа засч намайг хүлээж авлаа. Энэ их хүндэтгэлд маш их баярлаж байна. Тайван хэмээх нохой жилд миний бүх ажил үйлс өөдрөг байхын билэгдэл хэмээн талархаж  сууна. Өчигдөр Монголын ард түмэн хөдөлмөрийн баатар, гавьяат гээд  төрийн сайхан шагналуудаа авсан. Түүний дараа би орох юм шиг байна. Ийм сайхан шагнал авч байгаа хүн  бөхчүүдийн хүрээнд ганцхан л байгаа байх. Нөгөөтэйгүүр Битүүний өдрөө хамгийн түрүүнд тэмдэглэж байна. Сэтгэл маш өндөр байна.  

-Ирж буй шар Нохой жилдээ та юу зорьж төлөвлөж байна. Нууц биш бол хуваалцахгүй юу?

-Миний хувьд 100 Уртын дууны СD-гээ гаргахаар ажиллаж байгаа. Одоогоор 50 Уртын дуу дуулчихсан байна.  100 Уртын дуугаа дуулж төр түмэндээ барина.  Энэ маань Монголын Ардын урлаг тэр дундаа Уртны дууны сан хөмрөгт оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж ойлгож байгаа. Энэ бол Монголд, цаашлаад дэлхийд анхдагч юм. Ийм сайхан өдөр гэр бэлгэнд авлаа. Тиймээс 100 Уртын дууныхаа нээлтийн баяр, их найрыг энэ гэртээ хийе гэсэн бодол ч төрж байна.  


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин