Хайрын шүлгийн ДАВАЛГАА цар хүрээгээ тэлсээр байна
2018/02/13

Кёкүшюзан Д.Батбаяр энэ сарын эхээр Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан ханьдаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг зарласан билээ. Энэхүү уралдаан нь нилээн өргөн цар хүрээтэй болж байна. Уралдааны шүүгчдээр нэрт зохиолч, яруу найрагч Р.Эмүжин, Ц.Бавуудорж, Н.Гантулга, МУ-ын СГЗ Г.Эрхэмбаяр  нар ажиллахаар болсон талаарх таатай мэдээлэл ч хөвөрч эхэллээ. Шүүгчдийн зүгээс "Нийгэм, сошиал орчинд хар бараан мэдээлэл, сөрөг сэтгэгдлүүд ихээр хөврөх болсон энэ цаг үед ийм гэгээлэг, хүний сэтгэлийн утсыг хөндсөн үйл явдал тохиож байгаад баяртай байна. Тиймээс ч энэхүү уралдааны шүүгчдээр ажиллах болсон" гэдгээ онцлоод уралдааны шалгаруулалт ирэх сарын 7 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө болохоор болсоныг дуулгав. Учир нь мянга, мянган хүн ханьдаа, хайртдаа зориулсан шүлгээ илгээгээд байгаа аж. Харин Кёкүшюзан Д.Батбаярын тухайд санамсаргүй байдлаар ханьдаа зориулж дөрвөн мөрт тэрэлсэн нь ийнхүү хайрын шүлгээ давалгай үүсгээд байна. 

Уралдааны шилдэгүүдэд хүрэх ШАГНАЛЫН САН

Шилдгээр шалгарсан нэг шүлгийн эзэнд Японд сүмо үзэх тасалбар, хоёр, гуравдугаар байрт шалгарсан шүлгийн эздэд гар утас тус тус гардуулах юм байна. Гэвч тооцоолсноос олон хүн шүлгийн уралдаанд бүтээлээ ирүүлж байгаа учир 6 хүн нэмж шалгаруулах болсоноо шүүгчдийн зүгээс хэвлэлийн хурлаараа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл энэхүү хайрын шүлгийн уралдаан маань нийт 9 шилдгийг шалгаруулах юм.  Нэмэлтээр тодруулах 6 шүлгийн эзэд маань LED зурагтны эзэн болох нь ээ. 

Хамгийн сонирхолтой  нь Д.Батбаяр хамгийн хамгийн тодотголтой шүлгээрээ гэргий Т.Баясгаландаа бэлэг бариад зогсохгүй дуу бүтээж олны хүртээл болгох бодол байгаа аж.

Д.Батбаяр: 80 гарсан хүн хүртэл зохиосон шүлгээ утсаа уншиж өгч байна

Ингээд уралдааны талаар Кёкүшюзан Д.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 

-Шүлгийн уралдаанд зөвхөн фэйсбүүк хэрэглэгчид бус Монголын өнцөг булан бүрээс хүмүүс бүтээлээ ирүүлж байгаа гэж сонссон. Ингэж өргөн цар хүрээтэй болно гэж төсөөлж байв уу? 

- Санамсаргүй зүйл ийм том цар хүрээтэй болно гэж төсөөлсөнгүй. Манай найзууд Увс аймгийн нэгэн суманд очиход нэг ах “Ах нь шүлэг бичсэн юм. Шүлгээ явуулах гэсэн чаддаггүй. Та бүхэнд фэйсбүүк хаяг байвал Д.Баярын хаяг руу явуулж өгч тус болооч” гэж хэлсэн гэсэн. Энэ мэт олон хүн оролцож байгаа. 80 гарсан настай хүн утсаар залган зохиосон шүлгээ хэлж өгөхөд би тэмдэглэж авч байгаа. Хүмүүс захиагаар хүртэл шүлгээ явуулж байгаа. Нийгэмд ийм сайхан эерэг энергитэй, олон мянган хүнийг хамарсан уралдаан болж чадсанд туйлын баяртай байна.

- Та өөрөө шүлэг зохиох авъяастай юу? 

- Хүүхэд насандаа хааяа шүлэг бичдэг байсан. Би гуравдугаар ангидаа 
Эхний сүү шиг цав цагаан
Энэхэн орчлонгийн хамгийн цагаан 
Анхны цас будран орлоо 
Айлын хүүхдүүд хөгжин баярлана
Нартайд орсон тэр цас 
Надад, чамд баяр авчирна
гэсэн шүлгийг зохиож байлаа. Ховд аймаг дахь хөгшин ээжийнхээ Монгол гэрт энэ шүлгийг бичиж байснаа санадаг юм. 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин