-Тэр бол дээдсийн хөрөнгө оруулалтыг атгагч!-
“Аж богдын харуул”-ыг гитараа бариад гэгэлзтэл дуулахад охид бүсгүйчүүд үнэхээр нураад унахаар тийм л гэгээн өгөгдөл Т.Бат-Оргил хэмээх энэ залууд бий. Зууны манлай сайхан бүсгүйн охин өөрөө ч зүс ялдам сайхан бүсгүй “Мандухай сэцэн хатан” Н.Сувдын залуу насны оч, хүү нь болж тэр мэндэлсэн. Өсөх балчраасаа кино шиг, үлгэрийн мэт ертөнцөд амьдарч явлаа. Алдартай жүжигчин эмээ, ээжийн хүү бурхан түүнийг үнэхээр гараа гаргаж бүтээсэн гэмээр жинхэнэ бодит утгаараа хөөрхөн банди, сайхан залуу болж тэр өсөв. Тиймдээ ч “Монголын сайхан залуу” тэмцээнд байр эзэлж байв шүү дээ. Тэр үед фэйсбүүк, сошиал медиа хөгжсөн байсан биш. Гэхдээ л од байлаа. Тэгж яваад залуу амьдралын ханиараа хоёр хүүхэдтэй эгчмэд бүсгүйг сонгосон нь түүнийг мөрөөдлийн дүрээ болгосон охид бүсгүйчүүдийн зүрхийг зүссэн явдал байлаа. Гэргий Н.Батцэцэг нь сайхан залууг нөхрөө болгосных багагүй дарамтанд он жилүүдийг өнгөрүүлсэн. “Чи Бат-Оргилоос салаач” гэж ирээд л утасддаг байсан гэсэн шүү. Тэд хамтдаа Америкийн зорисон.
Гэсэн ч тэд амьдарсаар дундаасаа хоёр хүүтэй болж нийт 4 хүүхдийн аав ээж бололцон амьдрав. Т.Бат-Оргил эх орондоо эргэж ирээд Ашигт малтмалын газар, уул уурхайн компанид ажиллаж байгаад ХҮНнамд гадаадаас ирсэн найзуудын хамт дуу хоолойгоо өргөсөн. Гэнэтхэн улс төрийн чиг баримжаагаа тодорхойлсон тэрбээр хувийн амьдралдаа бас нэг гэнэтийн өөрчлөлт хийсэн нь эхнэрээсээ салсан явдал байлаа. Салах салахдаа түүнийгээ телевизээр мэдэгдсэн нь манайд сонин үйлдэл мэт боловч баруунд бол илэн далангүй шударга хандлага гэж харагдахаар. Одоо хэр нь салсан атлаа салаагүй юм шиг, суусан атлаа суугаагүй юм шиг дүр эсгэж амьдардаг хүмүүс байна аа байна. Гайхалтай нь түүний ганц бие болсон мэдээлэл гарсны дараахан өөр нэг бүсгүй олны нүд, чихийг сортойлгох болов.
Арай салангуутаа нийлчихсэн юм биш биз? Энэ бүсгүйд сэтгэл алдраад гэргийгээ орхисон юм биш биз?
Хэрэг явдал хэрхэн эхэлснийг энэ бүсгүй чухам хэн болох талаар бид танд анхлан мэдээлэх гэж байна. Д.Нандинцэцэг бол БНХАУ-д боловсрол эзэмшсэн, “Дачин Лоу” хуулийн фирмийн салбарыг эх орондоо нээсэн толгой гэж алт болсон бүсгүй. Гуч шүргэж яваа гэхэд асар ихийг амжуулсан тэрбээр Дөрвөлжин Бенз хөлөглөн их хотын гудамжаар салхи татуулан давхидаг, брэнд хэрэглээг утгаар нь хийдэг нэгэн. Эх орондоо ирээд төдий л удаагүй, эрдэм номын мөр хөөж олон жил болсон тэрбээр урд нь хэн нэгэн эр хүнтэй нэр холбогдож байгаагүй “цэвэр” нэгэн. Түүнийг дээдсүүд тойрон хүрээлдэг нь Хятад-Монголын хооронд гүүр болж бизнесмэнүүдэд хэл, мэдлэг, танил талаа ашиглан их гүрнээс хөрөнгө оруулалт татаж өгдөгтэй нь холбоотой.
Харин Т.Бат-Оргилтой энэ бүсгүй хэрхэн учирсан бэ?
Угтаа бол Т.Бат-Оргил гэргийсээ салаад нэг жил болсны дараа олонд мэдэгджээ. Энэ хооронд элэг бүтэн мэт дагавар охиныхоо рестораны нээлтэнд ирж сайн аавын үүргээ биелүүлсээр л байж. Тодруулбал түүний том охин Энхзаяа “Rosewood” рестораныг нээж их хотынхныг амт чанар, үйлчилгээгээрээ татсан нь саяхны явдал. Гадаад нөхөртэй тэрбээр гэр бүлийн хүний хамт их хотод шинэ соёл дэлгэрүүлсэн нь энэ. Т.Бат-Оргил энэ мэтчилэн салсан ч гэсэн эцэг, өрхийн тэргүүн хүний үүргээ биелүүлж буй. Эхнэр нөхрийн явдал гэдэг тэр өөрсдөө л мэдэх олон асуудлаар дүүрэн байдаг. Гадаад дотоодгүй амьдарсан, хэн хэн нь боловсролтой хүмүүс болохоор найрсагаар салсан хэрэг л дээ. Т.Бат-Оргил “баян” Баясаа хочит “Үргээлэг” киноны продюссер жүжигчин Ж.Баясгалан, Д.Нандинцэцэг нартай хамтран цацагт хяруулын бизнес эх орондоо эхлүүлэх гэж байж. Мэдээж ойр ойр уулзалдана, ажил хэргийн хувьд түншүүд болж. Улмаар Д.Нандинцэцэг тэр хоёр дотносож бүр ойр дотно болсоор өдгөө нэг гэрт орсон байна.
Харин энэ агшин бол тэдний болзож яваа үеийн зураг. Хамтдаа хүлээн авалтанд ч очиж эргэн тойронд нь юу болж, хүмүүс хэрхэн анхааралтай харж буйг ч үл анзааран тэд бие биедээ нялхрах аж. Маш хэцүү баргийн хүн зориглон хийхээргүй алхмыг Т.Бат-Оргил хийж нэр цэвэр залуу бүсгүй Д.Нандинцэцэг хайр сэтгэлдээ хөтлөгдөн харилцаагаа бататгаснаа ийн илэрхийллээ. “Үгүй тийм биш” гэж олны нүднээс нуугдах атлаа үдэш нэг гэрт байх арга барилыг тэд сонгосонгүй. Муу нуухаар сайн илчил гэдэг. Тэд сайн илчилж чадлаа. Хүний хувийн амьдрал руу өнгийгөөд байгаа юм биш л дээ. Олон нийт үнэхээр сонирхож байгаа романс болохоор бид та бүхэнд бодит мэдээллийг хүргэлээ.
Сайхан хайр байдаг юм шүү, олдвол бүү алдаарай гэсэн үгээр энэхүү ид үргэлжилж байгаа хайрын түүхийн талаарх бичлэгээ өндөрлөе дөө. Цаашдаа юу болохыг цаг хугацаа л харуулна. Энэ цагийн сайхан хосуудын тоог тэд нэгээр нэмлээ.
Эх сурвалж: “Гранд сэтгүүл”
Сэтгэгдэл (59)