“Гранд педиа”: Намбарын Энхбаяр
2014/10/13

Амьдралын хуудсууд эргэсээр. Нэг хүний амьдралын түүх бүхэл бүтэн улс орны он цагийн хэлхээс, гэрч болох нь бий. Бид та бүхэнд “Гранд педиа” хэмээх булангаа толилуулж эхлэх гэж байна. Хэт мэдээлэлжсэн, технологижсон эринд багц материал, нийтлэл хэвлэлд тоотойхон гарах болсон. Тэгвэл “Гранд педиа” тухайн хүний талаарх бүхий л багц мэдээллийг нэг дор өгч байгаагаараа онцлог юм. Нөгөөтэйгүүр намтарзүй хэмээх  ойлголтыг Монголын сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйлд оруулж ирэх зорилт тавьж байна. Сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйл, сэтгүүлчийн ур чадварын хувьд ч гэсэн тодорхой төвшинд ахиц гарах булан тул бид ихэд олзуурхаж буй.

“Гранд педиа”-гийн салхийг хагалах хүн бол экс ерөнхийлөгч Намбарын Энхбаяр. Унаж босож, өгсөж уруудаж амьдралын шат бүхнийг туулсан энэ эрхмийн амьдрал Монголын түүхийн салшгүй нэг хэсэг билээ.

 “Намайг түүх шүүнэ, бурхан шүүнэ!”  Намбарын Энхбаяр

 

Мах цусанд шингэсэн айдас ба хүүхэд нас

Н.Энхбаяр 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төржээ. Түүний төрсөн өдрийг би андахгүй мэддэг нь зөвхөн Эх үрсийн баяраар төрсөн болохоор нь ч цээжилсэн юм биш. Тэр Ерөнхий сайд, төрийн тэргүүн байхдаа бяцхан жаалуудыг ихэд дотночлон гэртээ урьж төрсөн өдрөө тэмдэглэдэг байсантай холбоотой. Олон олон хүүхдүүд тэдний гэрт зочилж энэ эрхэм, мундаг ахтай төрсөн өдрөө хамт тэмдэглэх юмсан гэж мөрөөддөг байв.

Манай улс төрийн лидерүүд дийлэнх нь 40 мянгатаас гаралтай, Н.Энхбаяр ч бас тэнд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Гэвч түүний сэтгэлд хүүхэд ахуйд нь арилшгүй ул мөр үлдээсэн нэгэнт гунигт дурсамжийн талаар хүмүүс одоо ч шивэр авир хийдэг. Түүний ээж Бүдхандын аавыг өвөөтэй нь хамт аваачин цаазалсан гэдэг. Ачир дээрээ 40 мянгатын харьяат гэдгээ хаа ч зарлах боловч түүний ихэд эмээж явдаг нууц нь буриад яс угсаа нь юм. Түүний аав Намбар гуай Архангайн Чулуут сумын харьяат бол ээж Бүдханд нь Октябрийн хувьсгалаар нутагтаа буцаж ирсэн буриадуудын үр удам юм. Монголын еврей ч гэж хэлж болох айн ширвээтэх, адлагдах тавилан бяцхан хүүгийн сэтгэлзүйд хүчтэй цохилт болсон байжээ. Тэрбээр 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ухуулах хуудсандаа “Аав Архангайн Чулуутынх ...” гээд ээжийнхээ нутгийг орхин “Монгол хэлний багш” гэж бичсэн байдаг.

javascript:void(0)

40 мянгатын ихэнх хөвгүүдэд зодоон цохион, охидын төлөөх дуулиант өрсөлдөөн, сархадад  хөлчүүрхэн дарвиж явсан түүх байдаг ч, түүнд үгүй. Юм болгоноос болгоомжилсон, дуу цөөтэй байгаа байхгүй нь мэдэгдэхгүй тун “санаатай” жаал байжээ гэмээр дүр зураг бууж буй юм. Ийм байхаас ч аргагүй гашуун дурсамж хүүхэд насанд нь байсан болохоор тэр шүү дээ.

Түүний хүүхэд насандаа дадал болсон хэт болгоомжлох, хардаж сэрдэх зан том болсон ч хэвээр үлджээ. Ерөнхийлөгч байхдаа Лондонд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр явахдаа мөн л болгоомжтойгоороо гайхагдсан гэдэг. Хэнтэй ч уулзахгүй хаалгаа түгжин ганцаараа ном уншиж суудаг байжээ. УИХ-ын гишүүн болоод үүднийхээ айлыг “намайг тагнаад байна” гэж Дотоод яамны оролцоотойгоор байрыг нь заруулан явуулж байж нэг уужуу амьсгаа авч байжээ.

Боловсрол

Тэрбээр 1965-1975 онд 23-р сургуульд сурч төгсөөд, 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиолын чиглэлээр суралцаж, МУИС-ийн англи хэлний курс төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Дунд сургуульд байхдаа түвд хэл, бичиг судалсан.

Карьер

Н.Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд 1990-1992 онд Соёл-урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд даргаар ажилласан. Тэрбээр 1985 онд буюу 27 насандаа МАХН-д гишүүнээр элссэнээр түүний амьдралын нэгэн шинэ хуудас эхэлжээ.

1992 онд анх УИХ-д сонгогдож, мөн тус оноос Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажилласан.

1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогджээ. 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан байна.

Тийнхүү 7 дугаар сарын 26-нд ялсан намын тэргүүний хувьд ерөнхий сайдаар томилогджээ. 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч олон суудал авсан учраас наймдугаар сард сөрөг намуудтай хамтарч Их эвслийн Засгийн газар байгуулагдахад, Н.Энхбаяр 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан юм. Тэрбээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

2009 онд ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдахь удаагаа нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн боловч нэг хувийн саналаар гол нь нийслэлд ялагдсан юм. МАХН нэрээ сольж МАН болсны дараа бууриа сахин үлдэгсэд 2011 оны 1 сард МАХН-ыг дахин байгуулахад анхны даргаар нь сонгогдсон.

2012 оны 4 дүгээр сард Авлигатай тэмцэх газар түүнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон болно.

Хориход байхдаа Энхбаяр нь төрийн ажилтнуудад салаавчаа гарган танхайрч элдвээр хараан зүхэж байгаа бичлэг нь олон нийтэд түгж нийтийг цочроосон юм. 

Шүүхээс түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил 6 сарын ял оноосон бөгөөд ялын хугацааныхаа тодорхой хэсгийг клиникийн 2-р эмнэлэгт эмчлүүлж өнгөрүүлсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 8 сарын 1-нд зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан Н.Энхбаярт уучлал үзүүлэн ялаас чөлөөлжээ.

2012 оны 4 сараас хойш Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа ба туслахуудыг нь хахуулийн хэрэгтэй холбогдуулж сэжигтнээр татсан боловч тэдгээр иргэд гадаадад зугтан гарч Интерполоор  эрэн сурвалжлагдахад хүрсэн юм.

Идэр нас  

Н.Энхбаяр оюутан болов. Түүний ээж Монголын зохиолчдын байгууллагыг тэргүүлж байсан С.Удвалын нарийн бичгийн даргаар олон жил ажилласан аж. Тэр шугамаар хүүгээ Утга зохиолын дээд сургуульд явуулжээ. Түүнд зохиолчийн авьяасын хэлтэрхий ч байгаагүй тул “төрмөл” авьяастай аатай нөхдүүдийн дунд гадуурхагдав. Одоогийнх шиг даргын, албан хаагчийн хүүхдэд давуу эрх өгөгддөггүй үе тул ердөө зохиолчийн хорооны нарийн бичгийн даргын хүү дээр нь авьяасгүй тул бас л бачимдам. Хамт сураад ирсэн Мэргэн, Нарангэрэл хоёр нь шилдэг орчуулагч болсон бол мань хүн хөдөө хөхөрч гадаа гандан хүний хэлснийг тоть шиг давтахаас хэтрэхгүй. Тэр л үед тэрбээр буй хүчээ шавхан буддизм судалж, англи хэл үзжээ. Түүнийг хориотой үед хамгийн болохгүй зүйлийг судалснаа цагаатгах гэж До яамны мэдээлэгч болсон байх гэж зарим хүмүүс таамагладаг. Үнэхээр ч ажлаа сайн “хийсэн” бололтой тэр ганцаараа хорио цээрийн хаалтыг даван гарч хөрөнгөтөн Английн Лийдсийн их сургуульд хэлний бо­ловсролоо дээшлүүлэхээр явсан. Зохиолчдын хороонд үргэлж бусдын дор орж адлагдаж явсныхаа гомдлыг тэр харин ч нэг тайлсан. Ерөнхийлөгч байхдаа өөрийн орчуулсан “бүтээл”-ээ нэг ч биш, хоёр ч биш бүр 9 ботиор Солонгост хэвлүүлж Мэргэн, Нарангэрэлээс дутахгүй орчуулагч гэдгээ баталсан гэж хэлж болно. “Өөртөө зөв дөө бөмбөр минь” гэдэг шиг хөндлөнгийн хүний нүдээр ерөнхийлөгч болчихоод ном сэлтхэн дээр нэрээ тавих гэж улайрах инээдтэй мэт боловч түүний хувьд бол асар утга учиртай зүйл байжээ.


Н.Энхбаяр АН-д  “гэрлэх” санал тавьсан ч ...

Цэл залуухан Англи, Орост боловсорсон залуу хархүү улс төрийн орон зайгаа тодорхойлох боллоо. Сонирхолтой нь насаараа МАХН шошготой явсан түүний хамгийн анх “найзлах”-аар очсон нам нь АН байсан. Гэвч яагаад ч юм нэг л наалдацгүй байж. Буддизм судалдаг хүн тэнд тийм ч гайхалтай биш өчнөөн лам нар байсны дээр англи хэлтнүүд бараг үүдний жижүүрээс нь эхлэн байв. Тэнд нэг их тод гялалзахгүйгээ мэдмэгц хүүхэд ахуйгаас нь сэтгэлд цөн түрсэн “хадны мангаа” МАХН дээр очлоо.

Мөнхийн нөхөр, мөнхийн дайсан гэж үгүй мөнхийн эрх ашиг л байдаг. Хэрвээ Н.Энхбаяр МАХН дээр очихоор сэтгэл шулуудаагүй бол, хэрвээ тэр өдөр айдсаа даваагүй бол түүний өнөөдрийн түүх бичигдэхгүй ч байсан байж мэдэх юм.

Ахмадууд голдуу МАХН дотор түүн шиг англи хэлээр ус цас ярьдаг хүн super star байв. Ахмадууд түүнийг шүтэн биширч гадаадын сурвалжлагчтай англиар ярьж барууны соёлд нэвтэрснийг нь хараад бахархлын нулимс мэлмэрүүлж байсан гэдэг.

Түүнд Р.Гончигдорж шиг, Ц.Элбэгдорж шиг гайхалтай тодотгол, гоё сургуулийн диплом байсангүй. Гэвч тэр тэндээ үнэхээр од шиг гялалзаж чадсан юм.

Гэрлэлт

Түүний гэргий О.Цолмон улс төрийн түүхэн дэх хамгийн “тод” тэргүүн хатагтай нарын нэг боловч уг гарал нь тун даруухан. О.Цолмонгийн өвөө Монголын төрийн удирдах экипажид багтаж байгаад албан тушаалаасаа онхолдсон Цэнд юм. О.Цолмонгийн бага нас ч гэсэн хардалт сэрдэлт дунд өнгөрчээ. Ю.Цэдэнбалын үед ч амьдрал дандаа дардан байгаагүй Цэнд ч бас амьдрал нь золиос болсон олон олон хүний нэг юм. Хэдий тийм амьдрал туулсан ч гэсэн О.Цолмон Зөвлөлтийн хамгийн нэр хүндтэй сургуульд явж чадсан юм. Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн диплом гардлаа. Гялалзсан залуу бүсгүй нийслэлд амьдрах, банк санхүүгийн төв байгууллагад ажилд орох, нэр хүндтэй сургуульд багшлан хэрдээ л карьер хөөж явав.

Энэ үедээ тэр Н.Энхбаяртай гэр бүл болжээ. Хоёул хардалт сэрдэлт дунд хүүхэд насаа өнгөрүүлсэн тул тун болгоомжтой гэр бүлийн хүрээнд нөхөрлөсөн найзуудаа ч алхам тутам шалгадаг байсан байж мэдэх юм. Гэрлэснээс нэлээн хожуу О.Цолмон Хөвсгөл нутгаас гаралтай мэргэн гүн Гомбожавын удам, Гомбожав нь алтан ургийн хүн байсныг нийтэд ил болгосон юм. Нөхөр нь төрийг атгаж байхад гэргий нь ийм хүн байсанд ард түмэн ч баярласан. Аргагүй л Монголын Хиллари Клинтон юм даа гэж бишрэх хүн ч олон байв.

О.Цолмонгийн атгалт

Н.Энхбаяр нэг дүр гэж бодвол түүнийг ямар дүрд тоглуулахыг шийддэг, сценарийг нь гаргадаг хүн нь О.Цолмон гэж хэлж болно. Эр хүнийг хэрхэн түлхүүрдэж амжилтанд хүргэх, замыг нь яаж засах вэ гэдгийг тэр төгс утгаар нь харуулсан билээ. Ямар сайндаа түүний өөдөөс том дуугарсан хүн нэг номерын эрхэмд боомилуулж чичирч зогсох вэ дээ. Хүзүү хаашаа, толгой тийшээ гэж энэ билээ. Н.Энхбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах зорилгоор “Чөлөөт хэвлэлийг дэмжих сан” байгуулж гэргий нь удирдах болов. Товчхондоо хэвлэлүүд түүний талаар юу дуугарахыг тэр утсан хүүхэлдэй удирддаг хүн мэт яг таг мэддэг болов. Айлгах, иргэдийг турхирах, хэрэгт холбогдуулах гэхчлэн юм чинь бас их олон уран нарийн аргатай. Одоо ч сэтгүүлзүйн хичээл дээр сүртэй жишээ болон яригддаг Х.Ханддолгорыг /”Үг” сонины эрхлэгч/ нэгэн эмэгтэйг ДОХ-той хэмээн гүтгэсэн хэргээр шоронд хорьсон дуулиан Н.Энхбаяртай холбоотой гэлцдэг. Намыг нь шүүмжилдэг, хайрт гэргийг нь “Хоёрдугаар Филатова эргэн ирлээ” хэмээн бичсэнээс үүдэн зууж байсан нь тэр.  Ингээд зогсохгүй тэднийг “цэвэр цусны Монгол хүмүүс биш” гэж том дуугардаг “Даяар Монгол”, “Хөх Монгол”-ын  нөхдийг ч амжилттай дуугүй болгожээ. Гайхалтай нь нэг л мэдэхэд Н.Энхбаярын эсрэг дуугарсан нөхдийг тэд эрлийз хэмээн нэрийдэх болсон байлаа.

О.Цолмон НАХЯ-нд Бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон очиж ердөө ганцхан сар ажиллажээ. Энэ хугацаанд нөхрийнхөө эсрэг гэх бүх мэдээллийг устгаж харин өөрт нь ирээдүйд ихэд хэрэг болох хүмүүсийн талаарх мэдээллүүдийг авч ажлаасаа гарсан талаар одоо ч яригддаг билээ. Ихэд нууц хийсэн юм шиг боловч энэ талаар Долоон буудлын Должин эмээ хүртэл аминчхан шивнэхийг бодоход нууц гэж байдаггүй ажээ. Атгалт ийм л байв.

Хожим экс тэргүүн хатагтай маань нөхрөө хэцүү нэртийн хаалга татахад торойтол зогсож хэзээ ч сүр жавхлантай байгаагүй юм шиг нунж дорой үзэгдэв. Гэвч яаж зүгээр байх вэ, багагүй хүчирхэг эмэгтэй гэдгээ харуулж АТГ-ын ажилтныг авч шидсэн шүү. Н.Энхбаярт тэр 4 сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Том хүү Э.Батшугар нь одоо Монголбанкны нөлөө бүхий албан тушаалтан болсон билээ. Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах нэрийг өөрөө олдог. Э.Батшугар аав ээжээсээ өөр замаар замнаж, тэс өөр арга барилаар ажиллан, хэзээ ч улс төрд орохгүй эгэл жирийн амьдралаар амьдрахыг ч үгүйсгэхгүй юм. Хэдий тэдний хүүхэд нас таагүй өнгөрсөн ч ерөнхийлөгч, ерөнхий сайд нам төрийн зүтгэлтэн байх үедээ дөрвөн хүүхдэдээ тун сайхан, сэтгэл дүүрэн дурсамж үлдээсэн биз ээ.

Айдас биелсэн ч...

Гэвч бодол биелдэг гэгчээр Н.Энхбаярын О.Цолмонгийн насаараа айж явсан хэлмэгдлийн айдас бодит амьдрал дээр нэг л өглөө хэрэгжлээ. Тэр том албан тушаал хашиж, төдийгөөс өдий хүртэл дээд зэргээр болгоомжтой явсан хүн гэрээсээ оймстойгоо чирүүлэн гарч ирнэ гэдэг... Тэр насаараа ийм зүйл үзэхгүй гэж хичээж болгоомжилж үе тэнгийнхэнтэйгээ аяга тагш юм уухаас ч халгаж явсан гээд бодоход тэр он жилүүд хумхын тоос. Ирэх үйл ирдэг л юм байна. Ийм ч болохоор аль ч шашин, философи, сэтгэлзүйн номонд сөрөг бодол, зөгнөлгүй байх талаар, үргэлж эерэг сайхныг бодох талаар сургадаг байх.

Н.Энхбаярын хийсэн зүйлийг зөвхөн “ам барилт” төдийхнөөр хэмжиж болохгүй. Тэр 2002 онд газар хувьчлах шийдвэрийг гаргуулж чадсан. Одоо та бага ч гэсэн газартай, залуус бид ч гэсэн нэр дээрээ алга дарам талбайтай маадгар алхаж яваа нь түүний гавьяа юм шүү. Хэзээ ч эвлэлдэн нийлдэггүй хоёр нам энэ шийдвэр дээр ердөө нэг жилийн дотор гар барилцан Н.Энхбаярын хүчээр бид газартай болжээ. Удирдагч хүчтэй байх хэрэгтэй, яг түүн шиг.



Их өрийг тэглэлээ. Гялалзсан үстэй, ганган костюмтай Н.Энхбаяр шинэ оны баярын үдэш айл бүрийн хойморт тэвхэлзтэл алхан гарч ирэв. Одоо ч гэсэн тэр дур зураг энэ хүний талаар бодох мөчид нүдэнд харагддаг. 2003 оны 12-р сарын 31-ний орой хуучин Зөвлөлтөд төлөх байсан өрийг барагдуулсан баярт мэдээг тэр дуулгав. Гэвч яагаад ч юм ард түмэн тэгтлээ баярласангүй. Угаас өө сэвгүй хүнд дургүй монголчууд түүний хийсэн бүхэн амжилттай байгаад бага зэрэг эгдүүцсэнийх биз ээ. Хоосон хүнээс хоёр чихийг нь авах биш гэгчээр эднийхээс юу ч гарахгүй гэж тоож ч харалгүй Орос өрөө тэглэж орхив. Энэ явдлаас жил гаруйхны дараагаар Оюутолгойн зэс, Сүхбаатарт цайрт минерал, Тавантолгойн коксждог нүүрс гарч ирж Монгол улс уул уурхайд дэлхийн төвшинд сонирхол татан тодрох нь тэр. Оросууд ёстой хамар дороосоо алдсандаа харамсаад харамсаад бараагүй байх. Хэрвээ өр тэглэгдээгүй бол бид хамаг байдгаа тавиад туух байж шүү дээ. Энэ өнцгөөс харахад Н.Энхбаяр үнэхээр түүхэн гавьяатай удирдагч байжээ.

Төгсөөгүй төгсгөл ба шинэ эхлэлийн өмнө

Бороо зөөлөн шивэрсэн үдэш Н.Энхбаяр Хангүг улсаас эх орондоо ирэв. Арьс нь суларч үрчийсэн, хорчийтлоо турсан, нүд нь хонхойж орсон түүнийг юу юугүй үхэх нь гэж ээжүүд өлсгөлөн зарлаж байсан цаг саяхан мэт. Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай. Төр удирдаж байсан хүмүүсээс харьд ясаа тавьж яаж энэлэн шаналсаар эх нутагтаа ирэлгүй өөд болсныг бид ярихыг хүсдэггүй ч санадаг билээ.

Н.Энхбаярыг ч бас тэгэх вий гэх айдас мөн  хэлэхгүй л болохоос хүмүүст байсан. Түүнийг Солонгосын иргэн болох гэнэ гэх мэдээлэл цацагдсаны дараа тэр ирлээ. Хэсэг мартагдсан байсан хүн магадгүй эргэн олны анхааралд орж ирэх гэсэн шуум ч гэж үзэх хүмүүс байв. Хэрвээ тийм бол тэр улс төрд дахин тоглолт хийхээр эргэлт буцалтгүй шийджээ. Ирснийхээ маргааш Төрийн ордонд хоймор эзлэн сууж буй нь үүнийг бүр ч бататгах мэт.

Улс төрд орсон бол гарах хаалга гэж байдаггүй. Н.Энхбаяр улс төрчөө болилоо гэхэд жирийн нэг оффисын ажилтан болохгүй билээ. Түүний талаар сайн муу ихийг ярьж, бичиж болох авч энд нэг л зүйлийг дурдмаар байна.

Түүн шиг улс төрийг, намуудыг зангидсан гар мэт нэг зүгт хандуулж диктатур тогтоож чадсан хүн хэн байгаа билээ? Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг толхилцож, нэг шийдвэр гаргах гэж 4 жилийг бардаг явцгүй улс төр ард иргэдийг залхааж буй. Хаана ч гэсэн хатуу гар хэрэгтэй. Далайлт нь чанга ч буулт нь зөөлөн байж ямар ч байсан ажил урагшлах нь чухал билээ.

Бид яг үүнийг л улс төрчдөөс хүсээд байна. Эвтэй, хүчтэй байгаад ажлаа яс хийгээд өгвөл өөр юу хэрэгтэй гэж?

Н.Энхбаярын улс төрийн нэгэн шинэ хуудас эхэллээ. Алдаж онож үзсэн, улс төрч, эр хүнийхээ хувьд ч тэр ид төлөвшсөн, ир нь мохоогүй үедээ явна. Магадгүй төгөлдөршил ойрхон байгаа ч юм билээ. Хэн эс мэдлээ.

Б.Уян



 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Дэмжигч
    Энхбаярыг дэмжинэ ээ энэ хүнийг нэр хүндийг унгах баахан л хүн гарж ирж байна Монголчууд бид энэ хүнээс өөр хэнийг дэмжих билээ дээ
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • кккккк
    инээдтэй юм аа УЯН гуай хөлсний мангасаа жаахан ч гэсэн үнэмшилтэй юм бичээч
    2016 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Би Энхбаяртай ойр дотно биш ч гэлээ төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнийх нь хувьд хүндлэх учиртай хэмээн үздэг. Нямдорж мэтийн хонзогногч хүн тэр яав ч биш.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Хүнчанар
    Хүн чанартай байгаач ээ гэж дээдэст хэлмээр санагдана.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
Сонин хачин