
Улс төрийн суудалтай намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын “Эмэгтэйчүүд бид ч чадна” түншлэлийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Чингис зочид буудалд болсон юм. Төрөх эмнэлэг ба хүн ам зүйн бодлого, Цэцэрлэг, Боловсрол гэсэн гурван сэдвийн дор чуулсан уг арга хэмжээг УИХ-ын гишүүн, НАЭХ-ны тэргүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун, АН-ын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нар санаачилсан аж. УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн квот батлагдаж, жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан. Тиймээс 2012 оны сонгуульд улс төрийн нам бүр дор хаяж 15 эмэгтэйг УИХ-д нэр дэвшүүлж, шийдвэр гаргах бусад шатанд хуулинд заасан квотыг хэрэгжүүлж эхлэх гэж буй юм. Тэгвэл тус чуулганыг Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, улс төрийн намуудын дотоодын бүх шатны сонгуульд хүйсийн тэгш байдлыг харгалзан баримт бичиг, дүрмийн заалтуудыг хэрэгжүүлэх, томилгоот албан тушаалууд дээр байгууллагын саналыг авдаг байх зэрэг олон асуудлыг хөндөж буй юм. АЭХ-ны тэргүүн хатагтай Ц.Оюунгэрэл хэлсэн үгэндээ “Эмэгтэйчүүд биднийг улс төрийн суудал анх удагааа хууль ёсоор хүлээж байна. Төрийн хар хайрцаг гэдгийг эмэгтэйчүүд бид хэзээ ч харж байгаагүй. Тэр хайрцаг дотор яг ямар бодлого байдгийг бид тэр болгон мэдэж байсангүй. Харин өнөөдөр бид төрд эмэгтэй улс төрчдийн авч орох өөр нэгэн хайрцагны бодлогыг ярьж эхлэхээр цугларлаа. Энэ хайрцгийг бид “ягаан” хайрцаг гэж нэрлэе. Эмэгтэйчүүд улс төрд байснаар хэн хожих, хэний эрх ашиг хамгийн түрүүнд хамгаалагдахыг энэ “ягаан” хайрцагт хадгалагдах тунхагаас хүмүүс мэддэг байх болно…” хэмээн тэмдэглэсэн юм.
Р.Эрдэнэ












Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна