
УИХ-аас өргөн барьсан тогтоолын маргааныг дахин хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өндөрлөлөө. Тус хуралдааны талаарх мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч хэвлэлийхэнд өгсөн юм. Хуралдаанаас тогтоол гарч, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “Гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан” гэж заасан нь Үндсэн хуулийн 29-р зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ…”, 14-р зүйлийн нэг дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн хоёр дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэснийг тус тус зөрчсөн тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт болон Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2012 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг маргааныг эцэслэн шийдвэрлэжээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэл нь “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь заалтын агуулгыг хэт явцууруулж, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулсан бөгөөд гэмт хэрэгт холбогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх, улмаар Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох боломжийг хязгаарлаж байна” гэжээ.
Р.Болд
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна