Монгол улс 20 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй
2012/02/12
Монгол улс 20 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй
Зэсийн үйлдвэрлэл манай дотоодын нийт бүтээгдэхүүний гол жинг дардаг байсан цаг саяхан. Харин сүүлийн жилүүдэд хар алт эдийн засгийн хэтийн төлөвийг тодорхойлох болов. Монгол орны хувьд нүүрс нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр төдийгүй эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч үнэт баялаг. Монгол улсын экспортын орлогын дийлэнхийг нүүрс бүрдүүлдэг болсноор энэхүү салбар эх орны хөгжилд шинэ хуудсуудыг нэмэх болсон юм. Дэлхийн нүүрсний хэрэглээний 60 хувийг Азийн орнууд “залгиж” буй энэ үед Монголын нүүрс эрэлттэй байх нь ч тодорхой. Тиймээс ч өнгөрөгч долоо хоног нүүрсний салбарынханы хувьд чухал өдрүүд байв. Дэлхий дахинаа нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг, ханган нийлүүлэлт хийдэг уул уурхайн технолги, техникийн компанийнхан, судлаач эрдэмтэд хоёр өдрийн турш хуран чуулж өнгөрсөн ажлаа дүгнэж, ирээдүйн ажлаа хэлэлцэв. Энэ жилийн “Coal Mongolia” онцлох үйл явдлаар дүүрэн байсны нэг нь нүүрсний чиглэлээр дагнан бичдэг мэргэжлийн “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг олборлогч”, “Шилдэг үзэсгэлэн”-г шалгаруулсан явдал байлаа. Өнгөрсөн оны олборлолтын үзүүлэлтээрээ “Энержи Ресурс” компани шилдгийн шагнал хүртсэн бол “Моннис” компани шилдэг үзэсгэлэнгийн шагнал авсан юм. Харин шилдэг сэтгүүлчээр “Mongolian Mining Journal” сэтгүүлийн сэтгүүлч Б.Төгсбилэгт шалгарч гурван сая төгрөгийн эзэн болов. Дэлхийн жилийн хэрэглээгээр газрын тосны нөөц 50 жил, байгалийн хийн нөөц 70 жил, нүүрс 250 жилийн нөөцтэй хэмээн үзсэн байдаг. Тэгэхээр энэ салбар хэр ирээдүйтэй болох нь харагдаж байна. Манай улсын нүүрсний геологийн таамаглал нөөц 162,3 тэрбум тонн төдийгүй цаашдаа ч өсөх магадлал өндөр байгаа аж. Судлаачид саяхан 20 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнд тогтоосон бөгөөд 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл буй гэж үзсэн байна.
Манай орон нүүрсний нөөцөөр дэлхийн эхний 10 орны тоонд ордог юм. Тухайлбал дэлхийн хамгийн их нүүрсний нөөцтэй улс орны жагсаалтын нэгдүгээрт ОХУ/6806,3 тэрбум тонн/ ордог бол АНУ, Хятад,Австрали,Канад, ХБНГУ, ӨАБНУ,Англи,Польш,Монгол, Энэтхэг зэрэг 10 улсууд дэлхийд ноёрхож буй. Энэ бол бидний хувьд маш том ололт, амжилт. Ялангуяа хөгжлийн чиг хандлага Ази тиврүү чиглэж буй таатай нөхцөлд энэ баялагтаа тулгуурлан хөгжлийн зөв гарцыг олж харах хэрэгтэй. Тухайлбал нүүрсний төслүүдэд хөрөнгө оруулалт татах,нөөц баялгийг өсгөх, геологи судалгааны ажлуудыг нэмэгдүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлаа бататгах, гадаад зах зээл дээр үнэлэмжээ нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд л маш олон зүйлийн талаар зөв шийтэлд хүрэх хэрэгтэй болов уу. Ингэснээр энэ салбарын хийгээд улс орны ирээдүйн хөгжил дэвшилд ихээхэн ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар Монгол орны хэмжээнд нийт 127 аж ахуй нэгж 185 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагаас 105 зөвшөөрөлтэй талбайд 50 гаруй аж ахуй нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн оны нүүрсний нөөцийг 2009, 2010 онуудтай харьцуулахад 9,7 дахин нэмэгдэж байгаа нь энэ салбарын хөгжил улам хурдсаж байгаагийн нэг илрэл юм. Өөрөөр хэлбэл 2010 онд 25 сая тонн нүүрс олборлож, 18 сая тонныг экспортолсон бол өнгөрсөн онд 32 сая тонн нүүрс олборлож 25 сая тонныг экспортлосон гэх өндөр үзүүлэлт ажиглагдах болсон. Энэ тоо ойрын жилүүдэд улам өсөх хандлагатай байгаа бөгөөд 2025 он гэхэд нүүрс үйлдвэрлэл 95 сая тоннд хүрэх тухай манай мэргэжилтэнүүд таамаг дэвшүүлж буй. Энэ тохиолдолд Монгол улсын эдийн засагт олон тэр бум ам.долларын орлого дан ганц нүүрсний экспортоос орж ирэх сайхан боломж гарч ирэх нь лавтай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна