Сангийн яамнаас хандивын данс нээлээ
2017/02/03

Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилж, хандивын аяныг эхлүүлсэн. Түүний уриалга, санаачилгыг аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй дэмжиж хандив, тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 20 сая, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 10 сая төгрөг хандивлахаа мэдэгдээд буй.

Хэдийгээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Засгийн газар  ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа" гэж байр сууриа илэрхийлсэн боловч иргэд хандив өгөхөө илэрхийлсээр байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан ёсны хандивын данс нээхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон.

Мөн эх оронч санаачилга эхлүүлсэн, үүнд нэгдсэн иргэдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсоор талархал илэрхийлэх, хандивын аянд оролцсоныг нотлох батламж хадгалуулах зэргээр тухайн иргэдийг алдаршуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон юм.

Энэ дагуу Сангийн яамнаас хандив, тусламжийн орлогыг төвлөрүүлэх “Хандив”-ын төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийнбанк болон Монголбанканд нээснийг мэдээллээ. Үүнд:

Төрийн сан 100900080800 Хандив MNT,

Монгол банк 3332444 Хандив USD,

Төрийн банк 106030080800 Хандив MNT, USD

Дээрх дансуудад цугларсан хандив болон түүний зарцуулалтын талаарх мэдээллийг Сангийн яамнаас олон нийтэд ил тод, тогтмол мэдээлэх юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин