Арбитрийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэнээр чуулганы хуралдаанд шилжүүлсэн. Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх юм. Энэхүү хуулийг баталснаар олон талын давуу талтай гэж УИХ-ын гишүүд үзэж байна. Харин тодорхой хэдэн заалтууд дээр эсрэг “кноп”-той байгаа О.Баасанхүү гишүүний байр суурийг хүргэж байна.

- Арбитрийн шүүх, Арбитрийн тухай хуулийн талаар иргэд төдийлөн сайн ойлголтгүй явдаг. УИХ дахь хуульч гишүүний хувьд тодорхой ойлголтыг маш энгийнээр тайлбарлахгүй юу?
-Уншигчдад маш энгийн утгаар ойлгуулахад, зөвшилцлийн байдлаар дундын шүүгч гаргаад дундын шүүхээрээ шийдвэр гаргавал, тэр шүүх нь эцсийнх байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч тал өөрийнхөө сонирхсон шүүгчийг сонгоно. Хариуцагчийн хувьд ч өөрөө шүүгчээ сонгоно. Эдгээрийн сонгосон шүүгч хоорондоо ярилцаж байгаад ерөнхий шүүгчээ томилно. Ингээд гурван шүүгчээр шийдүүлдэг.
Олон улсын худалдааны байгууллага буюу манайд бол Худалдаа үйлдвэрлэлийн танхимын дэргэд Арбитрийг сонгоод хамгийн шилдэг гэсэн хүмүүсийг томилон ажиллуулна. Хуульч, эдийн засагч гээд мэдлэг чадвар, арга барил, туршлага, нэр хүндээрээ тэргүүлэгч хүмүүсийг Арбитрийн шүүхэд томилдог. Улмаар хариуцагч болон гомдол гаргагч тал өөрийн асуудлыг зөв шийдэж чадна гэсэн итгэл үнэмшилтэй хүнээ сонгон хэрэг маргаанаа шийдвэрлүүлдэг. Нэг талаараа зөвшилцлийн байдлаар эвлэрүүлэн зуучлах гэдэг шиг зөвшилцөх байдлаар бодит үнэнээ тогтоолгуулна гэсэн үг.
Арбитрийн шүүхэд сайн талууд бий. Цаг хугацааны хувьд түргэн шуурхай, нэг удаа, хоёр талууд аль аль нь нотлох баримтаа цаг хугацаандаа гаргаад, ил тодоор мэтгэлцээд, үүний дараа шүүгч нар сууж байгаад эцсийн шийдвэр гаргадгаараа онцлог.
Миний хувьд би Арбитрийн хуулийг өөрчлөх НҮБ-аас гаргасан дүрэм журам, мөн Олон улсын худалдааны байгууллага, гэрээ хэлцэлд нийцүүлсэн байдал, мөн цаашдаа Монгол Улсын Арбитрийн байгууллагын нэр хүндийг өсгөх гэсэн зорилгоор энэ хуулийг гаргаж байгаад дэмжиж байгаа.
Түүнчлэн, энэ хуулийг баталсантай холбогдуулж гаргаж байгаа дагалдах хууль буюу иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний хууль болон зарим хуулиудад өөрчлөлт орж байгааг ч дэмжиж байгаа.
-Тэгвэл яг ямар заалтыг нь эсэргүүцэж байгаа юм бэ?
- Ганцхан дэмжихгүй байгаа зүйл төрийн зүгээс тусгай зөвшөөрөл өгөхдөө, тусгай зөвшөөрлийг хянахтай холбоотойгоор ямар нэгэн маргаан гарвал Монгол Улсын шүүхээр шийдүүлнэ гэсэн заалт дунд нэмж Арбитр гэдэг үг оруулж байгааг эсэргүүцэж байна.
Эрх баригчид болон зарим нэгэн хүмүүсийн хувьд сонголт байна. Шүүхээр ч байж болно, Арбитраар ч байж болно заавал нэг нь байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Гэхдээ би өөрөө өмгөөлөгч байсан хүн учир бодит байдлыг мэдэж байгаа шүү дээ. Бүх хүн шүүхийн байгууллагыг биш арбитрыг сонгоно. Энэ нь Монгол Улсын шүүх муу гэж байгаа юм биш. Гагцхүү тухайн улсаас гаргаж, ядаж л төсөв санхүүгийн дарамтанд байлгаж, асуудлыг өөрт ашигтайгаар шийдэх гэж оролддог. Би үүнийг л эсэргүүцээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдүүлнэ гэсэн заалт дунд арбитр гэдэг үгийг оруулж өгөхгүй байх хэрэгтэй.
-Эрсдэл үүснэ гэж л үзээд байгаа юм байна. Тэгж ойлгож болох уу?
-Зөвхөн эрсдэл биш юм аа. Энэ бол бодлого. Монгол Улсын үндсэн хуулинд “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж байгаа.
Газрын тосоор жишээ авч үзье л дээ. Гэрээнд хөрөнгө оруулсан тал ч юм уу аль нэг тал гэрээнд асуудал гарвал арбитраар, ингэвэл арбитраар гээд заагаад өгчихнө. Яагаад Арбитрийн шүүхээр гэж байгаа юм бэ гэж манай талаас асууя гэж бодоё л доо. Гэтэл танай хуулинд Арбитр эсхүл шүүх гэсэн байна л гэнэ шүү дээ. Ингээд шүүхэд өглөө гэхэд Монгол Улсын нэр хүнд л унана. Өмгөөллийн зардал гээд сая доллараас дээшхи зардлыг гадны компаниудад өгнө. Ийм л аюул байна даа.
Хөрөнгө оруулагч компанийн асуудал бол хамаа алга. Би төрийн тухай яриад байна. Төрийн эрх мэдэл бүхий тусгай зөвшөөрлийг маргаан үүссэн тохиолдолд Арбитраар шийднэ. Тухайлбал, ХХЗХ хувьчлал хийх гэж байна. Тэнд хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байгаа. Маш төвөгтэй байдал үүснэ. Ирээдүйд гарах эрсдлүүд дээр санаа зовоод байгаа юм.
-Арбитрийн шүүхэд хандана гэдэг чин давж заалдах шүүх байхгүй гэсэн үг биз дээ?
-Байхгүй.
-За таны хэлж буйгаар эрсдэл байгаа юм байна. Тэгэхээр эрсдлийг тооцож үзээд яах ёстой байсан юм?
-Хуучин хуулиараа л байх ёстой. Гадныхан лоббигоор ийм заалт оруулахыг маш их хүсч байгаа. Тэр заалтыг нь болиочээ л гэж би хэлээд байгаа юм.
-Энэ хууль батлагдсанаар иргэд гадны өндөр өртөгтэй орны Арбитрийн шүүхэд хандахгүй, зардал мөнгөө хэмнэхээс эхлээд давуу талтай гэх юм?
-Арбитрийн хуулийн дүрэм дээр аль улсын арбитраар шийдэхийг зөвхөн гэрээгээр шийднэ гэж байдаг. Энэ хууль батлагдсанаар Монгол Арбитраар үйлчлүүлнэ гэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, Лондонгийн арбитр гэж үзвэл Лондон, Хятад гэж бичвэл Хятад шүү дээ. Түүнээс биш би Монголоороо шийдүүлнэ ээ гэсэн зүйл байхгүй.
Монгол Улсын хуулин дээр та маргаан гарвал Арбитрийн шүүхээр шийдүүл гэчих юм бол нөгөө талын хүмүүс та нар арбитраар шийдэж болно гэсэн юм чин хоёулаа гэрээн дээр маргаан гарвал арбитр гэж бичье. Харьяалалаа Лондон гэж бичье гэвэл тэгээд л Лондон. Монголоор гэж байхгүй. Энэ бол үлгэр. Арбитр гэвэл харьяалалаа өөрөө сонгох эрх нь үүсчихэж байгаа юм. Харин шүүхээр гэвэл хүссэн хүсээгүй Монголын шүүхээр асуудлаа шийднэ. Арбитр гэвэл харьяалалаа өөрөө сонгох эрх нь үүсчихэж байгаа юм.
Д.Ундрах
Сэтгэгдэл байхгүй байна