“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой олон асуудлын цор ганц гогцоо бол Худалдаа хөгжлийн банк, банкны эзэн, нууц ноёнтон “Сахал” Д.Эрдэнэбилэг. Ёстой л нэг мафийн сүлжээнд орсон аятай хэсэг нөхдийг Монголын ард түмэн гадарлана. Харин улстөрчид бол андахгүй.
Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай, Х.Бат-Эрдэнэ нар бол аливаа зүйлийг өөрийн болгохдоо гаргуун улс. Хүргэн ах, хүргэн дүү, хүргэн болцгоосон эдгээр улс Монголын хамгийн томоохонд орох газруудыг ямар нэгэн арга саамаар өөрийнх болгосоор... Ер нь бол Д.Эрдэнэбилэг гэж хүн өнгөрсөн жилүүдэд нууц ноёнтон маягаар ажиллаж, амьдрахдаа Монголын эдийн засгийн цусны эргэлтэд чухал нөлөөтэй салбаруудад ноёрхлоо тогтоож ирснийг олон баримтаас харж болно. Яг одоогийн нөхцөл байдалд бол тэрбээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн нууц ноёнтон болж, удирдлагыг гартаа аван эзэн сууж байгааг албан бус эх сурвалжууд хэлж байна.

Нэг хэсэгтээ л Улаанбаатар хотын банкыг булхайтай аргаар хувьд шилжүүлэн авлаа гэх мэдээлэл шуугиан дэгдээж байсныг уншигчид маань санаж байгаа байх. Тодруулбал, Хотын мээрин байсан Ж.Наранцацралт хамгийн анх "Улаанбаатар Сан" хэмээх санг Нийслэлийн хөгжилд хөрөнгө оруулах зорилгоор байгуулсан байдаг. Харин хожим одоогийн УИХ-ын дарга М.Энхболд түүний орыг залгамагцаа банк болгочихсон түүхтэй. Ингээд анх “Улаанбаатар хотын банк”-ны нийт хувьцааны 75 хувийг нийслэл, үлдсэн 25 хувийг УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, М.Энхболд тэргүүтэй хотын захиргааны удирдах албан тушаалтнууд эзэмшиж байжээ.
Гэтэл тэд банкны хувьцааг дур мэдэн өөрчилж, нийслэлд 25 хувь, бусдыг нь өөрсдийнхөө мэдэлд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл улсын хөрөнгийг аажмаар хувийн банк болгоод авчихсан энэ будлиантай хэрэг хэзээ хойно олон нийтэд ил болсон ч хариуцлага хүлээсэн хүн одоог хүртэл байдаггүй юм.
МАН дотроо фракцтай. Харин М.Энхболд Х.Бадамжунай нар нэг фракц бөгөөд “Улаанбаатар хотын банк” энэ фракцын гараар орсон гэсэн үг. Тэгвэл энэ банкны 80 хувийг одоо “Сахал” Д.Эрдэнэбилэг гэх эрхэм эзэмшдэг. Харин Сахал Д.Эрдэнэбилэг бол Х.Бадамжунайн том охиных нь нөхөр. Тэгэхээр тэрбээр том хүргэндээ энэ банкыг шилжүүлээд өгчихжээ гэсэн үг.
Мөн Д.Эрдэнэбилэг нь Женко Х.Баттулгатай залуугаасаа нөхөрлөж, ганзгын наймаанд хамтдаа зүтгэж байсан нэгэн.
Д.Эрдэнэбилэгийг талийгаач дуучин Д.Эрдэнэцэцэгийн төрсөн дүү гэдгээр нь зарим хүн андахгүй. Харин талийгаач Д.Эрдэнэцэцэгийн охин нь “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнийн эхнэр Наранчимэг. Тиймдээ ч Д.Эрдэнэбилэг төрсөн эгчийнхээ охин Наранчимэгт “Худалдаа хөгжлийн банкны”-хаа 15 хувийг бэлэг болгон өгсөн юм билээ.
Худалдаа хөгжлийн банк Д.Эрдэнэбилэгийнх болсон түүх нэг иймэрхүү. Мөн “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ “Сахал” Д.Эрдэнэбилэг болоод Худалдаа хөгжлийн банктай холбогдож байгаа түүх бас нэг иймэрхүү.

Одоо харин Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудал руу эргэн ороё. Эрдэнэт үйлдвэр бол Монгол, Оросын хамтарсан үйлдвэр. Гэхдээ Монгол Улсын газар нутагт үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаараа манай улсын хууль журмаар бүх гэрээ хэлцэл, худалдан авах процетур явах ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг маш өндөр нууцын зэрэглэлд хийсэн гээд байгаа. Гэтэл Төрийн нууцын тухай хуульд зааснаар нууцын зэрэглэлийг ҮАБ зөвлөлөөс тогтоодог. Тэгвэл ҮАБЗ-өөр энэ асуудал орсон юм уу гэдэг бас л эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, шилжсэн процесс нь яахын аргагүй олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм.
Энэ асуудлаар Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш саарал ордонд нилээн ширүүн яригдаж, маргаан ч дагуулсаар. Мэдээж хэргийн гол эздээр нэрлэгдээд буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монгол банкны удирдлагуудын юу ярих нь ойлгомжтой. Мөн Засгийн эрхийг гартаа авсан МАН-ын зүгээс ч хэрхэн довтлох нь тодорхой. Гагцхүү энэ бүгд "борооны дараа цув нөмрөнө" гэдэг л болоод буйд учир буй. Нөгөөтэйгүүр одоо ЗОХИХ ХАРИУЦЛАГЫГ НЬ ҮҮРҮҮЛЭХ гэдэг л үлдчихээд байгаа ч юм шиг.
Мөн "Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдах албанд нууц байдлаар нөлөөлж буй гэх "сахал" Эрдэнэбилэгтэй холбоотой зүйлсийг нэгэн цагт УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч цухалзуйлж байсныг ч санах л хэрэгтэй.
“ Монгол улс Эрдэнэбилэг гэдэг хүний хувийн компанид шилжчихлээ. Эрдэнэбилэг гэдэг эзнээ үзчихээд үхмээр байна. Юунд нь нуугаад байгаа юм та нар. Даварсаар даварсаар дагвын оронд гэдэг юм болж байна. Энэ бол зөвхөн “Эрдэнэт”-ийн асуудал бишээ. Монгол түмний амьдралын хэв маягийн асуудал яригдаж байна. Энэ мафийн бүлэглэл Монгол төрийн толгойд сууж хүссэн бүхнээ хийх үү гэдэг асуудал яригдаж байна. АНУ-ын арилжааны банкууд ингэж ард түмэн, газар нутгаа цөлмөж байна уу хардаа та нар. Сүхбаатарын талбайн урд хэсгийг эдний эзэн нэг компани байгуулж байгаад авчихсан. Тэр компанийн өрөөнд очихоор хүн байдаггүй. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг бас энэ компанийн эзэн авч байгаа. 3.4 км зам тавьж байгаа. Үүнийгээ жилийн дотор эргүүлээд төрд зарж байгаа. Зарах ч биш шахаж байгаа. 500 сая долларын баталгааг энэ компанид гаргаж өгч байгаа” .
Энэ бол Ц.Нямдоржийн Д.Эрдэнэбилэгийн талаар хэлж байсан үг.
Үнэхээр түүний хэлж байгаачлан Монголын төр энэ мафийн гэмээр бүлэглэлийн үйлдлийг ил, далд хэлбрээр дэмжсээр ирсэн юм биш биз!!!
Д.Дуулим
Сэтгэгдэл (60)