
Монголын толгой компаниудын нэг MCS хүрээгээ тэлсээр олон улсын зах зээлд тоогдож эхэлсэн. Тэр байтугай ерөнхийлгчийнх нь нэр дэлхийн тэрбумтнуудын тоонд бичигдэх болсон гээд тун ч өөдрөг амжилтаар энэ оныг үдэж буй тус групп улс төрд лавхан орохоор эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Угаас алив том бизнес улс төрийн малгайгүй урагшилдаггүй нь жам хойно өмнө нь тэд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй нөлөө бүхий улс төрчдөөр дамжуулан улс төр бизнес дамнасан олигархи тогтолцоог бат нот цогцлоож чадсан. Тэгвэл энэ удаад хэн нэгнээр дамжуулж бус өөрсдийн улаан нүүрээр улс төр хийхээр шийдсэн бололтой. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд ноён Ж.Оджаргалыг Сү.Батболдын оронд томилж, ээлжит ерөнхий сайдаар тодорно гэх яриа хаа сайгүй тэнүүчилж явна. Бор шувуу юу, бодит мэдээлэл үү гэдгийг цаг хугацаа харуулах хэрэг.
Харин бат нот мэдээ гэвэл MCS-ийн 2 хөрөнгө оруулагч ирэх сонгуульд нэр дэвших нь хэдийнэ тодорхой болсон бөгөөд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хувьд сурталчилгааны ажлынхаа 80 хувийг нугалаад байгаа аж. Нэгэн цагт MCS-ийн охин компани “Спирт бал бурам”-ыг удирдаж байсан ноён Л.Элдэв-Очир Баянхонгор аймгаас нэр дэвшинэ. Энэ жилийн наадмаар 50 сая төгрөг нутагтаа хандивлаж бэл нүнжгээ гайхуулсан мань эр хонгор нутгийнхны хамаг л ой, арга хэмжээг ивээн тэтгэж магнайг нь тэнийлгэж байгаа гэнэ.
Хөрөнгөтэй хүний бийлэгжүү зан гаргаж хаа сайгүй мөнгө цацаж яваа нэг нам боловч тойргийн хувьд өрсөлдөгч Г.Занданшатарын дургүй, зэвүүг нь зэрэг хүргэж, чи бидээ тулаад авсан нь цөөнгүй гэнэ. MCS-ийн томоохон хувьцаа эзэмшигчдын нэг тэрээр өдгөө MCS группийн дэд ерөнхийлөгчийн алба хашдаг бөгөөд Ж.Оджаргал, Ж.Од нарын хамт Зайсангийн Villa Vista хотхонд аж төрдөг. Бизнесийнхээ хажуугаар Ерөнхий сайдын Хүнс хөдөө аж ахуйн бодлого хариуцсан зөвлөхийн албатай зайтай эр.
MCS-ийн 2 дахь нэр дэвшигч нь мөн л томоохон хувьцаа эзэмшигчдийнх нь нэг Энхтүвшин. Олонх нь загвар өмсөгч Нямцэцэгийн нөхөр гэдгээр нь танимхайрдаг ноён Энхтүвшин Хөвсгөл нутгаас нэр дэвшинэ. Сурталчилгааны ажлаа чимээгүйхэн эхлүүлсэн тэрээр одоогийн байдлаар гэхэд л 100 сая төгрөг тойрогтоо цацаад байгаа аж. Хөсвгөлчүүдийг тэр чигээр нь Unitel-ээр зэвсэглэж, Допинг хэмээх дугаараа үнэгүй тарааж яваа ноён Энхтүвшин хөрөнгө байхад сонгуульд ялалт байгуулах амархан хэмээн ярьсан нь журмын нөхдийнх нь аазгайг хөдөлгөж байгаа гэсэн.
Анхны эхнэрээсээ салж 2 дахь гэргийгээрээ 90-ээд оны чадварлаг загвар өмсөгчдийн нэг Нямцэцэгийг сонгосон ноён Энхтүвшин гэргийгээ эрхлүүлэх шиг болдог гэдэг. Баян хүний эхнэр болж зовох юмгүй амьдрах болсон Нямцэцэг хатагтай Irish-ын coffe corner, Шангри ла-гийн 3 давхрын Bugis –ыг хариуцан ажиллуулдаг.
Ийн Монголын толгой компани улс төржихөө ил шулуухан тунхаглаж, 2 хувьцаа эзэмшигчээ сойгоод бужигнаантай байна. Мөнгөөр улс төр хийхээс аль болох зайлсхийж буй энэ цаг үед мөнгөн бороо оруулж буй эрхэм бизнесмэнүүд харин ялалт байгуулах эсэхийг ирэх он харуулна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна