БЭЛЭН МӨНГӨНИЙ АТМ!!
2011/12/28
Монголын тэргүүн баяны цорын ганц өв залгамжлагч МАК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч  Н.Номтойбаяр МАН-ын дэргэдэх улс төрийн дамжин өнгөрүүлэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн албанд очиж  намын гэхээсээ илүү өөрийнхөө мөнгөөр улс төрийн шог гараагаа амжилттай эхэлж яваа. Түүнийг журмын нөхөд нь мөнгөтэй учраас бидэнд хэрэгтэй, бид нөлөөтэй учраас түүнд бид хэрэгтэй гэж үздэг гэсэн. Ямартай МАН-ын залуучуудын байгууллагын нэр дээр болсон 20-иод аймгийн бүх арга хэмжээний зардлыг Н.Номтойбаяр гаргасан гэнэ. Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Архангай зэрэг аймагт “Мини тусгаар тогтнол”-ын өргөө гэгчийг байгуулж, үүдэнд нь “Н.Номтойбаярын санаачлагаар барив” гэсэн бичиг хаддаг гэж байгаа. Нэрээ үлдээх гэсэн арга ч юм уу даа. Харин эрхэм баяны барьж өгсөн тусгаар тогтнолын өргөө нь тухайн аймгийн  намд ажилладаг хүмүүс л орох эрхтэй, жирийн иргэдэд хаалттай аж. Нутгийн иргэд  Н.Номтойбаярын босгосон тусгаар тогтнолын өргөөнд “Номтойбаярын зочны өрөө” гэсэн нэр өгөөд амжсан байна лээ.
Өөрийгөө хэмжээлшгүй хөрөнгөтэй нэгэн хэмээн өнгөрсөн хугацаанд хэвлэлээр дамжуулан хангалттай нийгэмд хүргэсэн түүний хамгийн сүүлд өөртөө өгсөн нэр нь “БЭЛЭН МӨНГӨНИЙ АТМ”. Яах гэж тийм нэр өгсөн нь бас л сонин. Өнгөрсөн зун олон тэгш ой тохиож, Монгол даяараа баахан наадам тэмдэглэсэн дээ. МАК-ийн Н.Номтойбаяр ч зүгээр суугаагүй, Дорнод, Сэлэнгэд зуу зуун саяар хандив өргөсөн. Хариуг нь дараа бодоорой гэсэн гэж байгаа. Цаашилбал, компанийнхаа дэргэд МАК сан гэгчийг байгуулж Дорнодын хүүхэд залуучууд руу чиглэсэн арга хэмжээнд хагас тэрбумыг цацаж амжсан тэрээр зүгээр хүнд юм өгнө гэж байхгүй. Дорнодод нэр дэвших ажил нь 80-90 хувьтай явж байгаа. Эрх мэдэлд хүрэхийн тулд чөтгөртэй нийлсэн ч яахав гэдэг шиг  Н.Номтойбаяр сүүлийн үед Дорнодын засаг дарга Ц.Жанлаваас зайгаа барьж, УИХ-ын гишүүн Д.Одбаяртай ойр шадар ажиллах болсон нь замын дундаас нөхрөө хаядаг муухай Монгол зан гэлтэй.
Уг нь биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Н.Номтойбаярын хувьд  биеэ хэдийнэ зассан байх л даа. Сайн эцгийн буянаар хэнээс ч дутахгүй боловсрол, мэдлэгтэй гэдэгтэй нь хэн ч маргахгүй байх. Герман, Англид  бизнес, эдийн засаг, улс төрийн чиглэлээр мастер хамгаалсан гэдгийг нь бизнесийн хүрээнийхэн ярьдаг. Харин гэрээ бол арай засч амжаагүй яваа. Хоёр хүүхдийн аав, өрх толгойлсон эр. Хүүхдүүдээ АНУ-д ээжээс нь тусдаа амьдруулж байгаа бөгөөд  Монголд ховорхон авчирдаг гэдэг. Охид хүүхнүүдэд угийн нугасгүй мань эр сайхны өмнө харц буруугүй гэж гэмээ  цайруулдаг. Намынхаа экс дарга С.Баяр, эрхэм гишүүн О.Чулуунбат, Ц.Мөнх-Оргил нарын эрхмүүдтэй айлсаж, Зайсанд 200 саяын үнэтэй хауст амьдардаг, хэзээ ч эгэл бор амьдрал үзээгүй Н.Номтойбаяр улс төрд ороод ямар зам мөр гаргах бол гэдэг хамгийн их сонирхол татаж байгаа юм. Түүний хамгийн дотны зөвлөх нь МАК-ийн ерөнхийлөгч буюу Н.Номтойбаярын аав ноён Б.Нямтайшир. Улс төрийн хувьд хамгийн том зөвлөх нь экс ерөнхийлөгч Н.Багабанди, ерөнхий сайд асан Б.Содном нар. Уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг МАК-ийн нууц ноёнтнууд угаас Н.Багабанди, Б.Содном нар гэдгийг бид хэдийнэ мэдэх болсон билээ. Улс төрийн амтанд орсон хашир бурхинууд хамгийн боломжтой хувилбар, улс төрд шургуулж болох кандидатаа Н.Номтойбаяр гэж эртнээс онилсон гэдэг. Мөнгө байхад “зодож” байгаад гараад ирж болно гэж тэд тооцоолсон нь хэр оновчтой таамаг болохыг ирэх 6-р сард бид мэднэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин