“Оффшор” С.Баярцогт улайрчээ
2014/12/08

С.Баярцогт гэж хүн ЗГХЭГ-ын дарга болохыг чин сэтгэлээсээ хүсч буй гэдгээ бататгалаа. Ангийн нөхөд нь түүнд ёсзүйгүй үйлдэл хийснийг нь хэчнээн сануулаад, хүслийг нь хорьж дийлэхгүй байгаа янзтай.  Тэр гэмтэй нэгэн гэдгээ үгүйсгэхгүй байгаа ч, эрх мэдлийн төлөө бол тэрийгээ  тоож байгаа ч юм алга. Тиймээс түүнд сануулах нь зөв биз ээ.

“Мэйжор Бритиш файнэншиал индастри”,  “Олон улсын эрэн сурвалжлах холбоо” ICIJ-гийн зүгээс дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд болоод томоохон компаниудын оффшор дахь дансуудтай холбоотой мэдээллийг олж авснаа олон улс даяар зарласны дотор Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогттой холбоотой анхаарал татсан мэдээлэл байсан билээ. Түүнийг 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа Их Британийн Виржинийн арлууд дээр “Legend Plus Capital Limited” хэмээх нууц компанийг байгуулсан, Швейцарийн банкинд данс нээж 1 сая ам.доллар хийсэн, 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримт нь олдсон гэх мэдээллүүдийг дэлхийн нэр бүхий хоёр байгууллагын хамтарч гаргасан мэдээллээс харж болно. Тэр өөрөө ч Швейцарийн банкин дахь дансаа хүлээн зөвшөөрсөн. Бас компаниа нуусан гэдгээ хэлсэн. Тэгэхдээ “Legend Plus Capital Limited” компанийнхаа дансан дахь 2.9 сая төгрөгийг “Нидо” компанийнхаа хөрөнгөнд хавсарган мэдүүлсэн гэсэн нь үнэмших аргагүй үлгэрийн тайлбар байв. Түүнчлэн С.Баярцогттой холбоотой асуудлыг дагаад найзуудтайгаа нийлж хувьцааны бизнес хийхээр төвлөрүүлсэн мөнгө нь 1,6 мянган евро юм уу, эсхүл 1 сая ам.доллар юм уу, хэрэв дансанд нь хамгийн ихдээ 1 сая ам.доллар орж байсан юм бол тэр үе нь яг хэзээ юм бэ. Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө юм уу, дараа нь юм уу гэхчлэн асуултууд гарч ирж байна. Өөрөө хэлэхдээ бол “энэ нь 2008 оны тавдугаар сард болохоор миний Сангийн сайд болохоос өмнө мөн Оюутолгойн хэлэлцээрт орохоос өмнөх үйл явдал. Тэгэхээр энэ хоёртой хардах үндэслэлгүй” гэж байсан. Энд  данс нээсэн цаг хугацааг яриад байгаа юм. Мэдээж дансыг бол тэрнээс өмнө 1.6 мянган ёвротой нээсэн байж болно л доо. Харин Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны нөхдүүдийн гаргаж тавьсан 1-2.5 сая ам.долларын нууц хөрөнгө төвлөрсөн цаг хугацаа хэзээ вэ гэдгийг манай хууль хяналтынхан мөшгиж, илрүүлэх ёстой юм биш үү.  Оюутолгойн гэрээг батлахад онц чухал үүрэг гүйцэтгэсэн гурван сайдын нэг тэрээр оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгодог  бүсэд байгуулсан нууц компанийнхаа баримт бичиг дээр улсынхаа нэрийг Хятадын Монголын Улаанбаатар гэж бичсэн байсныг бид нүдээрээ харж танилцсан. Ер нь бол түүнийг зөвхөн ёсзүйн алдаа гаргасан гэж үзэн, хамгаалж авч гарсан процесс Монголчуудын нүдний өмнө л өрнөсөн шүү дээ. Ардчилсан намын шилдэг лидерүүдийн нэг түүнийг элбэрэлт намынх нь нэр бүхий нөхдүүд аваад л гарсан.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэм С.Баярцогтын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “...С.Баярцогтын асуудал гэхээр нэг хувь хүн, нэг иргэн, нэг гишүүн орлогоо мартсан юм уу, нуусан тухай асуудал биш.  Монгол төрийн Сангийн сайд нь гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудал. Тэгэхээр Монгол төрийн ёсзүй, ёс суртхууны асуудал энд босч ирнэ. УИХ  дээр энэ талаас нь үнэлж, дүгнэж ярьсангүй. С.Баярцогт гэж хүнийг хэлэлцэх тухайгаа  шийдэх л гэж жаахан жонхуу хутгаад өнгөрлөө.  Ер нь төрийн сайд хүн өөрийнхөө улс орны нэрийг бичихдээ бусад орны харьяат улсын байдлаар биччихээд тэрэн дээрээ гарын үсэг зурна гэдэг чинь бие даасан хариуцлагын асуудал яригдах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа тэдгээр баримтуудыг харахад бүх баримтан дээр хөх чернилиэр гарын үсэг зурсан байсан. Гэтэл өөрөө  тэр талаар юу ч мэдэхгүй, цаад банк нь буруутай юм шиг яриад байдаг. Уг нь бултахын аргагүй л баримтууд байна лээ. Энэ нь анхнаасаа л бохир гэдэг нь харагдаад байгаа юм.  Миний бодоход С.Баярцогтын асуудлаас монгол төрийн хийх гол дүгнэлт бол ер нь төрийн албанд байгаа улсууд даяаршсан ертөнцийн ололтуудыг буруу тийш нь ашиглаад өөрсдөө гадагшаа хөрөнгөө зөөж компаниуд байгуулж, гадны компаниудад үйлчлээд явах юм бол Монгол улсад хохиролтой гэдгийг ойлгох цаг болж. Энэ бол зүгээр яриад өнгөрөх асуудал биш.УИХ үүнд хариуцлагатай хандсан бол нэгдүгээрт, төрийн өндөр албаны хүмүүс, Ерөнхийлөгчөөсөө эхлээд агентлагийн дарга нар хүртэл  бүх хүмүүсийн гадаадад байршуулсан мөнгө, данс, эзэмшиж байгаа хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллийг тусад нь гаргуулж авах тухай асуудал байх ёстой. Гадаад орнуудад юу байна вэ гэдгийг маш нарийн шалгах ёстой. Жишээ нь, ОХУ-д Засгийн газрын гишүүдийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнуудыг гадаадад данстай байхыг, гадны хувьцаа эзэмшихийг хориглолоо. 

Ер нь төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад хөрөнгө мөнгө байршуулахыг зөвшөөрөх үү  гэдгийг шийдэх ёстой. Гэтэл ийм зарчмын асуудлуудаа хэлэлцсэнгүй. Тэгэхээр С.Баярцогтын асуудал  зэрэмдэг шийдэгдсэн. Цаашдаа яригдах байх. С.Баярцогт гэдэг хувь хүний улс үндэснийхээ эрх ашигт хандсан хандлагын асуудал бол ганцхан энэ данстай холбоотойгоор биш, ганц Оюутолгойтой холбоотойгоор биш өөр бусад  асуудлуудтай холбоотойгоор ч яригдах үндэслэлүүд байгаа... С.Баярцогтынх шиг ийм  асуудал дээр нийгмийн талаасаа маш хурц шаардлага тавьж, төрийнхнийг хаших хэрэгтэй. Нөгөө талаас Ерөнхийлөгч, шударга ёсны төлөө тэмцэх үүрэгтэй бүтцүүд болох АТГ, шүүх, хяналтынхан, эдийн засгийн цагдаагийнхан ажиллах ёстой...  Ер нь бол эрх мэдэл бүхий байгууллагууд нь тайлбар өгөөгүй цагт С.Баярцогтын амаар монгол түмэн итгэл үнэмшил олохгүй гэдгийг хэлэх нь зөв юм. Энгийнээр бодоход С.Баярцогт гэдэг хүний дансанд хаанаас мөнгө орсон юм. Юунд зарцуулагдсан юм. Нөгөө талаас хамтарсан нөхдүүд гээд байгаа нь хэн юм бэ. Тэр хүн яагаад тэр бланкан дээр  Mongolia, China гэж бичсэн юм. Энэ мэт асуудлууд дээр эрх мэдэл бүхий байгууллагууд тайлбар өгөх ёстой.” хэмээн ярьж байгаа юм.

Ер нь бол улстөрчийн төлөвшлийг олсон ичиж, зовох булчирхайтай хүн байсан бол С.Баярцогт шиг төрийн ордонд инээд алдаад алхаж явж чадахгүй л болов уу. Гэвч С.Баярцогт бол тусдаа хүн юм билээ. Тэр дансаа нууж болно. Хэчнээн ч ам.долларыг оруулж, гаргаж болно. Нууц компани байгуулж болно. АТГ-ыг хулхидаж болно. Хулхидсан нь ил байсаар байтал наранд эрх чөлөөтэй алхаж болно. Ер нь түүнд болохгүй юм гэж алга. Түүнд унаж уруудах боломжийг лав энэ засаг төрийн үед олгохгүй нь бололтой.

Төрийн өндөр албан тушаалуудыг хашиж ирсэн түүний хувьд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ компанийнхаа тухай тусгаагүй нь, нууц дансаа илчлээгүй нь  хариуцлага хүлээх ёстой субьект гэдгийг нь тодорхой болгож байгаа. Гэсэн ч С.Баярцогт УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт тавихдаа өөртэй нь ёсзүйн хариуцлага тооцоод л салахыг санал болгож гуйсан үйлдэл болсон. Түүний хүсэлтийг ч З.Энхболдын толгойлсон энэ цагийн парламент ёсоор болгосон.

Өдгөө ч түүний хүсэлтийг биелүүлж таарах нь ээ.

 

Болор 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Ene xujaa nariig diilexgui ni dee
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин
    dugui duguigaa oldiimaa ene ertuntsud
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • muusain buzruud..
    erguu durakuud mungu ugaaj ugaajaad neg huuhen sarnai gegch huuhen hurtel dundaa hiij otsogonono. onigootoi ulairsan zavhai banzluud um daa.. ene saihanbileg bayartsogtoo mongolchuud baitugai gadniihan ilruuleed bhad ichih bulchirhaigui luivarchid...
    2014 оны 12 сарын 08 | Хариулах
Сонин хачин