Ж.Энхбаярыг огцруулна
2012/02/19
Батлан хамгаалах яамны шинэхэн сайд Ж.Энхбаяр хууль бус халаа сэлгээ хийсэн төдийгүй ямарваа жагсаал, цуглааныг тараах зорилгоор мэргэн бууч бүхий хоёр ротыг бэлтгэх саналыг сайдын зөвлөлийнхөө хурал дээр танилцуулсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг түүнийг авч хэлэлцэхээр хаалттай хуралдаан хийсэн талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл өчигдөр Батлан хамгаалах яамны сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өргөн барьсан юм.
Ж.Энхбаяр сайд уг шийдвэрээ “Долдугаар сарын нэгнийх шиг үймээн дэгдсэн тохиолдолд батлан хамгаалах салбар бэлэн байдалд байх ёстой” хэмээн тухайн үед тайлбар өгч байсан.Харин огцруулах санал тавьж буй гишүүд “Иргэдийнхээ эсрэг бэлэн байдал бий болгохоор сайд зэхэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд байлдааны бэлэн байдлыг бий болгох нь Батлан хамгаалахын сайдын эрх мэдэлд хамаардаггүй” гэлээ. Ийнхүү Батлан хамгаалахын сайд иргэдэд айдас төрүүлэх, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх нөхцөлийг үүсгэсэн тул хуулийн дагуу огцруулах тогтоолын төслийг өргөн барьж байгаа аж.
Ямартаа ч УИХ-ын дэд дарга Г.Батхүү тогтоолын төслийг хүлээн аваад “Хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ” гэдгээ мэдэгдсэн.
         Р.Эрдэнэ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин