Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд баруун аймгуудад ажиллав. Ховд, Баян-Өлгий, Увс гэсэн маршруттай түүний уулзалтын эргэн тойрон дахь сонин хачин юу байв.
Баян-Өлгийчүүд төрийн тэргүүнийг цэргийн хүрээ жагсаалтай угтжээ. Зурагнаас харахад бараг л “айлчлал” шиг санагдахаар...
Өлгийчүүдийн уулзалтын үеэр Ерөнхийлөгчид нэгэн сюрприз бэлдсэн нь бүргэдчин охины гэнэтийн бэлэг байжээ. "Би Казакын даруухан айлын охин Айшолпан байна. Энэ зургийг танд дурсгал болгохыг хүссэн юм. Та бүргэд шиг хурц нүдтэй байж, эх оронд минь шударга ёс тогтох болтугай" гээд дэлхийн хамгийн залуу, цорын ганц эмэгтэй бүргэдчин Н.Айшолпан Төрийн тэргүүнд дурсгалын зураг гардуулжээ.
Харин Ерөнхийлөгчийн зочилсон сүүлийн аймаг болох Увсынхан төрийн тэргүүнээ таагүйдүү хүлээж авах шиг болов.
....Ерөнхийлөгч Х.Баттулга Ю.Цэдэнбал даргын хөшөөнд цэцэг өргөсөнгүй. Уг нь үе үеийн төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд Увс аймагт ирэхдээ улс орныг 44 жил удирдсан түүхт удирдагчийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэлээ илэрхийлдэг ёстой. Гэтэл Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч энэ ёсыг эвдэв. Хүлээж авч буй Аймгийн ЗДТГ үүнийг мартлаа гэж үү? Гайхан асуутал. Ерөнхийлөгчийн хөтөлбөр Тамгын газраас нь ирсэн бид цэцэг өргөхөөр бэлдсэн байсан ч урд өдөр нь ЕТГ-аас цэцэг өргөх шаардлагагүй гэсэн байна. Намын хийгээд хувь хүний үзэл ямар ч байж болох ч ард түмний эв нэгдлийг хангагч гэдэг утгаараа төрийн зүтгэлтэндээ, тэр дундаа улсыг 44 жил удирдсан хүндээ хүндэтгэл үзүүлэх тийм хэцүү гэж үү? Ийм үл хүндэтгэл хэрэггүй дээ.... гэх шүүмжлэлүүд хэдийнэ сошиалд таржээ.
Энэ цэцгэнд гэхэд увсчууд “Ерөнхийлөгчид тээршаагдсан цэцэг” гэж нэр өгч амжсан юм.
Т.ЦЭНГЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна