“Оюутолгой” төсөлтэй холбоотой их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэрэгт нэр холбогдсон Сангийн сайд асан С.Баярцогтыг намаасаа хөөх шийдвэрийг Ардчилсан намын Үндэсний дүрмийн хорооноос гаргажээ.
Оюутолгой төслийг Монголын талаас хариуцаж ажилласан түүнийг 2008 онд Сангийн сайдаар томилогдсоныхоо дараа Швейцарийн банкин дахь дансаар дамжуулан 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан гэж үзэж байгаа юм. Энэ хэргийг Швейцарийн Дээд шүүх хэлэлцэж, Швейцарийн банкин дахь С.Баярцогтын нэр дээрх дансны үлдэгдэл болох 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан. Энэ тухай мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагдаж, дан ганц хувь хүний бус, намын цаашлаад улс орны асуудал яригдаж буй учир Ардчилсан нам эхний ээлжинд дотоод цэвэрлэгээ хийж, С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс хассан байна.
“Манай намын гаргасан тус шийдвэр зөвхөн намын гишүүнчлэлтэй холбоотой дотоод шийдвэр” гэдгийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хэвлэлийн бага хурал хийх үеэр хэлсэн юм.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна