Л.Мөнхбаатар: Ханх, Хатгал, Мөрөнгийн замд хөрөнгө оруулалт хийснээр олон улсын замтай болно
2018/02/02

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Л.Мөнхбаатар: Азийн хөгжлийн банкнаас авч буй санхүүжилтээс Ханх, Хатгалын замыг сайжруулах боломжтой юу

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “МУ-ын Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас 468 сая долларын зээлийн хэлэлцээр хийж санхүүжилтийнхээ ерөнхий хөтөлбрийг баталсан.  Үүнийг соёрхон батлах тухай хууль өнөөдөр УИХ-аар орж, хэлэлцэгдэж байна. Энэхүү төслийн хүрээнд авч байгаа зээлээс аялал жуулчлалыг дэмжих төсөлд 38 сая долларыг зарцуулахаар төлөвлөсөн. Эндээс нилээд хэсэг нь Хөвсгөл аймагт буюу Хөвсгөл нуурыг түшиглэсэн аялал жуулчлалд хэрэгжүүлэх юм. Үүнийг гишүүд маань дэмжинэ гэж итгэж байна.

Мэдээж аймагт маань тулгамдсан олон асуудал бий. Аялал жуулчлалын нийт урсгалын 70 хувь нь Хөвсгөл нуурыг тойрч байна.  Үүнийг дагаад зуны оргил үед өдөрт олон мянган хүн, 3000-4000 автомашин зорчиж байна. Гэтэл нуурын баруун эргийг дамнасан 40 км шороон зам байдаг. Үүгээр энэ олон тооны машин явахаар асар их тоос, тоосонцор үүсгэдэг.  Үүнээс болж далай маань бохирдож, замагжиж байна.  Энэ бол байгаль экологийн хувьд маш ноцтой асуудал. Мөн цэвэрлэх байгууламж, хог хаягдлын асуудал гарч буй учир үүнд зарцуулья гэсэн шийдлийг Засгийн газраас оруулж байгааг дэмжиж байна.  Мэдээж аялал жуулчлалын олон асуудлууд байгаагаас бодит зүйлээ хармаар байгаа юм” хэмээн өөрийн саналыг онцлоод Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.

-Ер нь цаашдаа энэхүү аялал жуулчлалын Ханх, Хатгал хүртэл хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Одоо зөвхөн нуурынхаа хүзүүвч буюу 40 км дотор л аялал жуулчлал яваад байдаг, цаашаа 180 км-т Ханх байгаа. Тэгэхээр Ханх, Хатгалын замын асуудлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр үргэлжлүүлэн шийдэх боломж байгаа юу. Учир нь энэ зам ашиглалтанд орвол Ханх, Хатгал, Мөрөн, Улаанбаатар гээд олон улсын замтай болох юм. Энэ бол эдийн засгийн агуулгаараа ч маш өндөр ач холбогдолтой юм?

Ч.Хүрэлбаатар: Манай улсын эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг олноор бий болгох зүйл бол аялал жуулчлалын салбар. Тиймээс цаашид ч зохицуулагдаад явна

- Манай улсын эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг олноор бий болгох, эдийн засгийн өсөлтийг авчрахад яах аргагүй аялал жуулчлал чухал салбар. Тиймээс аялал жуулчлалыг иргэдийн орлогыг тогтвортой болгох, татвар төлөгчдийн суурийг нэмэгдүүлэх, улсынхаа онгон байгалийг дэлхий нийтэд харуулахаас гадна Монголчуудын бий болгосон түүхийг дэлхий нийтэд хүргэх зэрэгт чухал сэдэв болгож явах зайлшгүй шаардлага бий. Тиймээс Азийн хөгжлийн банкнаас ярилцаад Хөвсгөл нуур, нэн ялангуай Чингис хаантай холбоотой цогцолбрыг бий болгох чиглэлээр болон Монгол орны өвөрмөц онцлогийг харуулж чадахуйц жуулчдын сонирхлыг татах зүйлүүд дээрээ анхаарч ажиллах болсон. Өнөөдрийн байдлаар Чингис хааны цогцолбор, Хөвсгөл нуурын ажил урагшаа нилээд явчихсан байгаа. Цаашид ч зохицуулагдаад явах болно.  


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин