Согогтой Сонгууль-Сульдаатай төрийн шалтгаан
2018/01/17

Төр, нийгмийг төвхнүүлэх зарим асуудал

СОГОГТОЙ СОНГУУЛЬ – СУЛЬДААТАЙ ТӨРИЙН ШАЛТГААН

Бидний монголчууд шинэ Үндсэн хууль баталснаас хойших 26 жилийн хугацаанд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дархлан баталгаажуулж; үндэсний оюун сэтгэлгээний эрх чөлөөг зарлан тунхаглаж; хүн төрөлхтний хөгжил дэвшлийн зам мөртэй хөл нийлүүлэн алхахыг чармайж ирлээ. Амжилт ололт олон хүнийх; алдаа эндэл цөөн хүнийх болж үлддэг. Тэр л жамаар бид он жилүүдийг эвхэн, сар өдрүүдийг хураан зүтгэж явна. Бид өдгөө олзондоо омойтож, амжилтдаа шандууралгүй, басхүү алдаандаа гутарч гунилгүй эвийн хүч, эрдэм мэдлэг, эр зоригийг эрхэмлэн урагшлах нь юу юунаас чухал цаг үед амьдарч бүтээж байна. Үүний учир удирдан чиглүүлж буй Улсын Их Хурал, залан гүйцэтгэж буй Засгийн газар, үнэн худлыг дэнсэлж буй Шүүх эрх мэдэл, тэдгээрийн зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагаатай холбоотой зарим санал, бодлоо хуваалцъя.

Усны эх булингартай бол адаг нь булингартай

Улс орныг удам угсаагаар, эсвэл хэн нэгэн хүний хүсэл зоригоор удирдах нь буруу; нийгмийн гишүүдээс шилэгдэж сонгогдсон сор болсон хүмүүс удирдах нь зөв гэдгийг олон талаар үндэслэж нотолсон нэгэн бол Женевийн иргэн хэмээх Жан Жак Руссо билээ. Тэрбээр юунд санаа зовниж байсан бэ гэвэл: “Их ухаантай хүмүүс хууль батлах учраас хуулийн зүйл заалт ойлгоход амаргүй байж мэднэ, тиймээс хуулийн үг хэллэг, нэр томьёо энгийн, тодорхой, нийгмийн жирийн гишүүн хэн хүнд ойлгомжтой байх ёстой”-г анхааруулж байжээ. Зарчим ийм байдаг атал, манай УИХ-ын бүрэлдэхүүн, түүний чадвар чансаа, шийдвэрийн алсын хараа ямархан байгааг харахул заримдаа нүүр улаймаар. Ийм байгаад тухайн сонгогдсон хувь хүн буруутай биш, харин тийм хүмүүсийг сонгогдох боломж олгож байгаа зохицуулалтад учир их байна. Өөрөөр хэлбэл, согогтой сонгуулийн тогтолцоо сульдаатай төрийг бий болгож байна. Сульдаатай төрийн нийтлэг шинж нь түүний судалгаагүй баталсан хууль шийдвэр нэгэн мөр хэрэгждэггүй, бас ойр ойрхон өөрчлөгддөгт оршдог. Үүнийг хэрхэн засах вэ?

Сонгуулийн хуульд агуулгын шинэчлэл хийж, ард түмэнд төрөө засах  эрхийг бүрэн эдлүүлэх тухай

Хорин зургаан жилийн өмнө Үндсэн хуулиар нам төвтэй улс төрийн тогтолцооноос төр төвтэй улс төрийн тогтолцоо руу шилжиж, ард түмний төр засгаа чөлөөтэй сонгон байгуулах эрх, эрх чөлөөг тунхагласан боловч түүнээс хойш баталсан, өөрчилсөн сонгуулийн хууль болгонд төр засгаа байгуулах ард түмний үндсэн эрхийг алхам алхмаар хязгаарлаж; гишүүнтэй, гишүүнгүй улс төрийн нам хэмээх явцуу бүтцэд өмчлүүлсэн байна. Чухамхүү энэ нь төрийн чадамж, нэр хүнд доройтох, үйл ажиллагаа булингартахын нэг үндсэн шалтгаан болов.

Ард түмэн төр засгаа байгуулна гэдэг бол сонгуулийн эрх зүйн цогц ойлголт бөгөөд энэ нь нэр дэвшүүлэх, санал өгөх буюу сонгох, хариуцлага тооцох гэсэн харилцан уялдаатай эргэх холбоонд орших учиртай.

Ард түмэн хэнээр удирдуулах, төлөөлүүлэх санал бодолтой байгаагаа илэрхийлэх цорын ганц ардчилсан зөв зам бол сонгуульд нэр дэвшүүлэх эрх юм. Гэтэл өнөөгийн хууль тогтоомжоор сонгогчдын энэхүү үндсэн эрхийг ор тас үгүй хийж, сонгогчдыг намуудын дэвшүүлсэн, аль эсвэл олон сорилт давж бие даан нэрээ дэвшүүлсэн цөөн хэдэн хүний төлөө л санал өгдөг идэвхгүй албат болгон хувиргасан байна. Энэ нь сонгогчдын сонгуульд оролцох идэвхийг үгүй хийж байгаагаас гадна нэр дэвшүүлэх монополь эрх дархдаа дулдуйдсан улс төрийн намуудын удирдлага - биеэ тоох, авлигад автах, улмаар ардчилсан тогтолцооны мөн чанарыг гажуудуулах үндэс болсон байна.

Асар их үнэ цэнээр олдох ардчилсан сонголтод эргэлзэх хандлага ч гарч байгаа нь үүний нотолгоо. Сонголтгүй сонгууль, идэвхгүй сонгогч олон болбол улсын ирээдүй бүдгэрэхийн цондон. Сонгуулийн дараа харамсах, байгуулсан төр засгаа зүхэх бус, сонгууль явуулахаас аль болох эрт, дараагийн сонгуулийн уур амьсгал орохоос өмнө хууль дүрмээ чамбайруулах хэрэгтэй байна. Ийм учраас УИХ-д нэр дэвших, нэр дэвшүүлэх эрхийг хязгаарлаж хавчсан хуулийн бүх заалтыг хүчингүй болгож, ардчилал, эрх чөлөөний салхи оруулах хэрэгтэй.

Боломжгүй санагдаад байвал 1990 оны анхны ардчилсан сонгуулийн сайн жишгийг сэргээн хэрэглэхэд буруудахгүй. Ганц жишээ хэлэхэд 1990 онд хотод 300 сонгогч, орон нутагт 150 сонгогч хуралдаад сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байв. Анхны ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатуудын сонгуулийн 430 тойрогт 2413 хүн; аймаг, хотын Ардын Хурлын 1775 тойрогт 5245 хүн; сум, хороо, раойн, орон нутгийн хотын Ардын Хурлын 11307 тойрогт 17376 хүн тус тус нэр дэвшин өрсөлдөж байсан бөгөөд сонгогчдын 98 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байдаг. Энэ бол Монголын түүхэн дэх анхны чөлөөт ардчилсан, ард түмний чин хүсэл бүхий олон “сонголттой сонгууль” байсан юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин