Өнгөрөгч долоо хоногт улс төр, нийгмийн ертөнц сонин содон үйл явдал халуун сенсаациар дүүрэн байлаа.
1. АТГ-аас баривчлагдан хоригдсон "арав" батлан даалтад гарав
Өнгөрөгч долоо хоногийн хамгийн том дуулианыг АТГ тарив. Тодруулбал, АТГ-аас авилгын хэргээр 10 хүнийг нэг дор баривчилсан юм. МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын тэргүүтэй хүмүүсийг авилгын хэрэгт холбогдуулан шалгахаар саатуулсан. Тэдний гэрт нэгжлэг явуулж, 200 сая төгрөгтэй тэнцэхүйц ам.доллар, юань зэрэг гадаад валютын мөнгөн дэвсгэртүүд, ажлын өрөөнд нэгжлэг хийхэд 30 сая төгрөг бэлнээр гарч ирсэн. Мөн 'Монголросцветмет'-ийн захирал До.Ганболдыг төмрийн хүдрийг хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж их хэмжээний ашиг олон хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилаад байсан юм. Өнгөрөгч долоо хоногт тэднийг суллаж гадуур байцаалт авах шийдвэр гарсан юм.
2. ТЕГ-ын дарга асан хошууч, генерал Б.Хурцын талаар гаргасан найман хүний өргөдлөөр нээлттэй сонсгол хийв
УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын нэр бүхий 20 гишүүн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлаар томилгооны сонсгол явуулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ үеэр Ж.Батзандан "Б.Хурцтай холбоотой асуудлаар өргөдөл гомдолоо чөлөөтэй өгөх"-ийг уриалж байсан юм. Үүний дагуу найман хүн Б.Хурцтай холбогдох асуудлаар өргөдлөө ирүүлснээс тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын эхнэр н.Мандах, Дамирангийн Энхбат агсны гэр бүлийнхэн, иргэн Б.Жаргал, иргэн н.Энхбат, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, иргэн н.Бат-Ирээдүй нарын найман хүний өргөдөл багтжээ. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүдийн санаачилгаар Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийлээ. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд зохион байгуулагдсан нээлттэй хэлэлцүүлэгт Б.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар дэмжин оролцсон юм.
3. Б.Хурцыг элчин сайдаар томилохыг дэмжив
Найман хүний өргөдөл хэлэлцэх нээлттэй сонсголтой зэрэгцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж сайд "Та нар хаалттай хэлэлцэж, нэг хүнийг өөгшүүлж байна. Би энэ хуралдаанд оролцохгүй" гэсэн байр суурь илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүдийн зүгээс "Б.Хурцыг Элчин сайдаар томилох саналыг Засгийн газар өөрсдөө гаргаж, Ерөнхийлөгч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс томилгоог хэлэлцээд явах нь зүйтэй" үзэж гишүүдийн 90 орчим хувь нь дэмжив.
4. Г.Өсөхбаяр аваргын эхнэр Б.Нарантуяа, хоригдож байгаад батлан даалтад гарав
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяаг баривчилсан гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа тархсан. Түүнийг сургалтын албаны дарга н.Наранбаатарын хамт хоригдсон гэх. Тэрээр н.Наранбаатараар дамжуулж авлига авсан байж болзошгүй бөгөөд эх сурвалжийн мэдээлж байгаагаар гадаадаар ихэнх цагийг зугаалж өнгөрөөдөг бөгөөд баривчлагдахдаа Анагаах төгссөн оюутнуудад эмчлэх эрхийн лиценз олгохдоо 15 хүнээс их хэмжээний мөнгө авсан болох нь тогтоогдсон гэдэг. Б.Нарантуяа нь Г.Өсөхбаяр аваргын эхнэр бөгөөд урьдчилан хорих төвд хоригдож байсан эхнэрээ батлан даалтад гаргасан гэв.
5. Сү.Батболд, С.Баяр нарыг АТГ шалгаж эхлэв
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан бэлтгэн хүргэдэг “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээрээ нэгэн ноцтой мэдээллийн цацсан билээ.Тодруулбал УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ерөнхий сайд асан С.Баяр нартай холбогдох оффшор бүсэд данстай улмаар татвар төлөхөөс зайлсхийж, хөрөнгөжсөн гэх мэдээлэлийг хүргэсэн. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас дээрх мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар болсон юм. Мөн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн гэх мэдээлэл буй. Мөн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэр гаргасан юм.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Сэтгэгдэл байхгүй байна