УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ШУТИС БАТС, Бизнесийн ухааны доктор Н.Мөнхөө, Виннер Консалтинг компанийн захирал Ц.Одонтуяа нартай хамтран “Сошиал орчинд амжилтыг бүтээнэ” номоо гаргалаа. Сошиал орчныг зөв, зохистойгоор хэрэглэх болон үүнийг ашиглан хэрхэн амжилтад хүрэх талаарх мэдээллийг уг номондоо багаажээ. Мөн тэрбээр өнөөдрөөс сошиал орчины идэвхтэй гишүүн байж твиттер, фэйсбүүкээр санал бодлоо илэрхийлж эхлэх юм.
Сошиал сүлжээ хүмүүсийн амьдралын чухал хэрэгсэл болохын зэрэгцээгээр сөрөг үр дагаврыг ч дагуулж байгаа гэх шүүмжлэл их болсон. Тиймээс яг энэ үед сошиал сүлжээг зөв зохистойгоор амьдралдаа хэрэгтэйгээр цаашилбал амжилтад хүрэх хэрэгсэл болгон ашиглах шаардлага урган гарч буй. Чухам энэ л хэрэгцээ, шаардлагад үндэслэн тус номыг зохиосон гэж зохиогчид хэлж байна.
Номын зохиогч, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ үеэр “Өнөөдөр дэлхий нийт нийгмийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээ, мэдээллийг цаг минут алдалгүй хүлээн авч байна. Мөн өөрсдийнхөө амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх санаа, санаачлагуудыг сошиал сүлжээнээс авдаг болжээ. Яг энэ цаг үед сошиал орчинд амжилтыг бүтээх хүн олон болоосой гэж би хүсч байна. Цаашид энэ салбарын стратегийн ач холбогдолыг өндөрт гаргах шаардлага үүсээд байгаа. Тодруулбал, энэ салбарын сайн талыг баримтлан бие, биенээ дэмжиж зөв эерэг хандлагаар хөгжүүлэх хэрэгтэй. Миний ажлын хамгийн үнэнч хамтрагчид бол ангийнхан минь юм. Тийм ч учраас ангийнхаа хоёр найзтай хамтран энэ номоо гаргалаа. Ер нь сошиал орчныг эерэг талаас нь зөв хандлагаар хувь хүмүүсийн хамтын хөгжил цэцэглэлтэд тулгуурлан хөгжүүлэх ёстой гэж би харж байгаа. Тийм ч учраас энэ чиглэлийн ажлыг дэмжиж хамтарч ажиллана. Сошиал орчны талаар судлаад үзье гэхээр бүрэн цогц мэдээллийг агуулсан ном байдаггүй юм байна лээ. Тийм учраас бид сошиал сүлжээ Монголд хөгжлийнхөө аль түвшинд яваа талаар маш том дүгнэлт хийгээд энэ номыг гаргах шийдвэрийг гаргасан. Өнөөдөр гар утаснаасаа, гэрээсээ интернэт орж байгаа хүмүүс сошиал орчныг яг ямар түвшинд хэрхэн хэрэглэхийг нь сурах бичих түвшинд нь гаргах нь зүйтэй юм гэдэгт номын зохиолчид санал нэгдсэн. Би сошиал орчинд хамгийн өртөмтгий гишүүн. Аливаа нэг асуудалд сөрөг талаасаа яригдаж байсан удаатай. Тэр хүнд үед би “Энэ номоо хурдан гаргах юмсан. Номоо гаргачихаад Монголынхоо нийт иргэдийг уриалан дуудах юмсан” гэж хүсч байлаа. Ингэхдээ сошиал сүлжээг зөв сайхан зүйлийн төлөө, амжилтын төлөө ашиглаачээ гэж уриалахыг хүсч байсан. Энэ өдөр өнөөдөр ирж байгаад маш их баярлаж байна” гэлээ.
Мөн номын зохиогч Н.Мөнхөө “Өнөөдөр монголчуудын 80 хувь нь сошиал сүлжээг ашиглаж байна. Тэгэхээр бид хөгжье гэвэл хувь хүмүүсээсээ эхлээд аж, ахуй нэгжүүд маань хүртэл интернэт сүлжээг ашиглаж сурах зайлшгүй шаардлага урган гарч байна. Энэ ном нь уг хэрэглээг хангахад бага ч болов мэдлэг, мэдээлэл болно” гэлээ.
Нэг хэсэг хүн сошиал медиаг зүгээр нэг хов живийн чанартай ашиглаж байгаа бол нөгөө хэсэг нь жинхэнэ бизнес, ажил хэрэг болгож чадаж байна. Иймээс ч энэхүү ном бүх хүнд хамгийн хэрэгтэй мэдээ мэдээллийг өгч чадах биз ээ.
Номын нээлтийн фото зургуудыг хүргэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна