Хэн юу хэлэв: МАН-ын Их хурлын эргэн тойрноос
2017/11/20

МАН-ын XXVIII Их хурал үдээс хойш намын Мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэн, санал дүгнэлтээ боловсруулж, батлах гэж байна. Хуралд оролцож буй 1309 төлөөлөгч дээрх асуудал, тэр дундаа Дүрмийн өөрчлөлт, намын даргын асуудалд янз бүрийн байр суурьтай байна. Хурал завсарлах үеэр зарим төлөөлөгчдийн байр суурийг сонсов.

Я.Содбаатар: МАН өнгөрсөн 100 жилд тусгаар тогтнолыг авч ирсэн бол ирэх 100 жилд эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулах жил гэж харж байгаа

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: МАН дүрэмдээ өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг байгуулан ажилласан. Нийт 50 гаруй зүйл дээр өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Их хурлын 1309 төлөөлөгч энэ өөрчлөлтүүдийг хэлэлцэж, өнөөдөр батлах ёстой. Юун түрүүнд Ёс зүйн хороо байгуулах, намын анхан шатны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоонд өөрчлөлт оруулах зэрэг өөрчлөлт яригдаж байгаа. Дүрэм бол намын баримталж ажиллах ёстой гол хууль. Тийм учраас намын дүрмийг нэлээд чамбайруулах, хэрэгжилттэй холбогдуулан дүгнэлтүүдийг хэлэлцэнэ. Дараагийн 29 дүгээр Их хурал хийхэд МАН-ын 100 жил тохионо. МАН өнгөрсөн 100 жилд тусгаар тогтнолыг авч ирсэн бол ирэх 100 жилд эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулах жил гэж харж байгаа.

Намын даргын тухайд, хувь хүн гэхээс илүү бодлогыг гаргаж ирэх ёстой. МАН Засгийн эрхийг барьж буй учир сонгодог парламентад байдаг жишгээр Ерөнхий сайд нь намын даргаа давхар хаших нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Бид Засаглалын эрхийг өгсөн. Одоо улс төрийн эрхийг нь өгч хоёр далавч нь зэрэг дэвж байж илүү хүчирхэг байх юм.

С.Батболд:  Энэ хурал эв найрамдлын хурал болох учиртай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: Их хуралд би тав дахь удаагаа оролцож байна. Энэ хурал эв найрамдлын хурал болох учиртай. Хурлаар намд тулгамдаж буй асуудал, шинэчлэлийн зорилтуудыг ярилцдаг. Хоёрдугаарт,  эрх баригч нам дараагийн жилүүдэд ямар бодлого барих, улс орны хөгжлийн бодлогын талаар ярилцдаг. Бидэнд нийгэм, эдийн засаг, санхүүгийн шийдвэрлэх асуудал их байна. Намаа, дүрмээ шинэчлэх шаардлага байна. Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд намын анхан шатны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, анхан болон дунд шатны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг асуудал яригдана. Үүнээс гадна намын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орж байгаа. Бид эрх баригч хүчин учраас намынхаа мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, сонгуульд тусгасан амлалтуудтай уялдуулж боловсруулах ёстой. 2020 онд ялалт авч ирэхийн тулд, ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэхийн тулд тогтвортой байдал эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно.

Ц.Мөнх-Оргил: Бид зөв шугамаар урагшлах гарцаагүй шаардлагатай тулгараад байна

Одоо бид зөв шугамаар урагшлах гарцаагүй шаардлага байна. Монгол орны өнцөг булан бүрээс 1309 төлөөлөгч хүрэлцэн ирж, өнгөрсөн дөрвөн жилийн намын алдаа, оноогоо хэлэлцэнэ. Бид юун дээр алдва, яаж онов, ард түмэн МАН-аас юу хүлээж байна.  Энэ бүхнээ бид дахин эргэж харах хэрэгтэй. Эндээс намд үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарц олдоно. Намын дүрмээ чанад сахиж, ард түмэндээ өгсөн амлалтаа бид шат шатандаа дахин санах учиртай.

Улс орны  өмнө тулгамдаад байгаа асуудалд манай  намаас ямар байр суурь баримтлах юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудал яаж тусгалаа олсон юм. Энэ бүхнээ бид эргэн харж, өөрсдөдөө дүгнэлт хийх чухал Их хурал болж байна гэж хэлмээр байна.

 Ц.Нямдорж: Би Ерөнхий сайдад боломж олгон нэр дэвшихээс татгалзсан

МАН-ын шинэчлэлээс Монголын цаашдын хувь заяа шалтгаална гэж харж байна. Монгол төрийн түүхэнд шинэчлэлийн шинэ салхи авчрах Их хурал болно гэж  бодож байна.  Одоо мөрдөгдөж байгаа намын дүрмээр бол “Хэрэв нам нь сонгуульд ялах юм бол  Ерөнхий сайдыг намын даргад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. 2016 онд энэ дүрмийн заалт зөрчигдснөөр дараа дараагийн зовлонгууд гарч ирсэн. Намын дарга гэдэг хүн сонгуульд оролцохдоо ирэх дөрвөн жил хийж хэрэгжүүлэх намын мөрийн хөтөлбөрөө боловсруулж эргээд ард түмэндээ тайлангаа тавьдаг.    Ерөнхий сайд нь намын дарга болдог энэ жишгийг дагахгүй л бол цааш явахгүй. Энэ утгаараа би Ерөнхий сайдад боломж олгон нэр дэвшихээс татгалзсан.

Н.Учрал: Эв нэгдэл хамгийн чухал байна

МАН-д эв нэгдэл хэрэгтэй байна. Өнгөрсөн Их хурлаас хойшхи үйл ажиллагаагаа тайлагнаж, 28 дугаар хурлаас хойш ямар зарчим барихаа тодорхойлох хурал болоосой гэж хүсч байна.  Нам бол олон нийтийн байгууллага учир эв нэгдэлд суурилдаг. Тиймээс өнгөрсөн хугацааны ололт, алдаандаа суурилж, өнөөдөртэйгөө дүйцүүлж ирээдүйг харсан шийдвэр гаргаасай гэж хүсч байна.  Монгол орны өнцөг булан бүрээс ирж оролцож буй төлөөлөгчид хэдийгээр нийт ард түмэн биш ч гэсэн төлөөллийг хангахуйц ардчилал юм.  Их хурлын хүрээнд намын дүрмийн шинэчлэл яригдаж байгаа нь бас их сайшаалтай. Намын гишүүд энэ тал дээр олон санаачлага гаргаж байгаа. 

Д.Оюунхорол: Одоогоор нэр дэвшигч тодорхой болоогүй

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Энэ Их хурлаар намын даргыг шинээр сонгох байх. Хүрэлцэн ирсэн төлөөлөгчид намынхаа эв нэгдэл, үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх чадвартай дарга сонгох байх гэдэгт итгэлтэй байна. Одоогоор нэр дэвшигч тодорхой болоогүй. Намын Их хурлын зааланд нэр дэвшигчид тодорно. Намын үнэт зүйл бол боловсон хүчний бодлого байдаг. Улс төрийн нам бэхжиж, төлөвшихийн тулд боловсон хүчний бодлогоо шатлан дэвших зарчмаар явуулах шаардлагатай. Их хуралд хүрэлцэн ирсэн 1309 төлөөлөгч ч мөн адил ийм хүлээлттэй байгаа болов уу.

Ж.Мөнхбат: Асуудлыг тойроод, илээд өнгөрөхгүйгээр голыг нь барьж аваад, шийдэлд хүрээсэй гэж хүсч байна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: МАН удирдлагын түвшинд бол хоёр тийш харсан нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг эвлэрүүлж чадах чадвартай хүн байгаасай гэж бодож байна. Ямар ч улстөрийн нам гэдэг нь хувь хүний компани биш. Тушаалаар хөдөлдөг цэргийн байгууллага биш. Нам бол мянга, мянган хүмүүсийн итгэл үнэмшил, үнэт зүйл дээр оршин тогтдог. Тиймээс эв нэгдлийг хангаж чадах хүнийг МАН-ын дарга болоосой. Хэрэв ийм хүн болж чадахгүй бол өнөөдрийн намын нөхцөл байдал улам гүнзгийрэх вий дээ гэсэн болгоомжлол бий.

А.Цогцэцэг: Эндээс гарсан дүрмийн шинэчлэлийг дараагийн дөрвөн жилдээ ягштал дагах дүрэмтэй

Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Намын Их хурлаараа бид дүрэмдээ өөрчлөлт оруулдаг. Эндээс гарсан дүрмийн шинэчлэлийг дараагийн дөрвөн жилдээ ягштал дагах дүрэмтэй. Их хурал маань туйлын ач холбогдолтой болно гэж харж байна.

“Итгэл-зүтгэл-хариуцлага” гэсэн уриан дор явж байгаа учраас үүнийхээ хүрээнд ирэх дөрвөн жилд манай намын гишүүд болон нам маань дүрмийнхээ дагуу өөрчлөлт шинэчлэлт хийж ажиллана гэдэгт итгэж байна. Бидэнд өнгөрснөөсөө суралцсан олон сургамж бий. Ялангуяа намын дотоод сахилга хариуцлагыг бэхжүүлэх чиглэл дээр нэлээдгүй өөрчлөлт орох байх.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин