Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж Б.Хурцын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Бид маш ноцтой асуудал ярьж байхад Байнгын хорооны гишүүд асуудалд нухацтай хандахгүй байна. Шударга ёс, хууль бус, захиалгаар ажиллаж байгаа асуудал байгаа учраас өмнөх Засгийн газар огцорсон. Ямар учраас надтай хамт ажиллаж байсан хоёр ч Төрийн нарийн бичгийн дарга амиа алдах болов. Тэр хүмүүс амь насаа алдах хүртэл нь юу нөлөөлөв, хэн шалгасан юм гэдгийг би асуумаар байна. Олон нийтийн дунд яригдаж байгаа бүх мэдээллийг ил болгох хэрэгтэй. Үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй“ гэсэн санал бодлоо хэлэв.
Хариуд нь Б.Хурц “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Сая зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулж, Батлан хамгаалахын генерал ял авсан. Та шударга хүн мөн үү? Би одоо цааш нь юм ярих уу, үгүй юу? Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” хэмээн хариуллаа.
Өөрөөр хэлбэл, ТЕГ-ын дарга асан Б.Хурц Л.Болд болоод байнгын хорооны хуралдаанд оролцож байсан ихэнх гишүүдэд "сөрсөн базаа" хийж орхив. Ер нь хуралдааны явцыг ажиглахад, Б.Хурц та нар надаас юу ч олж долоохгүй. Намайг элдэвээр хэлж, намнаж чадахгүй. Хэрэв тийм зүйл болвол би та бүхний булхай, бузрыг мэдэж байгаа шүү. Хариу цохилт өгнө. Нэг ийм өнгө аяс ажиглагдаж байсныг нуух юун. Гишүүд ч нэг, нэг сул талаа атгуулчихсан аятай дуу хоолойгоо ч өндөрсгөж чадахгүй сууж харагдана лээ. Б.Хурцын хурц ааш хөдөлвөл ч эвгүйтнэ дээ гэсэн бодол зарим нэг гишүүдэд байсан байх аа.
Д.Амур
Сэтгэгдэл (1)