МАН-д шуурга сөрөх удирдагч хэрэгтэй
2017/11/15

Энэ сарын 20-22-нд болох МАН-ын ээлжит 28 дахь Их хурлын хамгийн чухал шийдвэр нь намынхаа шинэ даргыг сонгох сунгаа. Уг шийдвэрийн эзэн хэн байхаас МАН-ын ч, Засгийн газрын ч хувь заяа хамаарна. Учир нь, МАН өнөөдөр УИХ-д олонх байгаа ч дотоод нөхцөл байдлыг нь харвал шинэхэн байгуулсан Засгийн газраараа “тоглох” цаашлаад, УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдал хүлээх болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Ийм л учраас МАН-д шуурга сөрөх удирдагч хэрэгтэй хэмээн тус намын гишүүд, олон нийт үзэж байна. 

Тэгвэл өнөөдөр Хэн МАН-д шуурга сөрөх вэ гэдэг гол сэдэвт уншигч таны анхаарлыг хандуулья.

Үүний хамгийн анхдагч хүчин зүйл бол “Ялсан намын дарга Ерөнхий сайд болох замаар намынхаа ч, Засгийн газрын ч мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой” хэмээх албан бус дүрмийн хэрэгжилт юм. Энэхүү батлагдаагүй дүрмийг зөрчснөөс үүдсэн хохирол, ялагдлыг МАН гэлтгүй АН ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүртсэн.

  • УИХ-ын дарга З.Энхболд тухайн үедээ АН-ын дарга асан Н.Алтанхуягаас тамга гардан авахдаа хууль тогтоох засаглалдаа хэвээр үлдэхийг чухалчилж, өөрийн оронд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт гүйцэтгэх засаглалын тамгыг атгуулсан. Улмаар гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалын зөрчил даамжирч, үр дүнд нь АН УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдсан.
  • МАН-ын тухайд өнгөрсөн зун болсон Ерөнхийлөгчийн сонгуулийг санах хэрэгтэй. Хэдийгээр МАН-ын дарга М.Энхболд намаа удирдаж, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан ч тэрбээр мөн л гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаас татгалзсан. Ингэхдээ тэрбээр УИХ-ын даргын албан тушаалыг МАН-ын даргын эрх мэдэлтэй хамт хамтран гүйцэтгэх нь алдаа биш гэдгийг батлахыг хүссэн байх. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга асан З.Энхболдтой харьцуулахад амжилт олно хэмээн итгэсэн байж болно. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснээрээ тэрбээр “УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн намын дарга Ерөнхий сайдаар ажиллах ёстой” гэдэг дүрмийг баталж өгсөн энэ.

Тиймээс л сар орчмын өмнө МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхи буюу 188 төлөөлөгч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах шийдвэр гаргасан. Мэдээж тэд санал нэгдэж, гар өргөхдөө дээрх хүчин зүйлийг бодолцсон нь тодорхой.

Тэгвэл өнөөдөр МАН-ын гишүүд намын даргадаа дахиад л У.Хүрэлсүхийг дуу нэгтэйгээр нэрлэж байна.

Яагаад?

МАН-д өнөөдөр аядуу зөөлөн гэхээс илүүтэй багцлах, удирдах, чиглүүлэх удирдагч хэрэгтэй. Наад зах нь, МАН-ын шинэ дарга болох хүн Ерөнхийлөгчийн улс төрд хориглолт хийх, бамбай болох улс төрийн туршлагатай байх шаардлагатай юу. Шаардлагатай.

Дээр нь, намынхаа дотоод улс төрийн зөрчлийг номхотгох, эв зүйг нь олох удирдагч юу юунаас ч илүү чухал гэдэг нь бүр ч ойлгомжтой. Тэгвэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тэр бүх чанар бий юу.

2008 оны долоодугаар сарын 1-нийг нэхэн саная.

У.Хүрэлсүх намын Нарийн бичгийн даргын хувиар УИХ-ын чуулганы танхимд намынхаа шатсан далбааг барьж орж ирэхдээ “Намынхаа гал голомтыг сэргээнэ” гэдэг амлалт өгч байсан. Үүргээ биелүүлж, Тусгаар тогтнолын ордонг өөрийн биеэр удирдаж бариулсан.

У.Хүрэлсүх намын Нарийн бичгийн даргын хувиар МАН хэмээх ууган нэрийг сэргээхээ амласан. Цаг хугацааны хайчин гал дунд, улс төрийн шахалтаар МАХН гэж нэрээ өөрчлүүлсэн тус намын хувьд МАН бол анхных нь нэр. Тиймээс л намынхаа үнэт зүйлийг хамгаалахын тулд тэрбээр мөн л МАН нэрээ эргүүлэн авсан.

Түүний хийсэн үйлдэл, хэлсэн амлалтын үр дүнд МАН хожсон. Тиймээс намынх нь нөхөд МАН-ын шуурга сөрөх удирдагчаар У.Хүрэлсүхийг нэрлэж байгаа нь энэ аж.

Grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • asa
    khurelsukhed erh medliig n ogchihwol yadaj l hytadaas haraat bna,,,, eh ornooo bodoo ta nar... bitgii sanal suudliin heruul hj bai...
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Ерөнхий сайд ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэж чадна гэж бодож байна. Ард түмний итгэлийг ахин хугалахаар хүн бишсэндээ. Тэр намын даргаа ч хийгээд, засгийн газраа ч удирдаад аваад явсан дээрдээ
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
Сонин хачин