М.Билэгт хулгай,хүчин,авилгын гол дүрүүдээс хавьгүй цэвэр хүн
2017/10/20

Сошиал медиа гэж ямар их хүчтэй болж байгааг хэн хүнгүй хэлдэг. Хүмүүс өөр өөрсдийнхөө үнэлэмж, сэтгэхүй, орчин нөхцөл гээд олон зүйлээс шалтгаалж цахим орчинтой харьцаж байна. Зарим талаараа бүр хэтэрхий эрээ цээргүй, ёсзүйгүй авирлаж сав л хийвэл бусдыг доромжилж гүтгэж, стресс бухимдлаа илэрхийлж харагддаг. Үүнийг дэмжиж, өөгшүүлэх хүмүүс байгаа ч нийгмийн доройтол, хүмүүсийн ухамсрын доголдол гэдэг үүднээс нь эмзэглэн харж буй хэсэг бүлэг ч бий. Мэдээж доромжлол, бухимдалд насны ялгаа гэж байхгүй. Хөгшин, залуу гэлтгүй хэн нэгнийг доромжилж, тэр дундаа эмэгтэйчүүд рүү чичилж байх юм.  Миний ээж, эмээ, эгч, эхнэр шиг хүн гэж хардаг үе ч өнгөрч.  Залуусын энэ ёс суртахуунгүй, ухамсаргүй байдлыг ээж шиг нь, аав шиг нь хүмүүс ч дуугай харж, зарим тохиолдолд бүр хатгаад орхиж байх жишээний. Мэдээж ардчилсан нийгэмд хэн хэнрүүгээ чичилж, юугаа хийх нь бусдад хамаагүй байж болох ч энэ байдал цааш даамжирсаар байвал ирээдүй хойч үе маань юу болж хувирах вэ... Бодох л асуудал.

Тухайлбал, сүүлийн үед цахим орчинд УИХ-ын цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг М.Билэгтийн нэр хүндэд халдаж, доромжилж, дохуурхах болж.  Боловсрол мэдлэг, ажил мэргэжилтэй хүмүүс ч М.Билэгтийг тохуурхах challenge-д нэгдсэн байх юм. Магадгүй цахим орчны хамгийн хүнлэг бус тал нь үүгээр ч харагдах шиг. Үг хэлж, үйлдэл үзүүлэх бүрт нь шүүмжилж, элдэв бусаар доромжилж байгаа явдал нь тэдгээр хүмүүст тоглоом наргиа, харин тэр эмэгтэйд шоглоом болж байгаа биз.

Энэ талаар сэтгүүлч Б.Ганчимэг өөрийн цахим хуудсанд сэтгэгдлээ илэрхийлснийг энд хавсарган хүргэх нь зүйтэй биз ээ.

Тэрбээр “М.Билэгт гишүүнийг хүү шиг нь, дүү шиг нь залуус хайр найргүй доромжилж суух таагүй харагдах. Сошиалын хамгийн хүнлэг бус тал нь энэ юм даа. Олон жил хувийн хэвшилд зүтгэж, ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж ирсэн, хөдөлмөрлөсөн хүн. Хутган үймүүлээд,самраад явахгүй.Энэ ч бас хов жив, хэрүүл тэмцлээр дүүрсэн улс төрд сайн тал байх шүү. Зарим эмэгтэй гишүүн ч аюултай шүү. Эрчүүд нийлчихээд эмэгтэй хүнийг боорлож суух жаахан тиймхэн харагдах аж. Үнэндээ М.Билэгт хулгай,хүчин,авилгын гол дүрүүдээс хавьгүй цэвэр хүн. Олон жилийн өмнө миний ярилцлагын зочин болж ярилцаж байлаа. Хөдөлмөрч, татвар төлөгч, цайлган цагаан сэтгэлтэй эмэгтэй байсан. Эмэгтэйчүүдээ голыг нь харлаж, сэтгэлийг нь өвдтөл хэтэрхий дайрч доромжлох явдал бүр үзэгдлийн төвшинд очжээ” хэмээжээ.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин