Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгө олгосноос хойш ОУВС-гийн санхүүжилт зогссон
2017/10/20

Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Хууль бус үйл ажиллагаанд оролцсон алба хаагчидтай хамтарч ажиллах боломжгүй-

-Сайд нар томилогдоод эхлэхээр төрийн албанд халаа сэлгээ их хийгддэг. Таны хувьд зөвхөн туслахаа дагуулаад очих гэж байна уу. Эсхүл бүр баг бүрдүүлээд яамандаа очих уу?

-Нэн түрүүнд Сангийн яаманд 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв батлах ажил байна. Өнгөрсөн жилүүдийн хугацаанд Монгол Улсын төсөв, санхүүгийн сахилга бат нилээн муудсан. Төсвийн хөрөнгийг үргүй зарцуулах байдал гарч байсан. Тэгэхээр энэ бүхнийг эхний ээлжинд засах, төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийг ерөнхийлөн зарцуулагчдын хөрөнгө мөнгөнд хяналт тавих, татварын орлогыг бүрдүүлэх зэрэг ажлуудыг онцгойлон анхаарна. Мөн Сангийн яам Төрийн банк, Хөгжлийн банкуудад хувьцаа эзэмшиж ажилладагийн хувьд энэ бүх байгууллагуудын үйл ажиллагааг нэг бүрчлэн эргэж үзнэ. Тэгээд үүн дээр үндэслээд хууль бус үйл ажиллагаанд оролцсон, төсвийн сахилга батыг алдагдуулахад гар бие оролцдог, өдөөдөг, дэмждэг хүмүүс байвал тэдгээр хүмүүстэй хамтарч ажиллах боломжгүй.

-Төсвийн тодотголыг хэрхэх вэ?

- ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн. Шинэ засгийн өмнө тулгамдаж байгаа бодлогуудаа голлон ярьж байна. Төсвийн үргүй зардлыг бууруулж, төсвийн сахилга батыг сайжруулах, эдийн засгийн өсөлт, тооцооллыг зөв хийх, төсвийг бодитой төлөвлөх, төсөвлөх тал дээр олон санал гарч ирсэн. Төсвийн тодотгол дээр миний хувьд олон зүйлийг дэмий гэж үзэж байгаа. 

Нэгдүгээрт, хоёрхон сар үлдсэн байхад нийтдээ 60 гаруй обьектийн 255 тэрбум төгрөгийг 2 сард хийнэ гэж оруулж ирж байгаа. Үүнээс 166 тэрбумыг энэ удаад хийнэ гэж байгаа. Харин концесс дээр ярихад, сүүлийн 4-5 жил явж байгаа гэрээнүүд бий. 100 саяар хийх концессийг 200,300 саяар хийж байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа. Тиймээс Төсвийн байнгын хороо бүх концессийн гэрээнүүд дээр аудитийн дүгнэлт гаргуулахаар захиалга өгсөн.  Энэ дүгнэлт гарсаны дараа хэвийн байгаа концессүүд нь цааш үргэлжилнэ. Харин аудит хийгдэхэд дүгнэлт нь эсрэгээр гарсан, үнэ өртөг нь өндөр байгаа концессүүдийг цаашид санхүүжүүлэх боломжгүй.

-Таны бодлоор төсөв дээр юуг суулгаад явбал дээр вэ?

-Хүүхдийн мөнгийг төсвийн тодотголоор гаргах ёстой гэж үзэж байгаа. Хоёрт нь, энэ жилийн хадлан, өвс бэлтгэсэн байдал, зуншлага намаржааг ажиглаж байхад өвөл амаргүй байх төлөвтэй байгаа. Тиймээс өвлийн бэлтгэлд тавигдсан  тэр зардлуудыг гаргах ёстой. Үүнээс гадна хөдөө орон нутаг болон төсөвт байгууллагуудын хувьд үүссэн өрүүд бий. Үүнийг шийдэх учиртай. 

-Багш, эмч нарын цалинг 2018 оны төсөвт тусгах боломж бий юу?

-Өчигдөр ОУВС-ийнхантай уулзахдаа энэ асуудлыг хөндөж ярьсан. Өмнө нь байгуулчихсан байгаа ОУВС-гийн хөтөлбөр дотор 2019 оныг дуустал цалин нэмэхгүй гэсэн амлалт бий. Гэхдээ энэ асуудлууд одоогийн нөхцөл байдалтай зохицохгүй байгаа талаар байр сууриа илэрхийлсэн.  Албан ёсоор томилогдоод очихоор дахин ярина. 

-ОУВС-тай ямархуу яриа хэлэлцээртэй байгаа вэ. Зарим эх сурвалж санхүүжилтээ зогсоосон гэх мэдээлэл өгөөд байгаа?

-Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгосноос хойш зогссон байгаа л даа. Гэхдээ ОУВС-тай Монгол Улс олон жил хамтарч ажиллаж байна. Тиймээс ойлголцоод явчихна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Цаашдаа Монгол Улсынхаа онцлог байдлыг, шинэ засгийн газрын өмнө тулгамдаад байгаа асуудлыг зөв ойлголцоод, тоон дээрээ тохироод, үндэслэлээ гаргаад ярилцаад явна.

-Монгол Улс он гаргаад ямар өр төлөх вэ?

-Нэгдүгээр сарын 3-нд 500 сая доллар, гурван сарын эхээр 166 сая доллар нийлээд 660 гаруй сая долларыг Монгол Улс төлөх ёстой. Тэгэхээр урд байгаа бондынхоо худалдаж авсан улсуудтай нь тохироод хугацааг нь сунгах нэг боломж бий. Гэвч энэ нь өөрөө эрсдэл дагуулдаг. Тухайлбал, бонд босгох боломжгүй болчихсон юм байна гэж үзээд, хүүгээ өсгөөд явчих эрсдэлтэй. Тэгэхээр эрдэс баялгийн үнэ өссөн энэ нөхцөл байдалд шинэ бонд гаргаад явах нь илүү оновчтой болов уу гэж бодож байна. Учир нь Монголоос гарах бонд харьцангуй бага хүүтэй гарах боломжтой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо байгаа өндөр хүүтэй бондуудаа бага хүүтэй бондоор солих боломж бий. Ийм боломжийг шууд ашиглаад явах нь улсын төсөвт хэрэгтэй. Мөн өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг худалдаж авах шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл жилийн 12-18, 19 хувийн хүүтэй бондууд Монгол Улсад гаргачихсан байгаа. Тэгэхээр энэ бүгдийгээ эргүүлж авч үзэх шаардлагатай. Тодруулбал, эл олон зээл, Засгийн газрын төлж байгаа бондууд 1.2 их наяд төгрөг буюу бараг нийт төрийн албан хаагчдынх нь цалингийн сантай ойролцоо болчихсон байгааг ойлгож, зардлыг бууруулахаас төсвөө эхлэх ёстой. Хэрвээ арилжааны банкуудын чөлөөт үлдэгдлийг Монголын төр авчихгүй бол арилжааны банкуудад байгаа мөнгө хувийн хэвшил болон иргэдэд очих учир зээлийн хүртээмж нэмэгдэх боломжтой. Тиймээс 2018 төсвийг хийхдээ хүүнд төлөгдөж байгаа мөнгийг буулгах тал дээр ач холбогдол өгөхөөр төлөвлөж байна.

-ОУВС-гийнхан ямар нэгэн болзол, шаардлагыг тавьж байна уу?

-Монголын Засгийн газар үүргээ хүлээчихсэн, ОУВС үүргээ хүлээчихсэн. Засгийн газар, ОУВС-гийн харилцан үүрэг хүлээлцэж хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг  Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Жайка, Олон улсын санхүүгийн байгууллагууд дагаад явчихсан байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах юм бол Монголд хэрэгтэй. Энэ хямрал, эдийн засгийн хүнд байдлыг хамтын хүчээр л давна. Яахав өндөр хүүтэй зээл аваад яваад байж болох ч энэ нь эргээд төсөвт дарамт ачаалал өгөх учраас бид бага хүүтэй зээл авахыг л голлож байгаа. ОУ-ын банк санхүүгийн байгууллага, ОУ-ын эдийн засгийн санхүүгийн байгууллагуудтай хамтраад бодлогын алдаануудаа засаад зөв болгоод хамтраад явах нь зүйтэй.   

Д.Ундрах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Huuhdiin mongoo avmaar bn
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
Сонин хачин