У.Хүрэлсүх: Багш нарын зовлонг би сайн мэднэ. Миний эхнэр багш мэргэжилтэй
2017/10/04

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж байна. 

Яг одоо УИХ-ын гишүүд  Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Багш нарын цалинг нэмэх асуудлыг судалж үзсэн үү. Та Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нэмэх боломжгүй гэж хэлсэн. Миний тооцооллоор бол боломжтой санагдлаа. Үүнийг судалж үзээрэй.

Мөн АН-ынхан дөрвөн яам нэмэх асуудал ярьж байна. Хэмнэлтийн горимд шилжиж байгаа бол илүү яамдаар юу хийх вэ. Дэд сайдуудыг цомхотгохыг дэмжиж байна уу"

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх "Багш нарын зовлонг би сайн мэднэ. Миний эхнэр багш мэргэжилтэй. Манай гэр бүл багш нарын цалингаар амьдарч байсан үе бий. Багш, эмч нарын асуудалд анхааралтай хандах ёстой гэж бодож байгаа. Ирэх онд нэмж чадахгүй ч эдийн засгийн боломжоо хараад шат дараатайгаар нэмэх боломжийг харж байна. Зөвхөн багш эмч гэхгүй онцгой, цагдаа гэх мэт. Мөн ОУВС-гийн хөтөлбөртэй тохиролцсон гэрээ бий. Юутай ч нэмэх чиглэл баримталж ажиллана. Ирэх жил тэтгэвэр тэтгэмжийг цалин мөнгийн инфлацитай уялдуулж нэмэх бодолтой.

ЯАмдын тоог нэмж хасахгүй. АН-аас санал хүргүүлсэн. Энэ асуудлыг судалж үзнэ. Одоо өвөлжилтийн ажил эхэллээ. Тиймээс энэ асуудалд анхаарна. Ширээ сандал зөөж гүйхгүй. Төрийн албан хаагчдыг цомхотгохгүй. Гэхдээ хариуцлага алдсан албан хаагчдыг толгойг илэхгүй гэдгээ хэлье. Төрийн хуулийг барьж ажилладаг зарчим алдагдаж байгаа учраас хариуцлага, дэг журмыг чангатгана"

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллана. Нийгэмд шударга ёсны үнэлэмж алдагдаж байна. Уул уурхайн асуудлыг хэрхэн шийдэх вэ. "

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх "Санал нэг байна. Зөвхөн би биш Монголын ард түмэн ч санал нийлэх байх. Газрын доорх баялаг бол монголын ард түмнийх. Шалга""ж үзнэ. Хууль дүрмийн дагуу шийднэ"

УИХ-ын гишүүн А.Сүхбат "Амжилттай сайн үр дүнтэй ажиллахыг хүсч байна. Нийгмээрээ нийтээрээ ёсзүйг уландаа гишгэсэн байна. Монгол Улсад өнөөдөр аялал жуулчлал ярих боломж алга. Агаарын бохирдол, хог гамшгийн хэмжээнд хүрчээ. Энэ асуудалд яаж анхаарах хандуулж ажиллах вэ. Төв цэвэрлэх байгууламжийн асуудалд анхаарах уу. Үнэр нь Төв аймагт хүртэл үнэртэж байна. Энэ нь Монгол хүн эрүүл цэвэр орчинд амьдрах ёстой гэсэн эрхэд нь халдаж байна. Үүнд ямар бодлого барьж ажиллах вэ"

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх "Агаарын бохирдол, хөрсний бохирдол санаа зовсон асуудлуудын нэг. Үүнд үе үеийн Засгийн газар, аймгийн удирдлагууд санаа зовж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ асуудалд түлхүү анхаарч ажиллана. Шинэ Засгийн газар дөрвөн үндсэн зарчимд тулгуурлаж үйл ажиллагаа явуулна. Шаардлагатай ажлуудыг хийж явна. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийднэ" гэлээ.

Асуулт хариулт үргэлжилж байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин