Шинэ Ерөнхий сайд гарч ирээд л бүх зүйлийг өөрчилчих үү?
2017/09/26

Өнөө өглөө болтол хуралдсан МАН-ын бага хурал Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэрийг өргөн барихаар болж өндөрлөв. Мэдээж Ерөнхий сайд хэн байхав гэдэг чухал ч ард түмэн нилээн бухимдалтай байна.

Учир нь тэд  4 жилийн талыг нь шахуу сандал, ширээний хэрүүл хийгээд өнгөрөөж байгаа аятай ард түмэнд үнэлэгдчихлээ. Одоо тэднээс олон нийт амлалт, ажил хийх аль альныг нь төдийлөн итгэж хүлээхгүй байгаа бололтой. Харин тогтвортой шиг байж байгаад ээлжит сонгуультайгаа золгоосой гэж хүсч байна.  Хэн хүссэн нь сайд , Ерөнхий сайд болог. Гагцхүү ажилдаа жигдрэх гэсээр цаг хугацаа л алдах юм даа.

Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлсэн гурван хүн тэр дундаа У.Хүрэлсүхийн тухайд өмнө нь сайд хийж үзсэн туршлагатай хүн. Гэхдээ сайд байхдаа юу хийж бүтээв гэдэг дээр хэн ч шууд хариулчихаж чадахгүй л байх. Ийм байхад Ерөнхий сайд л болчихвол бүх зүйлийг гоё, сайхан болгоно гэж итгээд байгаа нь хачирхалтай.

Өчигдөр МАН-ын бага хурал болж байхад олон ч хүн байр сууриа илэрхийлж үг хэлж байсан. Тэдний дундаас О.Баасанхүү гишүүний үг л олон хүний орой руу “Ёонк” гээд л туссан гэх. Тэрбээр “Гурван нэр дэвшигчийн тухайд Монголын төрд ажиллаж үзсэн үү. Үзсэн. Сайд хийж үзсэн үү. Үзсэн. Миний мэдэж буйгаар тухайн үедээ эд нар маань энэ төрийг гоё болгочихсон байсан бол ингэж бид хямрах байсан уу, үгүй юу” гэх утгатай хэдхэн үг л чулуудав.

Харин МАН-ын гишүүд өнөөх л хариуцлага, амлалтаа ярьж сонсогдоно лээ. Тэгвэл ард түмний хувьд юунаас ч илүү тогтвортой байдлыг хүсч байна. Тэд энэ хэдхэн жил төрөө тогтвортой байлгаж гэмээнэ аж амьдрал, улс орноо өөдлөн дэвшүүлэх боломж гарцыг эрэлхийлэх нь юунаас ч илүү чухал гэдгийг мэдэж байгаа. Тиймээс ч цаашид МАН-аас тогтвортой байдлыг хүсэхээс ажил, амлалтыг хүсээд нэмэргүй гэж бухимдаж буй биз.

Эсхүл сайд нар солигдлоо, Ерөнхий сайд томилогдлоо одоо бүх зүйл гоё, сайхан болно гээд МАН-ынхны “мөрөөдөл”-өөр  амьдраад байх хэрэгтэй ч юм болов уу.

Ерөнхий сайдад "Ногоон гэрэл" нь ассан У.Хүрэлсүх "Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа. Нийгмийн баялаг хэдхэн эрх мэдэлтний гарт нууцаар төвлөрч, ард иргэдэд ямар ч хүртээмжгүй байдлаар зарцуулагдаж, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтсоор байна. Баян, хоосны ялгаа туйлдаа хүрлээ. Одоо л энэ байдалтай цаг алдалгүй тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоож, бодлогын эрс шийдэмгий томоохон өөрчлөлт хийхгүй бол жинхэнэ утгаараа үймээн болж, нийгмийн эмх замбараагүй байдал бий болоход ойрхон боллоо" гэж нэгэнтээ ярьж байсан санагдана. Одоо харин түүнийг мафижсан төрийг өөрчлөөд явахыг харах л үлдлээ.  Ярьж хэлсэн шигээ өөрчлөөд явчихдаг бол сайн л байна.

Гэхдээ хоёрхон жилийн дотор өнөөх олигархиудын гар хөл болсон гэгдэх хуулийн байгууллагуудыг хольж солиод, 30 гаруй гэр бүлийг толгой дараалан барьж хориод л , оффшороос баахан мөнгө олоод, мафижсан төрийг эмх цэгцэнэд нь оруулна гэдэг юу л бол...

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Сэлэм эргүүлжээ байтал дараагийн сонгууль болчих байлгүй. 2020 он дөхөөд л байгаа шүү МАН-ынхаан.
    2017 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Өөрчлөлт хийж чадах хүн гэдэг У.Хүрэлсүх гэж хэлэхэд боломжгүй. Засгийн ажил гэдэг ард түмнээр алга ташуулах ажил яавч биш. 3 сая эрх ашгийг хангана гэдэг бүр ч худлаа ба 76 гишүүний эрх ашгийг ч хангаж ажиллаж чадахгүй байгаа нь нэгэнт тодорхой. Энэ хүний амьдралын түүх бол улс төр, төрийн алба. Хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн хөрөнгө нь жилийн 1 тэрбум даваж олдог хүн яаж энэ их мөнгийг олсон байж таарах вэ? Хэрэв би нэг ажил хөөцөлдсөн бол өвгөн эсхүл эмгэн болсон цагтаа л тэр нь бүтнэ. Би нэг зүйл худалдсан бол надад жилд энэ хэмжээний мөнгө олох боломж Монголд ямарч боломжгүй. Тэр Ерөнхий сайд боллоо гээд юу хийж чадах вэ? Би яг хэлье, юу ч өөрчлөгдөхгүй,
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
Сонин хачин