
Улаанбаатар хот өдөр ирэх тусам өнгөө засч, өндөр барилга орон сууц сүндэрлэж буй ч хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол “нүдний гэм”. Орон сууцны хороолол гэгддэг Баянгол дүүргийн I-IV хороо болон VIII хороонд энэ асуудал олон жилийн өмнөөс яригдаж ирсэн ч ажил хэрэг болсон нь үгүй. Баянгол дүүргээс улиран сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ одоогийн засаг дарга С.Одонтуяа нар “Орон сууцнуудыг засварлаж, хүүхдийн тоглоомын талбай барьж өгнө” гэж иргэдэд олон удаа амлаж байсан ч ам, ажил нь алд дэлэм зөрснийг дүүргийнхэн хэлж байна. Ялангуяа хуучны орон сууцнууд ихтэй учраас иргэд “Таны хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбай барьж өгнө. Таныг тохилог байранд тав тухтай амьдруулна. Алив энд гарын үсгээ зурчих” гэсэн мунхруулгад автах нь их. Тэдний энэхүү эмзэг сэдэв дээр дөрөөлж, “нүүрээ ширлэсэн” гишүүдээс гадна хаанахын, хэнийх нь үл мэдэгдэх компаниуд 2012 оноос хойш оршин суугчдыг дахин төлөвлөлтөд хамруулна хэмээн гэрээ байгуулж, зарим айлуудыг гудамжинд гаргах шахжээ. Тэр ч бүү хэл байрны урд талын тоглоомын талбайг нь нурааж, “Газар доор нь автомашины зогсоол барьчихаад эргэж газраа битүүлээд бүр гоё тоглоомын талбай барьж өгнө” хэмээн цементэлж орхисон тохиолдол ч гарсан байна. Энэ байдлыг эсэргүүцсэн иргэд хорооныхоо Засаг даргад хандаж, улмаар маргааныг шүүхэд шилжүүлээд байгаа гэнэ. Мөн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөдөө хандаж, энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Энэ асуудлаар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Баатартай ярилцлаа.
-Баянголчууд хоггүй хороонд, тохилог байранд амьдрахыг хүсч байна-
-Баянгол дүүргийн I-IV хорооны иргэд хүүхдийн тоглоомын талбай, орон сууцнуудын дундах хогийн “бункер”-ийн асуудлыг нэлээд хөндөж байна. Энэ асуудлаар танд хандсан гэж сонслоо.
-Тийм ээ. Надад хандсан. Харин манай Баянгол дүүргийн удирдлагууд яг энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байна. Ажлаа аваад бүтэн жил гаруй хугацаа өнгөрлөө. Зөвхөн улс төр л хөөгөөд байна. III хорооны 65 дугаар байрны оршин суугчид надад долоо хоногийн өмнө хогийн “бункер”-ийнхээ асуудлыг уламжилж байсан. Мөн 57 дугаар байрны урд талын хүүхдийн тоглоомын талбайг хэсэг хүмүүс очоод автомашины зогсоол барих нэрийдлээр газрыг нь цементлээд, тэгшлээд хаясан байсан. Уг нь нэлээд том хүүхдийн тоглоомын талбайтай байлаа. Одоо жижигхэн талбайд л хүүхдүүд тоглох зай үлдсэн байна лээ. Ер нь л хороонд хаа сайгүй хөглөрсөн хог новш, эвдэрсэн хогийн бункер зэргийг цэгцлэхээс эхлээд ажиллах нь зүйтэй болов уу. Жижиг асуудал гэж хойш тавьж, хий хоосон хөрсөн дээр буухгүй юм ярьж байснаас наад зах нь энэ асуудлыг нь шийдээд өгчихвөл иргэдийн амьдралд хэрэгтэй. Заавал мөнгө, санхүү гэж шалтаг тоочилгүй менежмент хийгээд хог шорооноос нь салгаж болно шүү дээ.
-Баянгол дүүргийн Засаг даргаар УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа ажиллаж байгаа. Та иргэдийн өргөдлийг Засаг даргадаа уламжилсан уу. Ямар хариу өгсөн бэ?
-С.Одонтуяа даргыг Баянгол дүүргийн иргэд итгэж, дэмжин УИХ-ын гишүүнээр хүртэл сонгож байлаа. Гэтэл Засаг дарга болсноосоо хойш хийсэн ажил үндсэндээ алга байна. Манай дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид олон санаачлага гаргаж, иргэдээс ирсэн асуудлыг ч уламжилсан. Тэгэхэд “Бидэнд мөнгө байхгүй” гэсэн хариулт өгдөг. Уг нь 60 гаруй тэрбум төгрөгийн төсөвт ажлыг дүүргийн ИТХ-аас баталж өгсөн шүү дээ. Одоо тэр мөнгө юунд зарцуулагдаж байгаа юм, бүү мэд. Иргэдэдээ тайлагнасан зүйл, нүдэнд харагдсан ажил алга байна. Анх Засаг дарга болохдоо иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж, хүүхдэд ээлтэй дүүрэг байгуулна л гэж байсан. Гэтэл одоо хийсэн зүйл алга байна. Дүүргийн ИТХ-аар төсөв батлах үед бид хорооны иргэдэд хүрэх ажилд зарцуулахыг сануулж байсан.
-Мөн танай хороонд дахин төлөвлөлтийн асуудал нэлээд яригдаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой байгаа вэ?
-Дахин төлөвлөлтийн ажлыг гурван бүс болгож, төлөвлөөд байгаа. Төлөвлөгөөнийхаа дагуу ажил хийгдэх байх. Дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар манай хорооны иргэдээс маш олон гомдол, санал хүсэлт ирсэн. Баянгол дүүргийн II хороо буюу “ТБД Андууд” төвийн арын хуучны орон сууц, III хорооны буюу Төмөр зам орчмын хуучны байруудад хүн амьдрахад хэцүү болсон. Тоос шороо ихтэй, согтуу хөлчүү хүмүүс их явдаг. Тэр хэрээрээ гэмт хэргийн гаралт их байдаг. Түүнээс гадна өнгөрсөн дөрвөн жилд нэг байран дээр л гэхэд нэг компани очоод дахин төлөвлөлт хийнэ гээд иргэдтэй гэрээ хийсэн байсан. Зарим иргэд байраа суллаж, ах дүү хамаатан саднаа бараадаж, шинэ байранд нүүж орох бэлтгэлээ базаасан тохиолдол ч байсан. Над дээр энэ тухай маш олон өргөдөл ирсэн. Нүүлгэн шилжүүлсэн бодлогогүй шийдвэрүүд олон байна. Үүнийг цэгцэнд оруулж өгөөч ээ гэж иргэд хандаж байна. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хамтраад асуудлыг Нийслэлийн ИТХ-д уламжилж байгаа” гэв.
Мөн зарим оршин суугчдын зүгээс Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяаг намын эрх ашгаа хойш тавьж, төрийн ажилдаа анхаарал хандуулахыг хүсч буйгаа хэлсэн юм. Учир нь, С.Одонтуяа дарга ажлаа авснаасаа хойш дүүрэг, хороодын иргэдэд амласан амлалтаа энэ мэтчилэн биелүүлээгүй ба Баянгол дүүрэг хөгжиж байгаа мэтээр намын нэр дэвшигчээ дэмжиж, хурал уулзалтад оролцох бүртээ “худал” хэлж иргэдэд молиго үмхүүлж явна. Түүнийг ийн албан ажлаа хойш тавьж, улстөржиж явах хооронд хотын төвд орших хуучны орон сууцнууд нь хүн харахын эцэсгүй болж, бяцхан багачууд эвдэрч, хэмхэрсэн эрсдэл ихтэй дээр нь автомашины зогсоол дунд баригдсан жижигхэн талбайдаа аргагүй эрхэнд тоглож наадсаар л... Хэзээ 60 тэрбумын тайлангаа иргэддээ тавьж, намчирхалгүй залуустайгаа гар нийлж, дүүрэг хороогоо хөгжүүлэх вэ. Хөгжил цаг хугацааг хүлээдэггүй гэдгийг эрх биш мэддэг байлтай.






Д.Дуулим
Сэтгэгдэл (1)