Сонгууль ба эрх мэдлийн тулаан
2012/02/17
Хаврын улирал хаяанд ирээд мөн ч сайхан байна. Удахгүй  цэцэг, навч дэлгэрч, хур бороо орж хүн зоны зоо тэнийнэ. Ичээндээ амарч буй баавгайг ч суга татаад гаргаад ирдэг бас л сайхан улирал шүү. Хэзээний л муу залхуу хойрого амьтансан уг нь. Юу ч юм үнэрлэхээрээ нойрмог нүд ээ аниатай бэдчиж яваа түүний замд таарвал тэгээд л дуусах нь тэр. Гишгүүлж үхвэл яана. Тэр чинь идэх юмны төлөө бол араатан зангаа гээнэ л гэж үгүй. За тэгээд  үнэг, чоно, өмхий хүрэн гээд л янз бүрийн амьтадыг сэтгэлдээ  төсөөлж битүүхэндээ баяртай ч юм шиг.

Сайхан гэснээс нээрээ миний Монголд сайхан зүйл зөндөөн байх юм. Бид чинь уудам тэнүүн газар нутагтай, удам угсааны Чингис өвөгтэй, Уртын дуу, морин хуур, шандаст хүлэг, хүчит бөх гээд л сайхан бүхний цогц монголд байх юм. Удахгүй сонгууль болно. Энэ үеэр бас л сайхан зүйлийг харин ч нэг харна даа. Сонирхолтой, содон, шуурхай, үнэн бодит бус  бүхнийг  та бүхэн эндээс л мэдэрнэ. Мундаг баян ах, эгч нар маань нэгнийхээ хамаг амьдралыг тоочоод л нэг ёсондоо цуврал өгүүлэл маягын юм монголын “Сонгуульзүйн”  талбарт тавьж өгнө.  Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг хөлстэй гарандаа атгачихсан болохоор л тэр. За тэгээд цаашаа бөөн юм болно доо.

Үнэг шиг царайлсан хүмүүс хотоор нэг холхиж ил, далд энд тэнд нэгнийгээ илж таалаад л...Тэгээд бас болоогүй мөнгөн бороо асгаруулдаг аймаар сайн хүмүүс гэх. Хажууд нь байж аз таарвал халаас түнтийх л байх. Ёстой бурханы элч шиг буянтай улс гэсэндээ. Хаанаас яаж мөнгө олдог юм бол бүү мэд. Нэгнийхээ паянг ярьж байгаагаар бол хэцүү л юм чих дэлсэнэ.

Яг үнэндээ манай төрийн түшээд хаврын салхи, сонгуулийн хавсарганд хэдэн төгрөгөө хийсгэсэн шарандаа улсын сан хөмрөглүү улангассан бух шиг дайрч, түүнийгээ яс нуусан нохой шиг хав дарна гээч. Сүүлийн үед сайн эцэг эхийн буянд баяжсан улс төрийн орон зайд дэндүү жулдмаар амьтад гэнэт гараад ирэх нь хачирхалтай. Гадаад дотоодын ийм ч, тийм ч алдартай их сургууль төгссөн тэр компаний боссын хүү, улс төрийн залуу халаа энэ тэр гээд л цол гуншин нь сүртэйг яана.

Эдний нэг монголын тэргүүн баячуудын нэг МАК-ын Б.Нямтайширын хүү Номтойбаяр сүүлийн үед Юмтайбаярын дүрд тоглоод байгаа. АНУ-д сургууль төгч ирээд л Тагнуулын Ерөнхий газар ажиллаж байсан лут эр. Мань хүн тэнд ажиллаж байсан үеийг “Суралцаж байсан гэж тодорхойлбол үнэнд илүү нийцэх байх. Яагаад гэвэл, дөнгөж сургууль төгссөн болохоор надад дадлага, туршлага байгаагүй” хэмээн хээв нэг ярьж байсан хүн. Бүхэл бүтэн Бүгд Найрамдах улсын тагнуулын газарыг сургалтын газартай адилтгах нь юу л бол. 

Ямартаа ч шинэхэн дэд сайд энэ эрхэм улс төрд ногоон гэрлээр урагшилж яваа нь үнэн. Ирэх сонгууль буюу их дайнд хүртэл оролцохоор сэтгэл шулуудсан. Энэ жил Дорнодын хоёр мандатын төлөө МАН дотор УИХ-ын гишүүн Д.Одбаяр, НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, аймгийн Засаг дарга Ц.Жанлав нар нэр дэвшихээр өрсөлдөж байгаа. МАН-ынхан Н.Номтойбаярыгаа ихэд анхаарч байгаа гэсэн. Анхаарахгүй гээд ч яах билээ анх элсэхэд нь нэг тэрбум төгрөг авсан юм чинь. Ингээд яриад байвал энэ хүний архив дуусашгүй биз. Юутай ч Номтойбаяр гэж энэ нөхрийг үнэхээр “Номтой” үгүйг нь харж л байя. Цаг хугацаа харуулна биз.
Р.Эрдэнэ 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин