МУ хориотой бодисын “зөөвөрлөгч, тээвэрлэгч орон” гэсэн ангиллаас “хэрэглэгч орон”-ы тоонд багтах аюулд хүрсэн төдийгүй сэргээш, мансууруулах бодис нь /допинг/ нэр төрлийн хувьд олон, үйлчлэх хүрээ өргөн, түүнчлэн нийгэм хууль, эрх зүй, биеийн тамир спорт, эрүүл мэндийн салбарын олон мэргэжлийн уулзварт судлах шаардлагатай объект болохын хувьд орчин үеийн лаборатори байгуулах хэрэгцээ зүй ёсоор тулгарч байна.
Эмийн замбараагүй худалдаа болон сүлжээний бизнес, фитнес, эрүүлжүүлэн чийрэгжүүлэх нэрийн доор явагдаж буй стандарт, хяналтгүй олон талт үйл ажиллагааны улмаас ард иргэд, өсвөр залуу үеийнхэн санаатай болон санамсаргүй байдлаар допингийн аюулд өртөж, эрүүл мэндээрээ урт удаан хугацаанд хохирдог учраас хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох шаардлагатай байна.
Энэ талаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав УИХ-ын чуулганы хуралдаан дээр хамгийн чухал асуултуудыг тавьсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тэрбээр "Мансууруулах бодис, хар тамхины хэрэглээ дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байгаа ноцтой гэмт хэргийн төрөл. Монгол Улс маань зөөвөрлөгч, тээвэрлэгч орон гэсэн ангилалд багтдаг байсан юм билээ. Гэтэл одоо хэрэглэгч орны ангилалд орж байгаа гэх харамсалтай мэдээлэл байна. Улмаар энэ төрлийн гэмт хэрэг манай өсвөр үе, үр хүүхдүүдийн маань дунд өргөн хэмжээнд тархаж байгаа байдал бид бүгдийн сэтгэлийг зовоосон асуудал болоод байгаа. Тэгэхээр Монгол Улс маань энэ төрлийн хэрэглээний эсрэг дэлхий нийтийн гаргасан хууль тогтоомжинд нэгдэж гарын үсэг зурсан байдаг. Тиймээс гадны орны хар тамхины эсрэг хийж байгаа зүйлс, судалгаа, урьдчилан сэргийлж танин мэдүүлэх ажиллагааг түшиглэж бусад улс орнуудтай хуулийн дагуу хэрхэн хамтран ажиллаж байгаа бол?. Манайх шинээр хэрэглэгч орон болж буй учир энэ талын урьдчилан сэргийлэх туршлагыг хэр нэвтрүүлж байгаа бол?. Хил гааль дээр ганц нохойноос өөр багаж, тоног төхөөрөмж хэрэглэж байна уу?. Мөн допинг, хар тамхийг илрүүлэхэд улсын тодотголтой төв лаборатори огт байдаггүй. Үүнийг бий болгох талаар судалгаа, техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зорилт чиглэл тавигдсан юм бий юу?. Нөгөөтэйгүүр хар тамхины эсрэг тэмцэл төр засаг, засгийн газрын дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Энэ талаар авагдаж байгаа чиглэл арга хэмжээ байна уу? " зэрэг асуултыг асуусан юм. Харин түүний асуултанд Хууль зүйн яамны сайд С.Бямбацогт ийнхүү хариулж байна.
Бичлэгийн бүрэн эхээр нь хүргье.
Сэтгэгдэл байхгүй байна