УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийг баталлаа. Хууль батлагдсанаар тус хуулийг энэ оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх юм.

Хорих ялын доод хэмжээ зургаан сар байна
Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа ОХУ, ХБНГУ-ын Эрүүгийн хууль, олон улсын эрдэмтдийн хамтран гаргасан “Эрүүгийн загвар хууль”-ийн зохицуулалтыг нэлээд судлаж үзсэн байна.
Ингэхдээ “Эрүүгийн хариуцлага” гэх нэр томьёог хасч, үүний оронд “ял, албадлагын арга хэмжээ” гэх эрүүгийн хариуцлагын хоёр бие даасан институцийг тус тусад нь тодорхойлсон байна. Мөн Эрүүгийн хуулиар урьд өмнө нь аливаа хууль бус үйлдлийг хохирлын хэмжээгээр нь тооцдог байсан бол шинэ батлагдсан хуулиар хохирлын хэмжээгээр бус нийгэмд аюултай байдлаар нь гэмт хэрэгт тооцохоор заажээ.
Түүнчлэн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хүнийг ялаас чөлөөлж, хуулийн этгээдэд ял оногдуулна гэж заасан байна. Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан нь шудрага ёсыг бэхжүүлэх, эрүүгийн хуулийн зорилтыг хангах, зохион байгуулалттай гэмт хэргийг саармагжуулах, тэдгээртэй тэмцэхэд томоохон ач холбогдолтой гэж үзжээ.
Эрүүгийн хуулийг хэлэлцэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулах, “шоронжуулах” явдлыг багасгана гэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ дагуу хорих ялын доод хугацааг зургаан сар болгожээ. Мөн тэнсэх албадлагын арга хэмжээг ял оногдуулахгүйгээр хэрэглэхээр тусгасантай байна. Ингэхдээ зарим төрлийн онцгой үед /2 хүртэл насны ганц бие эцэг, эх, насанд хүрээгүй хүн гэх мэт/ ял оногдуулж, оногдуулсан ялыг гүйцэтгэхийг хойшлуулах тухай зохицуулалтыг нэмж, энэ тохиолдолд өсвөр насны хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэдэг байхаар тусгасан аж.
Авлигын эсрэг гэмт хэргийг чангатгажээ
Мөн авлигын зүйл заалтуудыг чангатгасан байна. Ингэхдээ албан тушаалтан “албан тушаалын байдлаа” эсвэл “эрх нөлөөгөө” хэтрүүлэн ашигласнаас хамааран тус тусад нь зүйлчилдэг байсныг болиулж, нэгтгэж эрх хасах ялын хэмжээг нэмэгдүүлжээ. Мөн авлига өгөх гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг нэмсэн байна.
Түүнчлэн төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгаж, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг цоо шинээр томьёолжээ.
Дараах тусгай ангиудад өөрчлөлт оруулжээ
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах, хүчиндэх, бэлгийн дарамт учруулах, хүнийг хууль бусаар хорих, хүчээр алга болгох, хүний орон байранд хууль бусаар нэвтрэн орох, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх, хувь хүний нууцад халдах, ялгаварлан гадуурхах, хүний цус, эд, эрхтнийг хууль бусаар авах, бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдлын вирус халдаах, залилах, татвар төлөхөөс зугтаах, зайлсхийх, Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, алилжаанд оролцох, Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах, байгалийн тэнцэл алдагдуулах, албаны эрх нөлөөг урвуулан ашиглах/ -д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг илүү ойлгомжтой болгох, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор зохих өөрчлөлтийг оруулсан байна.
ОНЦЛОХ заалтууд
“6.14 дүгээр зүйл. Гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх
1.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, эсхүл хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийг илрүүлэхэд бодитой тусалсан хамтран ажиллах гэрчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.
11/9.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг:
4. Гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуульд заасан хуулийн этгээдийн нэгэн адил эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
“18.15 дугаар зүйл.Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх
1. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
“18.16 дугаар зүйл.Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах
1. Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1. Албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2. Бүлэглэж,
2.3. Их хэмжээний даатгалын нөхөн төлбөр авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20/22.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:
“7. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөх саналыг хүлээн зөвшөөрсөн бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
5/2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2. Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.”
9/5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ.”
17/10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1. Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
“13.4 дүгээр зүйл. Хүнийг хүчээр алга болгох
1. Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг шалган хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч хүнийг хууль бусаар хорьсон, хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан, эсхүл хорьсон, эрх чөлөөг нь хязгаарласан талаарх мэдээллийг нууж, мэдээлэл өгөхөөс татгалзаж эрх чөлөөг нь хязгаарласны улмаас бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулсан нь энэ хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
19/15.1 дүгээр зүйл:
“1.Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
21/15.3 дугаар зүйл:
"1.Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний цусыг авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хууран мэхэлж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтнийг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
24/17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:
"1. Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг:
3.1. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2. Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна