Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулга энэ сарын 3-ны өдрийн 10.00 цагаас 20.00 цаг хүртэл үргэлжилж, дүнгээ гаргаад буй. Харин энэхүү санал асуулгаар нийт 2740.9 оноогоор УИХ-ын гишүүн асан Х.Баттулга тэргүүлж, нэр дэвшигчээр нэрлэгдээд буй. Ингэснээр түүний Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх зам мөр нь шуударлаа гэсэн үг бас биш юм.

Учир нь түүнийг намын хэмжээнд нь дахин нэг босго шүүлтүүр хүлээж байгаа. Юу гэвэл тус намын Үндсэн дүрмийн заалтын дагуу түүний нэрийг намын Их хуралд өргөн мэдүүлж батламжлах ёстой. Энэ хүрээнд намын наймдугаар Их хурлаар хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг нууц санал хураалт явуулж баталгаажуулна гэсэн үг.
Ингэх нь Сонгуулийн Ерөнхий хуулийн дагуу тухайн нэр дэвшигчийн авсан саналын тоо хувь, дэмжсэн, дэмжээгүйгээр нь гаргаж баталгаажуулж Сонгуулийн Ерөнхий хороонд мэдүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлж буй хэлбэр юм. Тэгэхээр хуулийн дагуу нууц санал хураалт явагдана гэсэн үг. Харин нэгэнт бүх гишүүдийн дунд явуулсан дотоод сонгуулиар тодроод гарсан нэр дэвшигч маань Их хурал дээрээ “унасан” тохиолдолд яах вэ гэсэн асуулт гарна. Хэдийгээр “Ардчилсан нам” гэсэн ганцхан фракцтай гэж ярьж байгаа ч энэ нам бол таван тусдаа намын нэгдэл учраас анхны тэр таван үр хөврөл одоо ч гэсэн явж л байж таарна. Үндсэндээ фракци гэдэг чинь тэр шүү дээ. Тиймээс сунгаанаас нэр дэвшээд гараад ирсэн кандитат Их хурлынхаа босгонд бүдрэхийг байг гэх газаргүй юм. Харин энэ талаархи асуултанд тус намын дарга С.Эрдэнэ “Унасан тохиолдолд асуудлаа үргэлжүүлээд хэлэлцээд явна. Их хурлын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцээд шийдвэрлэх боломжтой” гэсэн хариулт өгч байгаа. Харин тэр боломж нь юу байх вэ?
Үндсэн дүрмийн заалтын дагуу намын дарга тухайн Их хурал дээр шаардлагатай үед нэр дэвшигчийг санал оруулах заалттай байдаг.Гэхдээ энэ бол зөвхөн намын даргын эрхийн хүрээний асуудал бөгөөд дүрмэнд зааснаар заалнаас хэн нэгнийг нэр дэвшүүлэх боломжгүй байдаг аж.
Тус намаас дотоод сунгаагаар гарч ирсэн Х.Баттулгыг тойрсон янз бүрийн санаа бодол явж байгаагаас гадна хамт нэр дэвшигчдийн хувьд гомдол саналаа илэрхийлж буй гэх мэдээлэл байгаа юм. Энэ нь намын наймдугаар Их хурлын төлөөлөгчдийн санаа бодолд нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ зарим нэг нь “Галт тэрэг хэдийнэ хөдөлсөн” хэмээн тодотгож байна. Тэгэхээр энэ Их хурал нийгэмд бас л нэг шинэ хүлээлт бий болгочихоод байна.
Өнөөдөр хуралдах энэ Их хурлаар дээрхи асуудлаас гадна Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батална. Түүнчлэн Үндэсний бодлогын хорооны 389 гишүүний бүрэн эрхийг батламжлахаар төлөвлөжээ. Их хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг бид дараа хүргэх болно.
Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн хүмүүсийн дотоод сонгуулийн оноо:
- Х.Баттулга 2740.9 оноо
-Р.Амаржаргал 2374.8 оноо
-Д.Дорлигжав 1058.6 оноо
-Н.Алтанхуяг 1044.1 оноо
-Л.Болд 917.3 оноо
-Б.Жаргалсайхан 213.3 оноог тус тус авчээ.
М.Оргил
Сэтгэгдэл байхгүй байна