Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль 2017 оны зургадугаар сарын 26-нд болно. Сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН, МАХН нэр дэвшүүлэх эрхтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ойртох тусам намуудын дотоод тэмцэл ширүүсч эхэллээ. МАН, АН-ынхан аль хэдийнэ дотооддоо ширүүн тэмцлээ эхлүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон дуулиан шуугианы талаар цувралаар нийтэлж байна. Энэ удаад АН-аас нэр дэвшигчдийг онцолж байна.
АН-аас Норовын хүү Алтанхуяг, Эрдэнийн Бат-Үүл, Дамбийн Дорлигжав, нэрт нийтлэлч Баабар, Халтмаагийн хүү Баттулга нар нэр дэвшихээ шууд зарлаад байгаа. Цаана нь нэр дэвших магадлалтай Лувсанвандангийн Болд, Ренчиннямын Амаржаргал гээд нэрс ар араасаа хөвөрнө. АН-ын угшилтай луйварчин, гуйлгачин, түүлгэчин, оффшорчин, авилгачид төдийгүй харьцангуй нэр цэвэр нөхөд ч эдэн дунд байх. Ямартай ч ирэх 5-р сарын 03-ны АН-ын хурлаар эдгээр нөхдөөс нэг нь тодорч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авч, тоосоо өргөж, торгон жолоогоо өргүүлнэ.
Эби ба түүний нөхөд
Тун удахгүй халаагаа өгөх гэж байгаа Цахиагийн хүүг бид 2009, 2013 онуудад 2 удаа ерөнхийлөгчөөр сонгосон. МАН засгийн эрхийг барьж байх үеийн төгсгөлөөр буюу 2009 онд тэрээр ерөнхийлөгч болж байлаа.“Сөрөг хүчнийг сөрж юм хийх хэцүү байгаа байх даа, эвий минь” гэж түүнийг бид эвийлсэн. Дараа нь 2012 онд АН засгийн эрхийг аваад УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүнээр нэг намынхантайгаа нийлээд одоо л ихийг хийх байх даа гэж 2013 оны сонгуулиар дахин итгэл хүлээлгэсэн ч тэрээр бидний бодсон санасан шиг байж чадсангүй. Наадмаар туг тойрон дэвж амьтны эгдүү дургүйг хүргэж, авилгачдын эсрэг гэж орилсоор 8 жилийн нүүр үзлээ. Буцах хүнд үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг ч мань хүн өөрийнхөө орны хүнээ зүтгүүлж эхэлжээ. Өнөөдөр Монголын ард түмэн нэг л зүйлийг яс махандаа шингэтэл ойлгож байна.Намбатай, тулхтай, хагалан бутаргадаггүй, хэний ч өмнөөс айхгүй үгээ хэлдэг, ухаантай, жинхэнэ сөрөг хүчин байж чадах тийм л “аав” бидэнд хэрэгтэй байна.
Сүүлийн үед гарч буй судалгаагаар ард түмний сонголт “нэр цэвэр, хэн нэгний фракцид ордоггүй, ухаалаг” нэгнийг сонгох гэж байгаа нь харагдаж байна. Ингээд олон үг нуршилгүй нэр дэвшихээ зарлаад байгаа нөхдийн хэн нь хэн бэ гэдгийг тодруулцгаая.

УИХ болоод орон нутгийн сонгуульд удаа дараа өвдөг шороодсон хүн Ерөнхийлөгчийн сунгаанд санаархах нь хэр зохимжтой вэ?
Дамбийгийн хүүд Ерөнхийлөгчийн сэнтийд суух найдвар төрсөн болоод ийнхүү зоригтойгоор нэр дэвшихээ зарласан байх.Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тун ч “ходий” тэрээр сүүлийн үед “Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой” гэж мэдэгдэх болсон.
Д.Дорлигжав нь хэдийгээр УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд сууж чадаагүй ч бүхий л ашигтай, зангарагтай албан тушаалуудыг хашиж ирсэн байдаг. Ц.Элбэгдоржийн дотны хүн гэдэг утгаараа түүнийг ялалт байгуулах болгонд томоохон албан тушаалд томилогддог нэгэн. Ерөөсөө л Цахиагийн хүүг амжилттай яваа бүхий л цаг үед Д.Дорлигжав Батлан Хамгаалахын сайд, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, Ерөнхий сайдын зөвлөх, Мэргэжлийн хяналтын сайд, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Монгол Улсын Ерөнхий прокурор гээд өндөр албан тушаалуудыг хашиж ирсэн байх юм.
Өөрийнх нь тухай сөрөг мэдээ гаргасан сэтгүүлчдийг ясыг нь цайтал шүүх цагдаагаар явуулдаг гэдгээрээ алдартай ийм нэгэн хүн Ерөнхийлөгч болохоор санаархаж байна.

“Хаяа муутай” Халтмаагийн Баттулга
Түүний улс төрийн замнал 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн болсноор эргэлт буцалтгүй эхэлсэн. “Загалмайлсан эцэг” кинонд гардаг нэрээр компаниа нэрлэсэн “Женко” Х.Баттулга тийм ч сайхан намтар түүхтэй хүн биш. Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Зам Тээврийн Яамны сайд байсан тэрээр танк ярьсаар байгаад Төмөр зам бариагүй л хүн дээ.
Эцэс төгсгөлгүй их шуналтай гэж энэ л хүнийг хэлэх байх. 1997 онд 17 чингэлэг спиртийг ус болгож чадсан сайн эр хамгийн сүүлд Монголын төмөр замаар тоглосных нь хариуд хууль хяналтынханы хараанд өртөж шалгагдаж байгаа. Спиртийг ус болгож чадсан хүн Төмөр замын хэргээ замхруулан Ерөнхийлөгчийн суудалд санаархах нь нэг л биш санагдаад байгааг нуух юун. Өөрийг нь хүрээлж хамаг хэргийг нь үүрч байсан залуус сүүлийн жил хүрэхгүй хугацаанд зарим нь шоронд орж, зарим нь харьд ор сураггүй одсоныг бодохоор үнэхээрийн хаяа муутай хүн гэхээс өөр хэлэх үг үгүй мэт. Монголын төмөр замыг зөв, шударга хүнээр удирдуулах боломж Х.Баттулгад байсан уу гэвэл байсан, харин тэр тэгэхийг хүсээгүй. Эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг дансаар шилжүүлдэг Мафийн энэ нөхөр бидний “аав” байж таарах уу, ер нь.
Гэр бүлийн хувьд орос эхнэртэй. Хэрвээ энэ хүн магадгүй ялалт байгуулвал Ю.Цэдэнбалаас хойших гадаад эхнэртэй хүн болж таарах нь. Харин ард түмэн хүлээж авах нь юу л бол.

Оффшорчин хүүтэй, С.Зоригийн хэргийн хамгийн том сэжигтэнд ард түмэн хэзээ ч итгэл хүлээлгэхгүй!
Ардын уран зохиолч С.Эрдэнийн хүү Бат-Үүл нь аавынхаа нэр төрөөр өндөрлөгт хүрсэн нэгэн. Өдгөө 60 нас хүрсэн тэрээр Ардчилсан хараацайнуудын нэг, бүр болоогүй Монгол Улсын Баатар цолоор хүртэл шагнагдсан. Энэ нь Эбигээс түүнд халхавч болгож өгсөн шагнал гэх нь ч бий. Ямартай ч түүний энэ насанд хусаад ч арилахгүй сэв бол улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэг. Тухайн үедээ ч сэжигтэнээр татагдаж, хожим 2016 оны есдүгээр сард дахин сэжигтнээр татагдсан түүхтэй. Гол сэжүүр нь хэргийн газар түүний үстэй малгай байсан явдал мөн С.Зоригийн гэргий У.Булгантай янаг амрагийн харилцаатай байсан гэх батлах боломжгүй гэвч баараггүй үнэн яриа. Харин сэжигтнээр татагдах тоолондоо тэрээр улс төр хэмээн цайруулдаг. Энэ бол мань баатрын нэр төр, рейтингийг асар ихээр доройтуулдаг №1 факт.

Муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг шиг бас нэг асуудал босч ирсэн нь түүний хүү Б.Чулуудай оффшор бүсэд данстайгаас гадна аавыгаа хотын даргаар ажиллаж байхад хэрэгжүүлсэн төсөл, тендерүүд. Цаашилбал, хамтран төсөл хэрэгжүүлсэн Туркийн компанийг “мурьсан”, өнөө компани нь Олон улсын Арбитрын шүүхэд өгч, шүүх Б.Чулуудайг буруутай гэж үзсэн гээд бангадуулах юм нэмэгдээд буй. Ийм хүн Ерөнхийлөгч, улсын хааны суудалд санаархана гэхэд нэг л сүжиг төрөхгүй нь. Харин хаа очиж түүнийг хотын даргын ажлыг маш сайн хийсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Зартай “хорчин”-оос задгай цагааны аялгуу хүртэл
“Алтангадас”-ийн Н.Алтанхуяг хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ санд мэнд мэдэгдсэн хүн. Нэг дээшлэн эсвэл доошилдог түүний улс төрийн амьдрал өдгөө уналтын үедээ ирээд буй. Бүр эргэлт буцалтгүй гэж тодорхойлсон ч болно. Жирийн нэгэн биофизикийн багшийн улс төрийн карьер өнөөдрийг хүртэл ийм хол явна гэж хэн ч бодож байгаагүй байх. УИХ-ын гишүүн, ХАА-ын сайд, Ерөнхий сайд гээд түүнд бүхий л томоохон албан тушаалууд оногдож байж. “Алтан гадас” фракциа ”Алтан гудас” болтол нь намуудтай "завхайрч" явсан түүнийг сүүлийн үед АТГ амар тайван унтуулахаа байсан өдрүүд. Хүргэн хүү, эхнэр хүүхдээр нь хүртэл оролдож энэ бүхний хариуд Норовын хүү ханцуй зангидан үзэлцсээр өнөөдрийг хүрсэн нь өөр гарах гарцгүйнх. АН дотроо хор найруулдагаараа мань хүн зартай. Задгай цагаан хоч авсан нь найруулсан хороо халхавчлах гэсэн башир заль ч байж болно гэх нь бий. Ямартай ч харах царайны Ерөнхийлөгчийн зангараггүй түүнийг хүчтэй өрсөлдөгч биш гэж шууд дүгнэж болно. Гэвч дур эзнээ голохгүй гэгчээр нэр дэвшинэ л гэчихсэн тууж явах. Цайрна гэгч энэ биз. Хороо найруулаад, задгай цагаанаа аялуулаад нам дотроосоо гараад ирлээ гэхэд ард түмэн түүнд ёстой алтан “салаавч” өгөхдөө АН-тай нь хамт ниргэх биз.

Төрд хэрэгтэй “зайран”
Одоо харин хэдийгээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаагүй байгаа ч АН доторх ганц хоёрхон бор халзан туулайнуудыг дурандъя. Бусадтайгаа адилхан элдэв хоронд орох нь бага супер сэхээтнүүд АН-ын улстөрчид дунд цөөнгүй бий.Тэдний нэг нь Лу.Болд. Тэрээр АН доторх хөрөнгөтнүүдийн эгнээнд багтдаг ч түүний толгой Монголын төрд хэрэгтэй. Удам судрыг нь харсан ч агуу их Лувсанвандангийн хүү шүү дээ. Монголын тэргүүн баячуудын нэг болсон түүнд хэл бичгийн эрдэмтэн, гоо зүйн шинжлэх ухааныг Монголд үндэслэгч, төр нийгмийн зүтгэлтэн, нэртэй удирдагч, багш соён гэгээрүүлэгч аав нь маш ихийг зааж сургасан болоод өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн биз.
1996 оны сонгуульд ялж, УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш улс төрд албан ёсоор хөл тавьсан тэрээр нам дотроо доошоо ч ордоггүй, дээшээ ч гардаггүй завсрын улс төрчдийн нэг. Гэхдээ л АН-ыг сайн “явахад” Л.Болд шиг бэлтгэгдсэн хүмүүс хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Ямар нэгэн фракцид ордоггүй, намынхнаа хурцаар шүүмжилдэгтээ үргэлж нүд үзүүрлэгддэг Р.Амаржаргал
Хэнийг нэр дэвшүүлэхээс хамаараад сонгуульд Ардчилсан нам ялах, ялагдах нь шийдэгдэх тул АН-ынхан өдгөө нам дотроо ширүүн тэмцэл өрнүүлж байгаа. Хамгийн сүүлд явуулсан хоёр ч судалгаагаар АН-аас Р.Амаржаргалын рейтинг өндөр гарсан. Нийгэмд арай илүү нэр хүндтэй байгаа, тэр хэрээр ялж мэдэх найдвар төрүүлж буй Р.Амаржаргалаа дэмжих үү, эсвэл мөнгөтэй, хор найруулдаг, элдэв фракцид хамаардаг “муу нэртэй” хэдийгээ дэмжих үү гэдэг сонголт АН-ынханд тулгараад байгаа гэсэн үг.
Эдийн засагч мэргэжилтэй Р.Амаржаргал Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайдаар ажиллаж, ГХЯ-ны сайдаар ажиллаж байв. УИХ-д 4 удаа улиран сонгогдож байсан тэрээр 2016 оны сонгуулиар өөрийн тойргоо намын дарга З.Энхболдын гуйлтаар тэр үеийн гишүүн байсан М.Батчимэгт өгсөн гэсэн яриа байдаг юм билээ.Тулхтай улстөрч гэгддэг Р.Амаржаргал элдэв мапаантай асуудалд нэр холбогдсон нь бараг үгүй. Гэхдээ түүнийг өөрийн мэдлэг боловсролыг ашиглаж, даацтай хөдөлж, нөлөөлж чаддаггүй гэж үздэг.
Нам дотроо ямар нэгэн фракцид ордоггүй, элдэв янзын хор найруулдаггүй, намынхныгаа манай танай гэж ялгалгүй хурцаар шүүмжилдэг, АН-ын үе үеийн дарга нартаа халтай Р.Амаржаргал магадгүй намаасаа дэмжигдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авч чадвал сөрөг хүчнийг ялах магадлал хамгийн өндөртэй кандидат. Гаргах эсэх нь АН-ынханы шийдэх асуудал юм даа.

БААБАР намын дотоод зөрчлийг сөрөхийн тулд нэрээ дэвшүүлсэн нь дамжиггүй
АН-ын ууган гишүүдийн нэг Б.Батбаяр өдгөө 62 настай. Цагтаа Сангийн сайд явсан тэрээр сүүлийн үед намдаа сүжиггүй болсноо ил далд хэлэх болсон. Ямар сайндаа л 2016 онд нам нь тэр аяараа ялагдчихаад байхад гуниглахын оронд баярлаад “үхэх” гэж байхав дээ.
З.Энхболд, С.Эрдэнэ, “Фортуна” Н.Батбаярт яснаасаа “аллергитай” түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлснийг эсрэг намтайгаа биш, өөрийн намынхантайгаа сөргөлдөж “боссон” нүүдэл гэж ойлгож болохоор. АН-ын өдгөөгийн удирдлагуудаас нэр дэвших эрх авч чадахгүй ч намаасаа нэр дэвшиж буй нэр цэвэр хүмүүст дэмжлэг болох үүднээс нэр дэвшсэн гэж харагдаж байна. Ямар ч бүлэглэлд харьяалагддаггүй тэрээр ямар ч бүлэглэлд харьяалагддаггүй нэгний ард байх нь мэдээж.
Ардчилалын төлөө анхнаасаа тэмцэж, үг, үзэг хоёроор зэвсэг хийж ирсэн Баабар намаа ч, үе үеийн ерөнхийлөгчдийг ч шүүмжилж ирсэн нэгэн. “П.Очирбат гэж нэг муу хүн байсан.Н.Багабанди нь тэрнээсээ муу байсан.Н.Энхбаяр нь хоёуланг нь нийлүүлснээс ч олон дахин муу” гэж чухамдаа Баабар л ишилж байв шүү дээ.
АТГ.МН
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл байхгүй байна