“Оффшорын хууль” батлагдлаа
2017/04/13

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаан оролцсон гишүүдийн 74 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.   

Уг хууль батлагдсанаар АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлдэг гаргадаг 38.9 мянган төрийн албан хаагч болон түүний хамаарал бүхий этгээд нэр бүхий 42 улсад банкны данс нээсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, компани, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, хувьцаа эзэмшиж байгаа бол 30 хоногийн дотор АТГ-т мэдүүлэх үүрэг хүлээх юм. Хэрвээ мэдүүлээгүй, хууль хяналтынхан оффшор дансыг илрүүлсэн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм.

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Панамын баримтыг шалгаад үнэн, зөвийг шүүж болдоггүй юм уу, АТГ-ынхан. Хэн, хэн оффшорт данстай байгааг нь манай хууль, хяналтынхан яагаад шалгахгүй байгаа юм бэ. Заавал популист хууль руу оруулж байна. Хөрөнгө орлогоо мэдүүлчихвэл хариуцлагаас чөлөөлөгдөх юм уу, мэдүүлээгүйдээ хариуцлага хүлээх юм уу. Та нар оффшор гэдгийг нь яаж тодорхойлох юм бэ. Хууль батлагдвал хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрчлөлт орох уу?

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: ХОМ-ийн маягтыг шинэчилнэ. Үндсэн хуульд заассан хүний эрхийн асуудал  хуульд тусгасан байгаа. Оффшортой холбоотой асуудалд хязгаарлалт тогтоохгүй бол болохгүй байгаа нь Панамын баримт бичигтэй холбоотой. Панамын баримт нэр нь дурдагдсан  хүмүүсийн хувьд бүгд ах дүү, гэр бүлийн хүмүүсийн нэр дээр данстай байгаа. Тиймээс хуульд хамаарал бүхий этгээдүүдийг оффшор бүсэд данстай байхыг хориглосон. Төрийн албанд ажиллаж байгаа хүн оффшор бүсэд дансгүй байх, цаашлаад түүний хамаарал бүхий этгээдэд тодорхой хориглолт, хязгаарлалт байх  ёстой гэж үзэж байгаа. АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 38.9 мянга төрийн албан хаагч байгаа. Эдгээр хүмүүст хориглолт хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тухайн албан хаагч ажлаас чөлөөлөгдөх, эрүүгийн хариуцлага хүлээхээр зохицуулж байгаа.

-УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Хамаарал бүхий этгээд гэдэгт хэчнээн хүнийг багтааж байна вэ. Хууль зүйн дэд сайдын хэлж байгаагаар 100 гаруй мянган хүн багтана гэж байна. Маш өргөн хүрээнд хамруулаад хуулийг аль ч үгүй болгочих юм биш биз дээ. Бие биенийгээ матсан зүйл газар авчихгүй юү. Өргөн хүрээг хамруулснаар хуулийн ач холбогдол байхгүй болчих вий дээ?

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Нийтийн албанд ажиллах 38.9 мянган хүн өөрөө хамаарал бүхий этгээдээ мэдүүлэх үүрэгтэй. АТГ тодорхой программ хангамжаа сайржуулах үүрэг хүлээж байгаа. Одоогоор хамаарал бүхий этгээд гэдэгт хэчнээн хүнийг багтаж байгаа талаарх тоог гаргах боломжгүй.

-Ажлын хэсэг АТГ-ын дэд дарга Нямдорж: ХОМ-ийг цаасаар авдаг байсныг цахим хэлбэрт шилжүүлж байгаа. АТГ хөрөнгө орлогоо мэдүүлдэг хүн болон хөрөнгийн асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлээд явах боломжтой. АТГ-ын ажилчдын ажлын ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.

-УИХ-ын Д.Дамба-Очир: АТГ-аас төрийн албанд ажиллах хүмүүсээс ашиг сонирхлын зөрчилтэй хэсгээс мэдүүлэг авдаг. Энэ нь маш их цаг авдаг шүү дээ. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар мэдүүлэг гаргах 38.9 мянган хүнээс гадна найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийн хүмүүсийг хамааруулахаар улам замбараагүй болох юм биш үү. АТГ бол ажлаа дийлэхгүй юм байна.

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хуулийн төслөөр хамаарал бүхий этгээдийг хамааруулж байгаа. Хүрээ өргөн байна гэж ярьж байна. Анхны өргөн барьсан хувилбарт мэдүүлэг гаргагч 38.9 мянган хүнд хамаарах байсан. Харин УИХ дээр хэлэлцэх явцад хэд хэдэн томъёолол гаргаснаас 38.9 мянган хүн болон тэдний хамаарал бүхий этгээд гэдэг дээр тогтсон.

-УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Энэ хууль нэлээд маргаан дагуулсан хууль болно. Хамаарал бүхий этгээд, ХОМ гаргагч нартай холбоотойгоор хууль хэрэгжих явцад нэлээд маргаан гарна. Энэ хуулийг гаргасны дараа  би нийгэмд буруугүй гэдгээ нотолмоор байна. Ажлын хэсгээс нэг зүйл асууя. Хууль батлагдсаны дараа оффшортой холбоотой асуудлыг судалж, өмнө нь оффшортой холбоотой хүмүүсийн нэрс холбогдоогүй, дансгүй болбол нэр төрийг нь яаж сэргээх юм бэ. Үүнийг хуульд тусгасан уу?

-Х.Нямбаатар: Тавдугаар сарын 10-наас эхлээд Монгол Улс оффшор бүсээ тогтооно. АТГ, ТЕГ, Монголбанкны удирдлагуудад хандаж нэг зүйл хэлье. Монгол Улсаас оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байна гэж яриад байна. Үүнийг эдгээр байгууллагууд хамтарч шалгаад иргэдэд үнэн зөв мэдээл өгөх хэрэгтэй байна. 10 тэрбум ам.долларын эдийн засагтай орноос 17 тэрбум ам.долларыг гадагшаа гаргасан байж болох уу. Үүнийг шалгаж эцсийн цэг тавих хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Эдийн засгаа бодсон бол энэ хууль ямарч хэрэггүй. Хуульд орсон 42 улсад данс нээх, компани, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмшихыг хориглож байна. Засгийн газраас асууя, хуульд 42 улстай  харьцаж байгаа харилцаанд өөрчлөлт орох уу. Энэ хууль хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт ямар нөлөөтэй юм бэ. Матаас л ихсэнэ гэж ярьсан Энхтүвшин даргын хэлсэнтэй санал нийлж байна.

-Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: Засгийн газрын өргөн барьсан УИХ, Байнгын хороо хэлэлцэх явцад хууль орвонгоороо эргэсэн. Дотоодын эдийн засагт сөрөг нөлөөгүй гэж бодож байна. Хуулиар тавьж байгаа гол хориглолт нь төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс нэр бүхий 42 улсад ямар нэгэн данстай байхыг хориглож байгаа юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин