Оффшор данстай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг болж, эд хөрөнгийг нь хураан авах тухай жагсаал цуглаан, иргэний хөдөлгөөнийхний хурал цугларалт өдөр алгасахгүй шахам болж байгаа эдгээр өдрүүдэд улс төрийн хүрээнд ч энэ асуудал хурцаар тавигдсаар байна. Засгийн эрхийг гартаа атгасан МАН-ын зүгээс ч оффшорчдыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа бол сөрөг хүчин АН-ынхан ч оффшор данс эзэмшигчдэд хатуу хариуцлага ноогдуулах талаар ярьж байгаа юм. Хэрэв тэдний хэлж буйгаар болдог бол МАН, АН-д байгаа олон оффшорчин зүгээр өнгөрөхгүй бололтой.

Нөгөөтэйгүүр оффшорын талаар Монголын төр, Монголын ард түмэн таньж мэдээгүй байж хууль боловсруулж, хариуцлагажуулна гэдэг юу л бол гэдэг асуудал ч гарч ирж байна. Энэ талаар оффшорын асуудлаар байгуулагдсан Ард түмний түр зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун “ Энэ хуулийг хоёр зорилготой л батлах гээд байна гэж хардаг. Нэгдүгээрт, захиалагч нь оффшорчид өөрсдөө. Хуулийн агуулгад нь “Ийм нөхдүүд энэ цагаас хойш ийм байдал гаргавал толгойг нь “тасдана” гэж орно. Мундаг заалтад нь ард түмэн хууртагдах нь тодорхой. Мэдээж хууль хэзээ ч эргэж үйлчилдэггүй. Өнөөдөр батлагдаад мөрдөгдөх ямар ч хууль өчигдөр рүү, уржигдар руу, өнгөрсөн жил рүү үйлчилдэггүй. Тийм учраас энэ хуулийг оффшорчид захиалаад байна уу гэж хардахад хүрээд байна. Хууль батлагдлаа гэхэд эргэж үйлчлэхгүй учраас өнөөдрийн оффшорчид асар их мөнгөтэйгээ сугараад л хоцорчихно. Нөгөө талаас нь ер нь Монгол Улс өөрөө оффшор бүс байвал яасан юм бэ гэх хэсэг байна. Орос, Хятадаас гадна оффшорын арал орноос мөнгөтэй хүмүүс бидэнд хандана. Гадаадын хөрөнгө оруулалт гэж харж суулгүй Монгол өөрөө тэндээсээ зээл энэ тэр аваад ёстой цэцэглээд хөгжөөд л явчихна гээд шилний цаанаас чихэр долоолгож, баясгах хэсэг бол тэд. Ингэж баяссаны дүнд “Өө яршиг, яршиг. Тэр Баярцогтыг орхиё. Баярыг, Батболдыг, Ганзоригийг, Дэлгэрсайханыг яах юм бэ. Адилхан монголчууд шүү дээ. Жаахан мөнгө аваа л биз. Бид тэрнээс арвин зоос олох гэж байгаа юм чинь мартъя. Ердөө л энэ логикоор л Оффшорын тухай хууль орж ирэх гээд л байгаа юм байна гэж харж байна” хэмээн ярьж байна. Иргэн хүний бодол ч үнэний ортой. Гэхдээ төр үүнд цэг тавья гэж үзвэл оффшорчин гэж нэрлэгдсэн хүмүүс цаашид хэрхэх вэ гэдэг сонин.
Хамгийн наад захын хүн болох С.Баярцогтоор жишээ татахад л намаасаа хөөгдөх үү, улс төрийн карьер нь үүгээр дуусгавар болох уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. АН-ын ганц чаддаг зүйл ч энэ. Нам нь ялагдах хүлээлээ. С.Баярцогт, Ч.Сайханбилэгээс л болсон. Энэ удаад ч улс төрийн залуу, чадварлаг лидерүүдээ шахаанд оруулдаг АН-ынхны хувьд оффшорын асуудлаар ард түмнээс "вазари "үнэлгээ авахын тулд С.Баярцогтыг зүгээр орхихгүй нь лавтай.
Харин МАН хийгээд бусад улстөрчдийн хамаатан садан, ах дүү нарын оффшор дансны асуудал шийдэгдэж, нэг тийш болтлоо л нар хэдэнтэй мандан, жаргах биз ээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)