Дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?
2017/04/03

Хоёрхон сарын дараа монголчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн улсын хааны суудалд залрах дараагийн хүн хэн бэ, аль намаас хэн гээч хоншоортой аавын хүү олон түмэн гишүүд, сонгогчдынхоо итгэлийг хүлээж нэрээ дэвшүүлэх вэ гэдэг асуулт энэ өдрүүдэд улс төрийн халуухан сэдэв болоод байна. Мэдээж кандидатуудын нэр аль жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Тэд харин хэдийнэ тус тусдаа хөдөлгөөн хийж, улс төрийн нүүдлээ бодож сууна. Шинэ хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН, сөрөг хүчин АН, УИХ-д ганцхан суудалтай МАХН хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Ингээд дараагийн ерөнхийлөгчийн сэнтийд горилогчид болон горьдогсдыг дурандъя.

МАН-ын ширүүн өрсөлдөөн

Хамгийн их дотоод өрсөлдөөн ихтэй, нэр дэвших боломж бүхий кандидат ч олонтой намаар эрх баригч МАН-ыг нэрлэе. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар тус намын одоогийн дарга, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тэргүүтэй ноёд ерөнхийлөгчид өрсөлдөхөөр битүүхэн горьдож байгаа аж.

М.Энхболд: Эдгээрээс ногоон гэрлээр нэр дэвших магадлалтай нэг хүн байгаа нь УИХ-ын дарга М.Энхболд. 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд намаа ялуулсан, тийм ч учраас дүрмийн дагуу Ерөнхий сайд болж улс орны ачааны хүндийг нуруундаа үүрэх ёстой байсан. Гэвч Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж, УИХ-ын дарга болсон нь Ерөнхийлөгчөд нэрээ дэвшүүлэх төлөвлөгөөтэй нь холбоотой гэж тэр үед шуугиж байв. Тийм ч биз. Гэхдээ цагийн урсгалд юмс өөрчлөгдөнө. Нэрээ дэвшүүлэхээс татгалзаж байсан нэгэн үе түүнд бий боловч сонгууль ойртохын хэрээр бодлоо өөрчилж, “өндөлзөж” эхэлсэн гэх яриа хүчтэй газар авч байна. МАН доторх хамгийн том фракцийг толгойлдог тэрбээр сонгуулийн өмнөхөн томоохон асуудалд уначихгүй л бол өрсөлдөгчгүй нэр дэвшихээр ийн бэлтгэж байна. Хэрэв тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монгол төрийн хамгийн өндөр албан тушаалуудыг бүгдийг нь хашсан хоёр дахь хүн болох юм. Өөрөөр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаярын түүхийг давтах эсэх нь тун удахгүй тодорхой болох буй за.

Ц.Нямдорж ба У.Хүрэлсүх: Харин хоёр, гурав дахь горилогчид болох Н.Нямдорж, У.Хүрэлсүх нарын хувьд хувь, хувьдаа улс төрийн тоглолт явуулж эхэлсэн гэж хэлж болно. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоос “Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?” гэж сэтгүүлч асуухад тоймтой, тодорхой хариулт өгөөгүй, Михайлд нэг бодол бий гэдэг шиг түүнд төлөвлөгөө бий биз. Улс төрчийн зангарагийн тухайд, нас намбаа бодсон ч МАН-аас улсын хаанд нэр дэвшвэл зохих ёстой кандидат гэж түүнийг үзье. Гол нь нам дотроо тэгтлээ их дэмжигч фракцгүй нь түүний сул тал болж мэднэ. Бусдаар намаасаа гараад ирсэн байхад амжилт үзүүлэх өндөр боломж түүнийх. Харин У.Хүрэлсүхийн тухайд нас залуу, цус шингэн, эр зоригтой, шийдэмгий гэдэг ганц имижтэй хүн. Ийм хүн Ерөнхийлөгчид нэр дэвших нь цаг хугацаа болоод өгөгдлийн тухайд ямар юм бол доо? Бодох л асуудал. Ямартай ч энэ хоёр ноёнтны хэн, хэн нь  намдаа том фракцгүй ч гэлээ нөлөө бүхий бүлэгтэй бас дэмжигчидтэй улс. Улс төрд олон жил байсан тэдэнд Ерөнхийлөгч болох дайны амбиц байх нь мэдээж. Тэдний хүмүүс МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаар тодрох Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн нэрийг тодруулахад тодорхой хэмжээний хуваагдал үүсгэх чадалтай гэсэн үг юм. Гэхдээ М.Энхболд ба түүний эргэн тойрныхныг давж гарах нь юу л бол. МАН-ынхан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэх мэт гурван албан тушаалыг бүгдийг нь авах маш их хүсэлтэй байгаа. Эрх барьсан шиг л баръя гэсэн төлөвлөгөө тэдэнд бий.

АН-ын “томчуудын” цусгүй тулаан

АН-ынхан аль хоёр сарын өмнөөс Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөөх дайныг эхлүүлсэн. Ер нь энэ нас өнгөрсөн сонгуулийн их ялагдлын “шоок”-ноосоо гарч чадаагүй яваа гэж болно. Өвлийн турш намын шинэчлэл гэж хэсэг доргисон бол өнгөрсөн өдрүүдэд намын дотоод сонгууль гэж УИХ-ын сонгуулийн дайны ширүүхэн юм болсон. Энэ хэрээр тус намын дотоод өрсөлдөөн цусгүй дайны түвшний ширүүн юм болж байгаа гэсэн үг.

Н.Алтанхуяг ба З.Энхболд: АН-аас анхлан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн. Гэвч “Шонхор” фракцийн С.Эрдэнэ намын даргын тамгыг атгасан учраас түүнд нэр дэвшихэд илүү хүндрэлтэй болсон гэж болно. С.Эрдэнийн эрх мэдэл нэмэгдсэн учраас бусад фракцийнхны боломж улам л хумигдаж байна гэсэн үг. Тэрбээр өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ дуулгасан. Учир нь саяхан болж өнгөрсөн намын даргын сонгуульд хамтарсан “баг”-ийнхандаа өгсөн ам нь саад болж байгаа. Тийм учраас түүнийг бүхий л аргаараа дэмжиж намын дарга болгосон УИХ-ын дарга асан З.Энхболдыг нэр дэвшиж магадгүй гэж үзэж байсан ч тэрбээр нэрээ дэвшүүлэхгүй зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амрахаар болсон гэдгээ мэдэгдсэн билээ.

Г.Батхүү ба Х.Баттулга С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёрын тухайд ийм байж. Нөгөө жигүүрт Г.Батхүү, Х.Баттулга гэсэн хоёр том “толгой” өөд өөдөөсөө хараад сууж буй. Эртний өст андууд гэдэг шиг аль өнгөрсөн засагт нам нь эрх барьж байхад л эгээ сөрөг намын өрсөлдөгчид аятай бие бие рүүгээ сум шидэж, далд дайн эхлүүлсэн энэ хоёр эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хамгийн их амбицтай байгаа улс. Г.Батхүүгийн тухайд хүчтэй фракцтайн дээр улс төрд төдийгөөс өдий хүртэл явсан, одоо нэг улсын хааны суудалд үзээд алдахад юу нь буруу гэж гэсэн бодолтой яваа. Х.Баттулгын тухайд харин цэвэр орших уу, эс орших уу гэдгээ шийдэх эгзэгтэй цэг ч байж болно. Хэдэн жилийн өмнө бол улсын хаан бүү хэл улсын баатар, хайртай ханхүүгийн байр сууринд байсан энэ эр бизнес, улс төрийг хэт хольж хутган, төрийн яамыг хувийн компани шигээ үзэн дураараа аашилснаасаа болж алтан сайхан нэр хүндээ шавар шалбаагтай хутгасан. Гэвч энэ өдрүүдэд намаасаа л гарч чадвал ард түмэн намайг хайрласан хэвээр байгаа гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй байгаа гэнэ лээ.

Э.Бат-Үүл ба Р.Амаржаргал: Улсын баатар Э.Бат-Үүлийн тухайд мөн л дараагийн Ерөнхийлөгч байж болохоор сайн хүү гэдэг хүлээлт, итгэлийг ар түмнээсээ авч, мандан бадарч явсан өдрүүд бий. Гэвч гайт С.Зоригийн хэрэг болон хотын мээр байхад нь хүү Б.Чулуудайгийнх нь бужигнуулсан хэрэг түүнд маш том саад тээгийг тавина. Тиймээс чимээгүйхэн сэтгэлийн амар амгалангаа эдэлж суусан нь өлзийтэй болов уу. Харин Р.Амаржаргалын тухайд ёстой ханцуй шамалсан байгаа гэнэ лээ. Тэр бол яах аргагүй ард түмний хайртай хүү. Гэвч нам дотроо ёстой “явахгүй” шүү дээ. Ядаж байхад өнгөрсөн засагт байхдаа сайн дураараа ажлаа өгч, намаасаа “зугтаж” гарсан толбо түүх бий. Харин намаасаа гарч чадаж гэмээнэ магадлал өндөр байж болно. Эдгээр ноёдоос магад С.Эрдэнэ вантай үг хэлээ ололцож, тохироогоо хийж чадвал Ерөнхийлөгчид өрсөлдөх эрх олж авч мэдэх л юм. Г.Батхүү, Х.Баттулга нарын хувьд С.Эрдэнэтэй сүрхий сүлбэлддэггүй ч мөнгөтэй хүмүүс учраас мөнгөөрөө юуг ч  худалдаж авч мэднэ. Ямартай ч ядарч яваа энэ үедээ АН-ынхан тун чухал, зөв хүнээ Ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй бол ирэх жилүүд энэ намд илүү л хүнд тусах болно. Засгийн газар нь муу ажиллаж эдийн засгаа ч сэргээж чадахгүй байгаа гэх шүүмжлэлтэй тулгараад буй эрх баригчдын унаж буй нэр хүндийг АН-ынхан овжиноор ашиглаж чадах эсэх нь энэ л сонгуулиас шалтгаална даа.

МАХН-ын ганц “дайчин”

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших азын шоог намдаа авчирсан О.Баасанхүү гишүүний буянаар МАХН-аас хэн нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Харин тэр хүн нь өрсөлдөгчгүй  Н.Энхбаяр байх нь тодорхой. Түүний хувьд оффшорын асуудлыг овжиноор ашиглаж талбай дээр болсон жагсаалд оролцон иргэдээс “базари” үнэлгээ авч явж харагдана лээ. Хэдий тэрбээр намдаа өрсөлдөгчгүй ч түүнийг нэр дэвшүүлэхгүй байх улс төрийн хүчнүүд, зарим улс төрчийн сонирхол бий. Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа дууссан, дуусаагүй гэх маргаан одоо чүргэлжилсээр л байгаа. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвших хүн гадаад улсад тодорхой хугацаанд оршин суугаагүй байх ёстой гэх. Харамсалтай нь Н.Энхбаярын хувьд БНСУ-д эмчилгээ хийлгэж багагүй хугацааг үдсэн. Энэ бүх шалтгаанаар түүнийг хэрвээ нэр дэвшүүлэхгүй гэвэл оронд нь нэр дэвшихээр өөрийгөө бэлтгэж байгаа хүмүүс МАХН дотор бий л биз.

Горьдогчид ба бусад

БНН-ын дарга Б.Жаргалсайханаас эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр горьдож буй олон хүн бий. Ялангуяа сүүлийн үед толгой, хүзүүгүй сүлбэлдээд буй УИХ-ын гишүүн С.Жавхлан Г.Уянга нар юу төлөвлөж байгааг хэлэхэд эрт ч Ерөнхийлөгчийн сонгуульд горьдож буй нь аль хэдийнэ тодорхой болсон. Энэ хоёрын нэгдэл чухам ямар зорилготой гэдгийг улс төрчид “уншчихсан”. Г.Уянгын нам бол үнэн хэрэгтээ “Женко” Х.Баттулгынх. Харин С.Жавхлан УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой их ойр гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэднэ. Тэгэхээр С.Жавхлан Г.Уянгын намд элсчихвал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй улс төрийн дөрөв дэхь хүчин төрж мэднэ. Хэрэв ингэсэн тохиолдолд С.Жавхлан Г.Уянга нар Х.Баттулга эсвэл Ц.Нямдоржийг нэр дэвшүүлэх дүр зураг харагдаад байгаа юм. Х.Баттулгын хувьд эрүүгийн хэрэг үүсгэгдэн, шүүхээр шийдэгдэх бараг дөхсөн. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудал хол байж мэднэ. Харин Ц.Нямдорж зүтгээд үзэж мэднэ. Гэхдээ эрх баригчид тэдэнд шинэ хуулиар хориг тавьж мэдэх юм.

Өнөөдрийн байдлаар ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид, ерөнхий хар зураг нэг иймэрхүү. Зургаадугаар сарын 26-нд чухам хэн гээч аавын хүүг улсынхаа хаанаар өргөмжилж алга ташин зогсохыг ёстой тэр өдрийн тэнгэр болоод манай мэргэн ардын сонголт мэдэж дээ.

Бэлтгэсэн Д.Ундрах

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (12)

  • Зочин
    Buyan Jagaa garaasai.Ene hun shig uls tor ediin zasag shinjleh uhaanii medlegtei hun Mongold baitugai delhiid hovor.Ta bol aguushuu
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • ЗОЧИН
    ГОМО МӨНХӨӨ ГЭЖ
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • mongol
    mongolchuudyn amny xishig baragdaagyi bolNyamdorj ene xun l arai tsegtslene dee oor songolt baikhgyi dee
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • mongol
    mongolchuudyn amny xishig baragdaagyi bolNyamdorj ene xun l arai tsegtslene dee oor songolt baikhgyi dee
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • mongol
    mongolchuudyn amny xishig baragdaagyi bolNyamdorj ene xun l arai tsegtslene dee oor songolt baikhgyi dee
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Montag
    Buyngiin Jagaa eronhiilogch boloosoi gej husdeg shuu!!!
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Zochin
    Shal hotsrogdson, , tetgevriin nas n bolchihson, 2 muuhai uvgunuur yah gd bgn?!
    2017 оны 04 сарын 03
  • Aagii
    Хүрэлсүх нас нь арай хүрэхгүй байхаа. Уг нь зоригтой дайчин, шийдэмгий залуу шүү. Дараагийн сонгуульд өрсөлдөх нь зүйтэй байхаа...
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Zochin
    Buyan Jagaa yumuu Altanhuyag
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Zochin
      Shal hotsrogdson, , tetgevriin nas n bolchihson, 2 muuhai uvgunuur yah gd bgn?!
      2017 оны 04 сарын 03
  • Иргэн
    М.Энхболд болно.
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • b
    bosoo ganbaa devshuul gariishdee
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин
    нямдорж дэвшвэл шууд гаргхан тодорхой ш дээ
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
Сонин хачин