Амьдралдаа нэг удаа ч гэсэн аз жаргалаас болж цочирдож, шоконд орж байгаагүй хүн гэж үгүй болов уу. “Аз жаргалын ШОК” инээдмийн уран сайхны кино эхнэр нөхөр хоёрын хоорондын харилцааны тухай өгүүлдэг. Гэр бүлийн амьдрал дунд тулгарах олон олон саад бэрхшээлийн зурвасхан хэсгийг энд харуулж хэрхэн даван туулж буйг тун сонирхол татам хэлбэрээр гаргажээ. Хэзээ ч бие биенээ ойлгохгүй мэт байсан эхнэр нөхөр хоёрын оюун санаа бие биенийхээ биед солигдон орсноор сонирхолтой адал явдал үргэлжилнэ. Хайртай хүнийхээ биед амьдарч, хийдэг ажлыг нь хийх үед сая л нэг хэцүүг нь ойлгож ухаарч, хайрлаж байгаа нь киноны тайлал. Кино эхлэхээс дуусах хүртэл нэг ч хормыг алдалгүй тооцоолон нарийн мэдрэмжтэй хандсан залуу найруулагч Б.Тамирын ур ухаан энэ салбарт чамгүй авъяаслаг болохыг нь харууллаа. Мэдээж та ч гэсэн “Аз жаргалын ШОК”-ийг мэдрэхийг хүсвэл кино театрыг зорих нь дамжиггүй.
Ингээд тус киноны уран бүтээлчдийн баярын сэтгэгдлийг хуваалцсанаа та бүхэнд хүргье.
Ерөнхий найруулагч, жүжигчин Б.Тамир:

-Анхны уран бүтээлээ амжилттай хийсэнд баяр хүргье?
-Баярлалаа. Анхны уран бүтээлээ сая нээлээ. Нэлээн “бэлбэгнэж бэлбэгнэж” нээлээ. Ямар болсныг үзэгчид шийдэх биз ээ. Хамгийн түрүүнд өнөөдөр шинэ уран бүтээл нээж байгаа нийт уран бүтээлчиддээ бүтээл төрсөн өдрийн мэнд хүргье. Мөн бидэнтэй хамтарч ажилласан F студийн хамт олон, тус кинон дээр ажилласан бүх уран бүтээлчдэдээ дахин дахин баярын мэнд хүргье. Үнэхээр сайхан байна.
-Энэ киног хийхэд хамгийн гол бэрхшээлтэй зүйл нь юу байв?
-Амархан зүйл гэж ер нь байхгүй. Миний бодлоор кино сайн болох эсэх нь уран бүтээлчид бүгд яг нэгэн уулын оргил руу харах юм болов уу. Найруулагч, гол дүр, туслах дүр, гэрлийн техникч бүх туслахууд бүгд нэгэн чигт бөөнөөрөө харж, сэтгэл нэгдэн хөдөлж байж бүтээл сайн болдог гэж бодож байна.
-Ерөнхийдөө анх кино хийхэд зорьж байсан тэр зорилгодоо ер нь хэдэн хувь хүрсэн гэж бодож байна?
-За, 60 хувь гэх юмуу даа.
-Дараагийн уран бүтээл мэдээж төлөвлөж байгаа байх. Тамираа ингээд шууд найруулагч болж “урваж” байна уу?
-Мэдээж жүжигчнээ хийнэ. Хажуугаар нь кино найруулга гэдэг миний сонирхол, хүсэл мөрөөдөл юм чинь хийнэ, зогсоно гэж байхгүй. Энэ удаагийнх инээдмийн кино байсан бол дараа нь action drama хийх сонирхолтой байгаа. Зохиол дээрээ сууж байгаа. Драмын театртаа “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжигт тоглож байна. Киноныхоо нээлтийн дараа орой тоглолттой. Мөн бас театрт маань 7 жүжгийн төсөл орж ирж байгаа. Нэг жүжигт нь тоглоно.
Жүжигчин М.Баярбат:

-“Хэцүү анги”-ийн гол дүрийн тав нэг дор цугласан нь олны сонирхлыг их татаж байна шүү?
-Манай кино инээдмийн төрлийн кино байгаа. Энэхүү кино маань “Fantastic” продакшны хоёр дахь дэлгэцийн уран бүтээл. Анхных нь Эрдэнэтийн 35 жилийн ойд зориулсан “Дурсамж төгсгөл үгүй” гэдэг кино байсан. Манай шинэ кинонд “Хэцүү анги”-ийн гол дүрийн таван залуус тоглосон байгаа. Нэг үед гарч ирсэн залуу үеийн жүжигчид гэдэг утгаараа шинэ уран бүтээлд хүч сорилоо. Киноны санааг хүн болгон өөр өөрийнхөөрөө л ойлгох байх. Ямар ч байсан залуу гэр бүлүүдэд маш хэрэгтэй сэдвээр хийсэн байгаа.
УДЭТ-ын залуу жүжигчин Б.Одончимэг:
-Таны дүр үзэгчдэд их таалагдаж байгаа нь илт байна шүү. Баяр хүргье?
-Баярлалаа. Өнөөдөр би маш их түгшиж, айж байлаа. Үзэгчдийн сэтгэлд хүрсэнд их баяртай байна. Мэдээж энэ бол бид нарын хувьд дөнгөж эхлэл. Цаашлаад манай залуусыг гэрэлт ирээдүй хүлээж байна.
-Таны гаргах дүрийн хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байв?
-Эхнээсээ авахуулаад маш их бэрхшээлтэй байсан. Гэхдээ яг гадаад төрхөөрөө биш дотоод сэтгэлээрээ эр хүний дүрд хувирна гэдэг надад маш эвгүй, түгшүүртэй байлаа. Найруулагч бас найз маань болох Тамираатайгаа, Баяраатайгаа ярилцаж байж энэний ард гарлаа даа.
-Шинэ залуу жүжигчин гэнэт гарч ирж байгаа юм шиг байсан чинь үзэгчид таны зарим дүрүүдийг санаж байна билээ?
-Энэ удаагийн уран бүтээл бол миний анхны гол дүрийн уран бүтээл. Би өмнө нь “Цасан охин”, “Намрын синдром” киноны туслах дүрүүдэд ажиллаж байсан. Одоо бол УДЭТ-т ажиллаж байна даа.
Б.Ундрал
Сэтгэгдэл байхгүй байна